Дэлхий нийтээр..
“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.11.15) нэгдсэн хуралдаан 10:03 цагт гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтлоо.
Эхлээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Пүрэв гарагийн (2024.11.14) чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд урьдчилан хүргүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж, хариулт авсан юм. Тиймээс өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасны дагуу Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Эхлээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн саналуудаар санал хураалт явуулсан юм. Төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 8.1.4 дэх заалтыг “энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах эсэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар шийдвэрлэх” гэж өөрчлөн найруулах саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэлсэн. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын 9.1.9 дэх заалтыг “энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” хэмээн өөрчлөн найруулах саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар үг хэлж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.
Төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 201 дүгээр зүйлийн 201.4 дэх хэсгийн “хувь” гэсний өмнө “үндсэн” гэж нэмж, мөн зүйлийн 201.6, 201.7 дахь заалтыг нэгтгэн “Энэ хуулийн 201.5-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг тухайн ордын онцлог, цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” өөрчлөн найруулахыг; төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 201.9 дэх хэсгийн “олборлосон” гэсний дараа “цацраг идэвхт” гэж нэмэхийг; мөн зүйлийн 6 дахь заалтын 28.2.12 дахь заалтын дугаарыг “28.2.11” гэж өөрчилж, 4 дүгээр зүйлийн “28 дугаар зүйлийн” гэсний дараа “28.2.11 дэх заалтын дугаарыг “28.2.12” гэж, мөн зүйлийн” гэж нэмэхийг гишүүдийн олонх дэмжив. Төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын 34.3 дахь хэсгийн “олборлолт,” гэсний дараа “баяжуулалт,” гэж, “аюулгүй” гэсний дараа “булшлах” гэж тус тус нэмж, мөн хэсгийн “гүйцэтгэх” гэснийг “гүйцэтгэж” гэж өөрчлөх саналтай холбогдуулан С.Ганбаатар гишүүн үг хэлж, санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн.
Төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалтын 34.4.1 дэх заалтын “батлан мөрдөх” гэснийг “баталгаажуулан мөрдөх, шаардлагатай тохиолдолд гүйцэтгэлийг олон улсын хөндлөнгийн шинжээчээр хянуулах” гэж өөрчилж, 34.4.2 дахь заалтын “нэн” гэснийг, 34.8 дахь хэсгийн “15.2.1,” гэснийг тус тус хасахыг гишүүдийн олонх дэмжсэн бол мөн зүйлийн мөн заалтын 34.5 дахь хэсгийн “төрийн дансанд” гэснийг “Монгол банкан дахь Ирээдүй өв сангийн валютын тусгай дансанд” гэж өөрчлөх саналыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагч Байнгын хороонд өгөв.
Төслийн 2 дугаар зүйлийн “5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт “Төрийн эзэмшлийн хувь хэмжээг цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.” гэсэн өгүүлбэр,” гэснийг хасахыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 99 гишүүний 85 нь дэмжив. Төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтын 5.4 дэх хэсгийг 1 дүгээр зүйлд шилжүүлж, 5.5 болгон “2/5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг: “5.5.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, эдгээрийг хослуулах зэрэг үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болно.”” гэж өөрчлөн найруулахыг Улсын Их Хурлын 87 гишүүн дэмжив. Төслийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтын 12.2 дахь хэсгийн “байцаагчийн” гэснийг “байцаагч (цаашид “улсын байцаагч” гэх)-ийн” гэж өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжсэн.
Төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаар, эшлэлийг нийцүүлж өөрчлөх найруулгын санал мөн дэмжигдсэн.
Үргэлжлүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжээгүй, зарчмын зөрүүтэй 6 саналаар санал хураалт явуулах байсан ч Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар саналаа буцаан татсан тул 5 саналаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 3 томьёоллоор санал хураалт явууллаа. Ингээд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Улсын Их Хурлын чуулганы Пүрэв гарагийн (2024.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэж, Байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар төслийг батлах санал хураалтыг явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 104 гишүүний олонх “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн.
Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дүгээр зүйлийн 46.1.3-т заасны дагуу баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Тухайлбал, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолууд, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулиуд, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нэгдсэн хуралдаанд танилцуулсан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Үйл явдал2019/09/06
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Бутаны хаант улсын Дотоод хэрэг, соёлын сайдтай уул...
-
Дэлхий нийтээр..2023/05/22
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов
-
Дэлхий нийтээр..2022/03/09
ОХУ-д оршин сууж буй болон түр хугацаагаар байгаа иргэдийн анхааралд!
-
Дэлхий нийтээр..2025/09/15
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
