Тод мэдээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламент 2.0 “Гурван төгөлдөршил”-ийн талаар танилцууллаа

Улсын Их Хурлын ээлжит 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаараа ирэх дөрвөн жилд хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллана гэдэг үзэл баримтлалаа зарласан билээ.
Улсын Их Хурал хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх Үндсэн хуулийн эрхэм зорилгод тулгуурлан "Гурван төгөлдөршил"-ийг бий болгох ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд тус шинэчлэл болон Улсын Их Хурлын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөний төслийг танилцуулах Парламент 2.0 "Гурван төгөлдөршил" хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус нийт 36 байгууллагыг төлөөлж 600 гаруй хүн оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Парламент 2.0 "Гурван төгөлдөршил" сэдвээр илтгэл танилцууллаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүн парламентад сонгогдож, таван нам, эвсэл УИХ-д төлөөллөө илгээж чадсан нь олон ургалч үзлийг дэлгэрүүлж, ардчиллын зарчмыг хангаж буйг тодотгосон.
Тэрбээр УИХ-аас батлагдан гарч буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн байх бөгөөд цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэгддэг байх зарчмыг УИХ баримтлан ажиллана гэдгийг тодотгосон. Хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлоход "Гурван төгөлдөршил"-ийн зорилго оршиж буйг УИХ-ын дарга онцолж байлаа.
УИХ-ын дарга хуулиуд хүн төвтэй болсноор төр нь иргэдийнхээ төлөө ажиллаж, иргэдийн өдөр тутмын амьдралыг хааж боох бус дэмжин туслан, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, эрхийг бодитоор эдлүүлэх боломж бүрдэнэ хэмээсэн.
Түүнчлэн хуулийн зохицуулалтын хэрэгцээ, шаардлага үүсч буй асуудлыг тандан судлах, мэдээллээр тогтмол хангахад судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжил, технологийн дэвшлээс үүдэлтэй шинэ тутам бий болж буй харилцааг хуулиар цаг алдалгүй зохицуулна гэлээ.
Дээрх хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийхээр УИХ-ын даргын захирамжаар 54 ажлын хэсэг байгуулагдаад буй бөгөөд эдгээр ажлын хэсгийн 19 нь УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганаар боловсруулсан хуулийн төсөл, санал дүгнэлтээ танилцуулан хэлэлцүүлнэ гэсэн мэдээллийг УИХ-ын дарга өгсөн юм.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төслийн талаар танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.
-
Тод мэдээ2021/04/22
Ноосны урамшууллын систем 2021 оноос эхлэн малчдын цахим бүртгэлд үндэслэгдэхээр...
-
Тод мэдээ2023/05/02
МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Өнөөдөр2023/09/11
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Өнөөдөр2025/02/10
"Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа