Өнөөдөр
Ихэнх нутгаар тогтуун, өдөртөө дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 1-3 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 1-3 хэм хүйтэн байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 2024 оны арваннэгдүгээр сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд Алтайн салбар уулсаар, 23-нд нутгийн баруун хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Өнөөдөр
УИХ-ын хаврын чуулганд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн барина
Салбарын хуулиуддаа системийн шинжилгээ хийлээ. Тодруулбал, тус Солюшн ХХК-тай хамтран нийгмийн хамгааллын хуулиуддаа системийн шинжилгээ хийлгэлээ.
Манай салбарт хэрэгжиж буй хуулиудад илэрч буй нийтлэг дутагдал нь хугацаа, хариуцах эзнийг бүрэн гүйцэт тодорхойлоогүйд байна.
Хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх эзэн тодорхойгүй байснаас үүдэн хууль бүрэн гүйцэт хэрэгжиж үр дүнд хүрдэггүй.
Үүнээс үүдэж нийгэмд үүсэж буй доголдлын суурь болж байна.
2025 оны УИХ-ын хаврын чуулганд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна.
Цаашид хуулиа харилцан уялдаатай боловсруулах тогтвортой байлгах зөвлөмжийг ГБХНХЯ-ны удирдлагын багт өглөө.
Өнөөдөр
Аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 68 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хүчтэй салхи, шуурга, шар усны үер, газар хөдлөлт тус бүр нэг удаа болсон байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Өнөөдөр
Монголын Үндэсний Бөхийн Холбооны БНСУ дахь салбар холбоо байгуулагдлаа
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Бүгд Найрамдах Солонгос Улс дахь салбар холбоо байгуулагдлаа.
Өнөөдрийн байдлаар Солонгос улсад 55.000 орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэд өөрсдийн идэвх санаачилгаар хилийн чанадад үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Солонгос улс дахь салбар холбооны Удирдах зөвлөлийн даргаар Кеннам аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүн, Монгол Улсын иргэн Н.Мөнхзаяа, Гүйцэтгэх захирлаар сумын заан Дашпунцагийн Ядмаа нар ажиллахаар болсон байна.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав салбар холбооны тамга, гэрчилгээг гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.