Үйл явдал
БНИУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккарретаг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон Итали улсын төрийн өмчит “Леонардо” компанийн Зүүн Хойд Ази, далайн бүс нутаг дахь Бизнесийн хөгжлийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Ан жело Чеккини тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд БНИУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаррэтад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буйд талархал илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хооронд 2022 оноос хойш яригдаж буй хэлэлцээрийг байгуулах ажилд онцгой анхаарал хандуулж, Малайз улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдсан “ICAN 2024” Агаарын хэлэлцээрийн үйл ажиллагааны үеэр Агаарын харилцааны тухай хэлэлцээр болон хамтран ажиллах санамж бичиг үзэглэх ажлыг зохион байгуулсанд онцгойлон талархал илэрхийлэв.
Ирэх 2025 онд Монгол Улс, Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. Уг ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр улсын хооронд хийх өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурах саналтай байгаагаа хэллээ.
Талууд уулзалтаар БНИУ-ын иргэний нисэхийн чиглэлээр шинээр нэвтрүүлж буй шилдэг техник, технологийн сургалт, туршилтыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Энэ хүрээнд дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, Итали болон Их Британи, Польш, АНУ-ын аж үйлдвэрийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Леонардо” компанийн танилцуулгыг сонссон юм.
“Леонардо” компани нь 1950-иад оноос хойш нисдэг тэрэг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааны хувьд сансар огторгуй, батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр техник технологи үйлдвэрлэдэг грүпп гэдгийг төлөөлөгчид нь онцолж байлаа. Ялангуяа нисэхийн салбарт өргөн хэрэглэгддэг олон үйлдэлт радар, агаарын IRST мэдрэгч, газар, далай, агаарын хэрэглээнд зориулсан IFF систем зэрэг хамгийн сүүлийн үеийн технологийг санал болгож буй технологийн компани юм.
Уулзалтын төгсгөлд, хоёр улсын агаарын тээвэр, нисэхийн салбарт хамтран ажиллах, тэр дундаа агаарын навигацийн техник, тоног төхөөрөмжийг нислэгийн хөдөлгөөний удирдлагад нэвтрүүлэх, агаарын зайн зохион байгуулалт, агаарын зайн хяналтын технологийн чиглэлээр хамтран ажиллах тухай боломжуудыг хэлэлцлээ. Мөн Итали улсын “Леонардо” компанийн удирдлагууд үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаатай танилцах урилгыг хүргүүлж, Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт хэрэглэгдэж буй тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй танилцах хүсэлтээ илэрхийллээ.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррета болон уулзалтад оролцсон төлөөлөгчдөд ажил хэрэгч санал солилцсонд талархал илэрхийлээд, агаарын тээвэр, авто замын салбарт хамтран ажиллахад бид бүхэн үргэлж нээлттэй байх болно гэлээ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Үйл явдал
Агаарын тээврийн зорчигчдын тоо эхний хагас жилд 1.2 саяд хүрчээ
2026 оны эхний хагас жилд агаарын тээврээр 1.2 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 82.8 мянга буюу 8.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийт зорчигчийн 948.4 мянга буюу 82.5 хувь нь олон улсын, 201.7 мянга буюу 17.5 хувь нь орон нутгийн нислэгээр зорчжээ.
Олон улсын нислэгийн зорчигчдын тоогоор Улаанбаатар–Сөүл чиглэл тэргүүлж, 299.3 мянган хүн буюу нийт олон улсын зорчигчдын 31.6 хувийг эзэлсэн байна. Үүний дараа Бээжин чиглэлд 153.5 мянга, Токио чиглэлд 82.7 мянга, Истанбул чиглэлд 64.5 мянга, Хонгконг чиглэлд 51.7 мянган зорчигч зорчжээ.
Харин орон нутгийн нислэгийн зорчигчдын 81.6 хувь буюу 164.6 мянга нь Улаанбаатар–Оюутолгой чиглэлд зорчсон байна. Мөн Ховд, Өлгий, Мөрөн, Улиастай, Даланзадгад чиглэлүүд орон нутгийн хамгийн ачаалалтай нислэгүүдэд багтжээ.


Үйл явдал
Хуулиас давсан 83 дүрэм, журмыг хүчингүй болгожээ
Хууль зүй, дотоод хэргийн яам хуулиас давсан дүрэм, журмыг цэгцлэх, хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, ажлын явцыг хэлэлцэн холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгчээ. Мөн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрүүдийг салбар бүрээр нь судалж, хууль тогтоомжид нийцүүлэх зөвлөмж, удирдамж бүхий албан бичгийг 131 байгууллагад хүргүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 30 байгууллагын 83 дүрэм, журмыг хүчингүй болгож, хуульд нийцүүлжээ. Мөн 12 байгууллагын 28 дүрэм, журмыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа аж.
Түүнчлэн бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах, хуульд заагаагүй хязгаарлалтыг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилгоор бизнесийн үйл ажиллагааг зохицуулсан хууль, дүрэм, журамд судалгаа, дүн шинжилгээ хийж, бизнесийн орчинд үзүүлэх нөлөөллийг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран үнэлж эхэлжээ.
Мөн төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах, тогтолцоог оновчтой болгох хүрээнд хийсэн судалгааны дүнг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлсэн байна. Цаашид Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй 138 байгууллагын 2723 шийдвэрт дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яам мэдээллээ.
Үйл явдал
COP-17: Газрын тогтвортой менежментэд хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэв
-
Үйл явдал2024/09/16
Ил задгай хүнсний худалдаа, явуулын хоолны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж б...
-
Хэн юу хэлэв...2024/04/22
Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу ам...
-
Үйл явдал2023/12/08
“Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зүйл заалт шин...
-
Тод зураг2019/07/22
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
