Хэн юу хэлэв...
Д.Отгонжаргал: Цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд зөрчлийн тухай хууль үйлчлэхгүй
2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан.
Энэ хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын Их хурлаас 107 дугаар тогтоолыг гаргаж Засгийн газарт чиглэл хүргүүлсэн. Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 6.30 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох шийтгэл цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд хамаарахгүй байхаар зохицуулах чиглэлийг хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл цахим платформд бүртгэлтэй хувийн такси үйлчилгээ эрхлэгч иргэн зөрчлийн хуулиар торгуулахгүй гэдгийг нийтийн тээврийн бодлогын газраас хэлж байна. Албан бус тоогоор 25 мянга орчим хувийн такси үйлчилгээ эрхлэгч иргэн цахим платформд бүртгүүлжээ.
2023 оны 12 дугаар сард батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд зааснаар зөвхөн хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэхээс гадна нийслэлийн тээврийн асуудал хариуцсан байгууллага буюу нийтийн тээврийн бодлогын газраас такси үйлчилгээнд хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Өөрөөр хэлбэл хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэх хүсэлтээ нийтийн тээврийн бодлогын газарт ирүүлж, ирүүлсэн баримтыг нягталсны үндсэн дээр нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох юм. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн бодлогын газарт хүсэлтээ илгээж, зөвшөөрөл авсан таван аж ахуй нэгж байна. Эдгээр такси үйлчилгээ эрхлэгчид нь MNS 5122:2013 такси үйлчилгээний стандартад заасан
- Такси үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон;
- Техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн тээврийн хэрэгсэлтэй;
- Такси үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай;
- Техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх;
- Автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн;
- Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан;
- Автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй;
- Татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон;
- Жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх;
- Жолооны зөв хүрдтэй байх гэсэн шаардлагыг хангажээ.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2022/11/03
ЗГ: 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, 1,2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүл...
-
Дэлхий нийтээр..2023/09/08
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНФУ-ын “Орано групп”-ийн...
-
Хэн юу хэлэв...2020/08/14
У.Хүрэлсүх: Иргэдээ татаж авах чиглэлээр БНСУ-тай цаашид ч нягт хамтран ажиллана...
-
Дэлхий нийтээр..2022/08/17
Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх замд хучилт хийлээ
