Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа хүртээж, баяр хүргэлээ.
- Уламжлалт анагаах ухааны салбарт хэрэглэж байгаа ургамал, амьтан, эрдсийн түүхий эдээс шинэ эмийн бэлдмэл гарган авах технологи боловсруулах, уламжлалт эм найрлагын шинжлэх ухааны мөн чанарыг тогтоох, эмийн шинэ эх үүсвэрийг эрэлхийлсэн судалгааны ажил гүйцэтгэж, хүдрийн заарын түүхий эд, уламжлалт Ноцог-6, технологийн шинэчлэл бүхий Халифорте, Колсаурин эмийн технологийн судалгаа хийж, инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон чанар, аюулгүй байдлыг судлан тогтоож эмнэлзүйн практикт нэвтрүүлэн, эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмэр оруулсан Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Уртнасангийн Мядагбадам,
- Монгол оронд газрын гүний дулааны нөөцийг үнэлэх, хэрэглээнд нэвтрүүлэх судалгааг анх удаа цахилгаан соронзон онолын арга зүй, практик хэмжилтийн шинэлэг технологиудыг хослуулан гүйцэтгэж, галт уулын бүс нутагт геотермаль системийн гүний тогтоцыг тодорхойлсон геосудлалын шинэ үр дүн гаргаж, газрын ховор элемент, газрын тос болон ашигт малтмалын ордуудын геофизикийн хайгуулын шинэлэг арга зүйг эх орондоо хөгжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлж, геофизикийн салбарт бодит хувь нэмэр оруулсан ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн соронзон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Эрдэнэчимэгийн Батмагнай,
- Анагаах ухааны салбарт хэрэглэдэг эм, эмийн бүтээгдэхүүн, түүний эмчилгээний үр нөлөө, өвчний эмгэг жамын механизмыг тайлж шинэ эмчилгээний арга, аргачлал боловсруулахад нөлөө бүхий суурь судалгааны чиглэлүүдийн нэг хэсэг болох яс болон мэдрэлийн эдийн эмгэгүүдийн шалтгааныг тогтоох чиглэлээр үр дүнтэй судалгаа хийж, олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд 10 гаруй бүтээл хэвлүүлж, бүтээлүүд нь олон улсад 230 удаа эшлэгдэн, судлаачийн чансааг илэрхийлэх h-index нь 8-д хүрсэн амжилт үзүүлсэн АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн физиологийн тэнхимийн багш, доктор Эрхэмбаатарын Мөнхсоёл нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг залуу эрдэмтэд болон тэдний гэр бүл, хамт олонд амжилт хүсэж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн баярын мэндийг хүргэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.
-
Тод мэдээ2022/04/25
Байгаль хамгаалах үүрэг, хариуцлагыг иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах гэрээ...
-
Тод мэдээ2022/03/28
Мэдэгдэл
-
Тод мэдээ2024/04/08
Авто замуудын нүхэн эвдрэл засварлах ажил хийгдэж эхэллээ
-
Тод мэдээ2021/04/07
Хүний эрхийн дэд хороо хуралдаж, “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” тогтоо...