Өнөөдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 23-наас 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 26-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд нутгийн баруун хагаст, 24-26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Өнөөдөр
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчимд том оврын машин, механизм олноор байршдаг учраас хөрс бохирдож, тухайн орчимд амьдарч буй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үүсгэж байсан.
Тиймээс нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тус байршилд үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдтэй тохиролцон газрыг чөлөөлж, ирэх хавраас тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ.
Энэ талаар Баянгол дүүргийн менежер Ж.Баатараас тодрууллаа.
Тэрбээр “Гурвалжингийн гүүрний урд хэсэгт “Тэхийн зогсоол” нэртэй том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн байрлаж байсан газрыг чөлөөлсөн. Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр үүрэг өгсний дагуу Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гарч, биелэлт хэрэгжиж байна. Том оврын машин, механизмаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцэж, тохиролцож тухайн орчмын иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс газрыг чөлөөлсөн. Ирэх хавраас чөлөөлсөн газарт шаардлагатай тохижилтын ажлыг хийнэ. Харин том оврын машин, механизмын түрээсийн үйлчилгээг СХД-ийн 22-ын товчооны Авто худалдааны төвийн эзэмшлийн газарт нүүлгэж байна. Харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцан ажиллах учраас нэг техникийг өдрийн 5000 төгрөгийн түрээстэй байршуулахаар тохиролцсон” гэв.
Ингэснээр Улаанбаатар хотын төвийн байршилд том оврын машин механизмын түрээсийн үйлчилгээг үзүүлэхгүй, төвлөрсөн цэгээс үйлчилгээ авахаар болж байна. Цаашид Гурвалжингийн гүүр орчмын төмөр замаа дагасан байршилд том оврын техникээр ачаа зөөвөрлөдөг аж ахуйн нэгж, байгууллагын агуулахуудыг хотоос зайтай байлгахад шат дараатай арга хэмжээ авах юм.
Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүдэд шилжсэнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн хэмжээнд өнгөрсөн жилтэй харьцуулахад ажиллах хүч болон техник хэрэгслийн тоо 3 дахин өссөн байна. Тодруулбал, 2023 онд тус дүүрэгт зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 4 компани үйл ажиллагаа явуулж байсан бол 2024 онд 12 компанийн 600 гаруй ажилтан, албан хаагч цас орсон үед зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
Өнөөдөр
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дууслаа
Яармаг орчимд буюу Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж дууслаа.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн дээрх хороодын оршин суугчдаас зэвтэй ус гардаг талаарх санал гомдол нэлээдгүй ирдэг байсан. Үүний дагуу Яармаг бүсийн цэвэр усны шугамыг шинэчлэх ажлыг шат дараатайгаар хийж гүйцэтгэж байна.
Энэ онд Хан-Уул дүүргийн 23,24 дүгээр хороодын нутаг дэвсгэрийг дамнасан 4,8 км цэвэр усны шугамын ажлыг бүрэн шинэчилж, 11 дүгээр сарын 25-ны өдрөөс шинэ шугамаар цэвэр усыг хэрэглэгчдэд хүргэлээ.
Яармагт шинээр сольсон уг 4.8 км үндсэн шугамын эх үүсвэрээс тухайн орчмын 500 гаруй барилга, байгууламж цэвэр усаа авдаг.
Зөвхөн цэвэр усны төв шугамыг шинэчлээд зогсохгүй Яармаг орчмын орон сууцны хорооллууд, барилгуудын ашиглалтыг хариуцагчид, орон сууцны конторууд дотор шугам сүлжээндээ засвар үйлчилгээ, угаалга зэргийг тогтмол хийх шаардлагатай юм. Ингэснээр зэвтэй усны асуудал бүрэн шийдэгдэх юм.
Өнөөдөр
Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ
УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн. Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв. Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан. Ийнхүү өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина. Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм. Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломж бүрдэж буй. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэлээ.
Ташрамд, өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчилнэ. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.
-
Тод мэдээ2023/11/02
ШӨХТГ: Дорнод аймаг дахь сүлжээ дэлгүүр, бөөний төвүүдэд хяналт, шалгалт хийлээ
-
Тод индэр2024/10/04
Б.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохи...
-
Тод мэдээ2024/04/16
Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаанд олон улсын шинжээчид ...
-
Өнөөдөр2023/01/06
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна