Тод мэдээ
Авто замын нуух, явган хүний зам, талбайн цэвэрлэгээг тогтмол хийж байна
2024 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 10:00 цагийн байдлаар Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөс цэвэрлэх ажилд нийт 35 байгууллагын 1200 гаруй зам талбайн үйлчлэгч, 90 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэл ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 4800 тн давс, 5590 тн бодисны бодит үлдэгдэлтэй байна.
Өгсүүр, уруу, сүүдэр газруудад халтиргаа гулгаа арилгах зорилгоор давс, бодис цацах мөн зам, талбайн үйлчлэгчид авто замын нуух, явган хүний зам, талбайн нарийн цэвэрлэгээг тогтмол хийж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Тод мэдээ
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Цөмийн энергийн тухай хуульд заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулах тохиолдолд орлогыг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг тодруулан тусгасан байна.
Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 472.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, Цөмийн энергийн тухай хуулийн 20 дугаар зүйлий 201.4-т заасан нэмэгдүүлэн тооцсон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тус тус Хуримтлалын санд төвлөрүүлэх зохицуулалтыг нэмж тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг ашиг малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны нэмэгдүүлсэн тусгай төлбөрийг, мөн бусад хувилбараар орлуулснаас бий болсон орлогыг Ирээдүйн өв санд биш, Хуримтлалын санд төвлөрүүлж, иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх эх үүсвэрийг бодитой нэмэгдүүлэх боломжтой болно. Ингэснээр байгалийн баялгаас олсон орлогыг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдэд тэгш, шударга хүртээх Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим хангагдах нөхцөл бүрдэнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах "Дулаан-Уул", “Зөөвч-Овоо”, “Өмнөт” гэсэн талбайд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, орлуулах асуудлыг тусгасан талаар хууль санаачлагч танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Тод мэдээ
“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолд төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар заасан. Гэвч УИХ-ын 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газар тусгагдаагүй орхигдсон байна. Гэтэл сүүлийн 10 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өсжээ. 2023 оны байдлаар төмөр замын ачаа тээвэр 36.1 сая тонн болж, 15 000 хүн 1115 км замыг хариуцан ажиллаж байна. Түүнчлэн, ойрын үед хэрэгжихээр болсон төмөр замуудтай нийлээд 4200 км сүлжээ бий болж, ажиллах хүчин 50 000 болох тооцоо гарсан талаар Зам, тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцлов.
Тиймээс өсөн нэмэгдсээр буй төмөр замын тээврийн хэрэгцээг хангах, өргөжүүлэх, судалгаа, шинжилгээ, технологи, инновацыг нэвтрүүлэх хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг буюу Төмөр замын газар байгуулах шаардлага үүссэн талаар тогтоолын төсөл санаачлагч танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Нийслэлийн 2025 оны төсвийг 3.8 их наяд төгрөг байхаар баталлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн барьсан 2025 оны төсвийн төслийг НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр танилцууллаа.
Тэрбээр, Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа нийслэл хотыг хөгжлийн дараагийн төвшинд гаргах, хотын эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, иргэдээ орон сууцжуулж агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн цогц шийдлийг дэмжих замаар түгжрэлийг бууруулахад чиглэлээ” гэдгийг онцлов.
Төсвийн төсөлд ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн нар хуралдааны санал дүгнэлтээ танилцууллаа. Нийслэлийн төсөвт 2025 онд 3,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа. Үүнээс 85.9 хувь буюу 3,314.4 тэрбум төгрөгийг татварын орлогоор, 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхийг зорино. Нийслэлийн 2025 оны төсвийн нийт зарлагын 38.1 буюу 1,329.3 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 50.4 хувь буюу 1,720.2 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардалд, 2.2 хувь буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 8.9 хувь буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор төлөвлөсөн юм.
Нийслэлийн 2025 оны төсвийг төлөөлөгчдийн 77.1 хувийн саналаар 3.8 их наяд төгрөг байхаар баталлаа.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА