Хэн юу хэлэв...
Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна
Арилжааны банкууд картын системийг анх нэвтрүүлэхэд иргэд карттай хэрнээ ATM-д дугаарлаж, бэлэн мөнгө авдаг байсан үе саяхан. Тэгвэл өнөөдөр технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад цахим гарын үсгийн хэрэглээ олон улсад хүчээ авч байна. Ялангуяа, хойд Америк, Европ, Ази-Номхон далайн бүс түүчээлж буй. Харин Монголд насанд хүрсэн иргэдийн 50 гаруй хувь нь цахим гарын үсэгтэй хэрнээ хэрэглэдэггүй.
Өөрөөр хэлбэл, 1.2 сая иргэн цахим гарын үсгээ ашиглах арга барилаа нэг л олохгүй байна. Мөн техник технологийн дэд бүтэц хангалтгүй, хуулийн хүрээнд гарсан олон журам хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зэрэг асуудлууд хөндөгдөнө.Дээрх асуудлыг хэлэлцэхээр “Шийдэлтэй уулзалт-Цахим гарын үсэг” хэлэлцүүлгийг аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Яамдын тоон гарын үсгийн хэрэглээ, дэд бүтцийг сайжруулахаар хууль эрх зүйн орчныг өөрчлөх, дүрэм журмын тоог цөөлж, оновчтой болгох, олон улсад мөрдөж буй стандартуудыг дотоодын дүрэм журамд тусгахыг зорьж байгаа. Мөн цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манлайлна” гэдгээ уулзалтын үеэр онцлов.
Уг нь тоон гарын үсгийг төрийн худалдан авах болон албан хэрэг хөтлөлтийн систем, тусгай зөвшөөрлийн хүсэлт зэрэг цахимаар үзүүлж буй үйлчилгээнд нэгтгэжээ. Гэтэл цахим гарын үсгийг egazar.mn, tender.gov.mn, ndaatgal.mn, immigration.gov.mn, docx.gov.mn сайтад л ашиглаж байна. Хувийн хэвшлүүд тендерт орохдоо л тоон гарын үсгийг ашигладаг гэв.
Иймд тоон гарын үсгийг хэрэглээг хэвшүүлэх үүднээс төр өөрөө манлайлж, “Цаасгүй засаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд яамд хоорондоо цахимаар бичиг баримт солилцож эхлэв.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн Э.Балдансамбуу “Цахим гарын үсгийг гар утсаараа ашиглах, иргэдийн хэрэглээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр иргэд зээл, банкны үйлчилгээг утсаараа авдаг шиг цахим гарын үсгээ ашиглаад сошиал орчинд бизнес хийх, гэрээ байгуулах боломжтой. Мөн бусад системтэй холбож, цахим гарын үсгийг эргэлтэд оруулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх асуудал ч хөндөгдөнө” гэж ярьлаа.
Монгол Улс Цахим газрын үсгийн тухай хуулийг 2011 онд баталж, 2015 оноос аж ахуйн нэгжүүдэд олгож эхэлсэн. Хэрэглээг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр УИХ-аас тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны намрын чуулганаар баталж, эрх зүйн орчныг шинэчилжээ. Гэвч тус хуулийг дагаж гарсан олон дүрэм, журам хоорондоо уялдахгүй, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа талаар МонПасс СА ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Ану хэллээ. Тэрбээр “Засгийн газар болон бусад зохицуулагч байгууллагууд өөр өөр дүрэм журамтай байдаг. Эдгээрийн уялдаа холбоог хангахгүй бол хэрэглэгчид төөрөлдөж байна. Улмаар уламжлалт гарын үсгээ хэрэглэхэд хүргэж байна” гэдгийг “Шийдэлтэй уулзалт”-ын үеэр ярьлаа.
Банк, санхүүгийн байгуулагуудад цахим гарын үсгийг хэрэглэх нөхцөл бүрдсэн. Гэтэл Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо цаасан баримт бичгийг шаарддаг хэвээрээ. Энэ мэт үйл ажиллагааг цахимжуулж, цахим гарын үсгийн хэрэглээг бодит зүйлд нэвтрүүлэхийг хэлэлцүүлэгт оролцогчид хэллээ.
Мөн цахим гарын үсгээр үйлдсэн гэрээ шүүхийн өмнө хүчин төгөлдөр үү гэдэг асуудал бий. Өнөөгийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчны хүрээнд Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд дээрх асуудлыг тусгах шаардлагатай байгаа юм. Ингэснээр цахим гарын үсэг шүүхийн байгууллагын өмнө баталгаатай байх нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн цахим хувилбарыг хэрхэн архивлах асуудал ч судлагдаж байна гэж ЦХИХХ-наас мэдээллээ.
Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
-
Дэлхий нийтээр..2023/11/09
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Говь-Алтай аймагт хавсарсан хүнд гэмтэлтэй өвчтөнд...
-
Үйл явдал2021/05/11
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2023/05/18
Улсын гуравдугаар төв эмнэлэг Америкийн эмч нартай хамтран ажиллаж байна
-
Дэлхий нийтээр..2020/10/23
Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлнэ
