Тод мэдээ
БСШУСБХ: Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай болон Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Тогтоолын төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асуулаа. Тухайлбал, эхний хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Галбадрах асуулт асуув.
Тэрбээр, сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцын талаар бүрэн мэдээлэл авахыг хүслээ. Боловсролын сайд П.Наранбаяр, энэхүү төсөл 4 үе шаттай хэрэгжиж 796 ариун цэврийн байгууламж барихаар төсөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар 506 ариун цэврийн байгууламжийг бүрэн барьж дуусгасан. Төсөл 2025 оны 6 дугаар сард бүрэн дуусахаар төлөвлөж байна гээд энэхүү төслийн хөрөнгө, санхүү зэрэг мэдээллийг түүнд бичгээр хүргүүлэхээр боллоо. Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр батлав.
Түүний дараа Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд хэлэлцүүлэг өрнүүлэв. УИХ-ын гишүүн М.Сарнай Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгоход ажлын хэсэг хэрхэн ажиллах талаар тодруулахад дээрх ажлын хэсгийг ахлан ажиллаж буй УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, өнгөрсөн хугацаанд гарсан зөрчил дутагдлын талаар мэргэжлийн болон хууль, хяналтын байгууллагын дүгнэлтийг авч үзэх, цаашид олон нийтэд ил тод болгохын тулд эцэг, эхчүүдийн саналыг сонсох зэргээр удирдамжид заасны дагуу ажиллана гээд Ажлын хэсгийн эцсийн зорилго нь зээлийн санг шударгаар зарцуулах жишиг тогтооход чиглэнэ гэв.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын тавьсан Боловсролын сангийн зээлээр урианхай, тува, цаатан иргэдийг суралцуулахад өнгөрсөн жил 4 тэрбум, энэ жил 4,5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Энэ зээл эдгээр хүмүүст хэрхэн олгогддог вэ гэсэн асуултад Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу үндэстний цөөнхийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж буйг дурдаад, Боловсролын зээлийн сангаас 2021 оноос үндэстний цөөнх болох тува, цаатан суралцагчдад зээл олгож байсан бол 2024 оноос урианхай иргэдийг хамруулахаар нэмсэн гэлээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар нийт 18-30 насны 5 мянган урианхай иргэдээс 32-ыг нь суралцуулахаар болсон гэдгийг тэрбээр тодотголоо. Асуулт, хариулт өндөрлөсний дараа Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, батлав гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.
-
Тод мэдээ2024/03/04
"MERIT" төслийг үргэлжлүүлэх боломжийн талаар хэлэлцэв
-
Тод мэдээ2021/08/03
“Төв халх” дуулалт жүжгийн театрын барилгын ажлыг түргэтгэнэ
-
Тод мэдээ2021/05/19
Коронавирусний халдвар авч, гэрээр эмчлүүлсэн иргэд өрхийн эмнэлгээсээ магадалга...
-
Тод мэдээ2025/06/03
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа