Дэлхий нийтээр..
ХЗБХ: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан бөгөөд тэрбээр сонсгол, түүний үе шат, явуулсан ажиллагааны танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу сонсголд оролцсон гишүүд нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргасан байна. Нэр дэвшигч М.Алтан-Очир, С.Энхбаатар нарыг хуульд заасан болзол, шалгуурыг хангаж байгаа тул Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Х.Эрдэм-Ундрах хуралдаанд нэр дэвшигч М.Алтан-Очирын талаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн О.Бат-Эрдэнэ нэр дэвшигч С.Энхбаатарын талаар тус тус танилцуулсан юм.
Дээрх танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол С.Эрдэнэболд гишүүн хууль дээдлэх зарчим, ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах ажиллахыг нэр дэвшигчдэд захив. М.Нарантуяа-Нара гишүүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Ингээд нэр дэвшигч С.Энхбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэн бол нэр дэвшигч М.Алтан-Очирыг дээрх зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн талаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайлан, Байнгын хорооны дээрх тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүний хүсэлт, холбогдох хууль тогтоомжийг үндэслэн 11 дүгээр сарын 20-ны өдөр хяналтын сонсгол зохион байгуулсан гэлээ. Сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна төрийн байгууллага, албан тушаалтан 37, иргэн, хуулийн этгээд 85, цахимаар 2, ажиглагчаар 2 иргэн, нийт 126 оролцогч хамрагдсан байна.
Тус сонсголын үеэр Улсын Их Хурлын гишүүд болон оролцогчдын илэрхийлсэн саналыг нэгтгэн, ийнхүү Байнгын хорооны хуралдаанд танилцуулж буйгаа П.Сайнзориг гишүүн хэллээ. Үүнд, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сонсголын үеэр олон давтамжтай хөндөгдсөн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах, гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах асуудлыг нарийвчлан зохицуулах хэмээжээ. Мөн Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг албажуулан, нэр томьёог нэг мөр болгож, улмаар Эрүүгийн хууль дахь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тодорхой болгох шаардлагатай гэжээ. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Гэр бүлийн тухай хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх талаар чиглэл өгөх, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн талаар цогц судалгаа хийж, шаардлагатай тохиолдолд нэмэлт оруулах асуудлыг судлан шийдвэрлэх, шүүх шинжилгээний байгууллагын тоног төхөөрөмж, хүний нөөц, төсөв, санхүүжилт, чиг үүргийн талаар бодлогын арга хэмжээ авах талаар Засгийн газарт чиглэл өгөх шаардлагатай хэмээсэн байна.
Мөн гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, эрх зүйн туслалцаа, харилцан үзүүлэх гэрээг гадаад улс орнуудтай байгуулах, Эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандлагын нөхцөл байдлын талаарх судалгаа, мэдээллийг холбогдох байгууллага нарийвчлан гаргаж, энэ талаараа Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороонд хүргүүлж, шаардлагатай тохиолдолд энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон иргэдтэй тогтмол уулзалт зохион байгуулж байх талаар санал олонтаа давтагдсан хэмээн тайланд дурдав. Албан үүргээ гүйцэтгэх үедээ иргэнийг эрүүдэн шүүсэн, хүнлэг бус, хэрцгий хандсан, хүний эрхийг зөрчсөн албан тушаалтнуудын талаарх мэдээллийн сан үүсгэх, Төрийн албаны тухай хууль болон болон холбогдох бус хуульд заасны дагуу арга хэмжээ авах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагууд нэгнээ хянадаг одоогийн бүтэц, тогтолцоог өөрчлөх асуудлыг судлан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах, Улсын Их Хурлаас эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандахтай холбоотой асуудлаар цогц хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах талаар мөн тусгажээ. Энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.
П.Сайнзориг гишүүний танилцуулсан Улсын Их Хурлын хяналтын сонсголын тайлан, Байнгын хорооны холбогдох тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, С.Эрдэнэболд, Х.Номинчимэг, Н.Алтанхуяг, М.Нарантуяа-Нара, Х.Тэмүүжин, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, хариулт авав. Дараа нь “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлээд, санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжив.
Дараа нь "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад зарим асуудлыг гүйцээн боловсруулах шаардлагатай хэмээн үзэж, саналууд гаргасан учраас төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Үйл явдал2025/12/01
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Бүгд Найрамдах Итали Улсад хүрэлцэ...
-
Үйл явдал2023/12/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Дэлхий нийтээр..2020/11/24
ЗГ: Сурагчид 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал хичээллээд амарна
-
Үйл явдал2022/10/17
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
