Үйл явдал
Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ багийн багш, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Хөдөлмөрийн баатар цолыг:
Монгол Улсад орчин цагийн биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан, “Парис-2024” зуны паралимпын наадмын паратаеквондогийн төрөлд алтан медаль хүртэж, гарамгай амжилт гарган, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжавт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Гавьяат тамирчин цолыг:
- Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Бавуудоржийн Баасанхүү,
- Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт Цэгмэдийн Баттулга,
Гавьяат дасгалжуулагч цолыг:
- Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Наранчимэгийн Эрдэнэбаатар,
- Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Доржжанцангийн Батнасан,
- Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашдэндэвийн Махашири,
Сүхбаатарын одонгоор:
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,”Парис-2024″ паралимпын наадмын мөнгөн медальт Энхбаярын Содномпилжээ,
- Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт Ганбатын Болор-Эрдэнэ,
- Гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашийн Баттулга,
- Гавьяат тамирчин, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Мөнхбаатарын Бундмаа,
- Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даваагийн Нямхүү,
- Гавьяат тамирчин, Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цэрэнгийн Раднаа,
Алтан гадас одонгоор:
- Үндэсний шигшээ багийн тамирчин, Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Хүрэлийн Номуун нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.




Үйл явдал
МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИАТ компанийн нислэгийн тийзийг Toki апп-р дамжуулан дижиталаар хялбар захиалах үйлчилгээ албан ёсоор нээгдлээ.
2026 онд МИАТ ТӨХК-иар үйлчлүүлэх зорчигчдын тоо 1.2 сая хүрэх төлөвтэй байгаа бөгөөд цаашид энэ тоо тогтмол өсөх хандлагатай байна. Зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тийзийг илүү хурдан, түргэн шуурхай захиалах дижитал шийдлийн хэрэгцээ өссөөр байгаа юм. Иймд МИАТ компани хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Toki супер аппликейшнтэй хамтран, үйлчилгээгээ иргэдэд улам бүр ойртуулж байна.
Тодруулбал, хэрэглэгчид Toki апп-ын “Олон улс” цэснээс МИАТ компанийн бүх чиглэлийн нислэгийн хуваарь, үнийн мэдээллийг цаг алдалгүй харан, тийзээ захиалахаас гадна зээлийн үйлчилгээ ашиглан худалдан авах боломжтой боллоо.
Цаашид талууд гадаад руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нислэгийн лояалти (loyalty) оноог Toki апп дотроосоо зарцуулах, тийзээ хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах зэрэг олон давуу талуудыг шат дараатайгаар нэвтрүүлэхээр ярилцав.

Арга хэмжээний үеэр Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “Иргэний агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан МИАТ компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хялбар шуурхай хүргэхэд Юнител групп технологийн найдвартай хамтрагчаар ажиллахдаа таатай байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад, Toki апп-н төлбөр төлөлт, зогсоол, хэрэглээний төлбөр, онлайн дэлгүүр, powerbank түрээс, family зэрэг үйлчилгээг өдөр тутамд 1 сая гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд энэ жил гадаадад зорчих иргэдэд зориулж олон улсад такси дуудах, төлбөрөө Toki-р төлөх зэрэг олон улсын цогц үйлчилгээнүүдээ нэвтрүүлсэн байна.
Үйл явдал
“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн. Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та И-Монголиа, и-засаг цахим системээр саналаа өгөөрэй.
Нээлттэй санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал ард иргэддээ хандаж, хэлсэн үгтэй танилцана уу.
Үйл явдал
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой хүртэл 0.9 км автозам барьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажиллалаа.
Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай хатуу хучилттай автозам барьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Зам ашиглалтад орсноор Санзайн авто замаас Майхан толгой хүртэлх хэсгийн авто замын хүртээмж сайжирна. Мөн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдах бөгөөд тоосжилт буурах юм. Замын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд замын зураг төсөл, төлөвлөлтөд онцгой ач холбогдол өгч, ус зайлуулах хоолой, явган болон дугуйн зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, орц, гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж ажлыг гүйцэтгэх ёстойг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.


-
Тод зураг2020/05/20
COVID-19: Цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад өгөх зөвлөгөө
-
Дэлхий нийтээр..2023/10/17
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зарим хэсгийн зорчих хөдөлгөөнийг түр хя...
-
Үйл явдал2021/01/29
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
-
Үйл явдал2025/09/17
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

