Дэлхий нийтээр..
Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX дахь удаагийн тэмцээн”-ийг “Буянт-Ухаа” спорт ордонд маргааш буюу есдүгээр сарын 20-нд зохион байгуулахаар боллоо.
НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээн нь хүүхэд, өсвөр үе, залуучууд, иргэдийг бүжгийн спортоор дамжуулан төлөвшүүлэх, гоо зүйн мэдлэг олгох, хамт олонч байдал, багаар ажиллах болон тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой.
Мөн энэхүү тэмцээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубын тамирчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч оролцох боломжтой. Тодруулбал, тэмцээн дараах үе шаттай болно.
- Хүүхэд нас /1/: 9 болон түүнээс доош нас
- Хүүхэд нас /2/: 10-11 нас
- Өсвөр нас /1/: 12-13 нас
- Өсвөр нас /2/: 14-15 нас
- Залуучууд: 16-18 нас
- Насанд хүрэгчид: 19-с дээш нас
- Сеньор: 35-с дээш нас
Тэмцээнийг Монголын бүжгийн спортын холбооны дүрмийн дагуу, скейтинг системийг ашиглан шүүх бөгөөд Тэмцээний ангилал тус бүрд финалистуудыг шалгаруулан медаль, өргөмжлөл гардуулна. Мөн энэ удаагийн “Улаанбаатар хотын бүжгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг Дэлхийн бүжгийн спортын холбооны А зэрэглэлийн шүүгчид шүүх юм. Тухайлбал, БНХАУ-ын улсын шүүгч Марко Лю, БНСВУ-ын улсын шүүгч Хана Тү Транг, ОХУ-ын Буриад улсын бүжгийн спортын холбооны тэргүүн, шүүлтийн системийн мэргэжилтэн Александр Зубенко нар шүүнэ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
