Дэлхий нийтээр..
Л.Пүрэвгял: Урт настай сайн хууль болгохыг хүн бүр зорьж байсан
Т.Ядамсүрэн:Үндсэн хуулийг ойлголцол зохицол, эвлэрлээр баталсан
Ардын Их Хурлыг сонгох асуудлыг 1990 оны эхээр тухайн үед улс төрийн нам, эвслүүд зөвшилцлийн үндсэн дээр тохиролцож, Үндсэн хууль болон сонгуулийн хуульд нэмэлт оруулж, УИХ-ын сонгуулийг ардчилсан сонголтоор явуулах шийдвэр гаргаж билээ. Энэ шийдвэр Монголын ард түмний улс төрийн идэвхийг сэргээж, Их Хурлын депутатад нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй, чөлөөтэй болгож, депутатад нэр дэвшигчид нь, ард иргэдтэй уулзаж, үзэл бодол, байр сууриа илэрхийлж, нийгмийн шинэчлэлийг ямар байр суурь барьж хийх, ямар хувь нэмэр оруулах хүн бэ гэдгээ харуулах боломжийг бидэнд олгосон.
МАХН, МоАН, МСДН, МҮДН-аас гадна Монголын ардчилсан холбоо, Шинэ дэвшилт холбоо, МХЗЭ, МҮЭ, Эмэгтэйчүүд, хоршооллын зэрэг байгууллагууд аливаа сонирхол, эрх ашигт автагдалгүй, ард иргэдийн дотор нэр нөлөөтэй, шударга зарчимч байр суурьтай, ажил хэрэгч хүмүүсийг шилж, АИХ-ын депутатад сонгох уур амьсгал давамгайлж байлаа. Намайг АИХ-ын депутатад нэр дэвшүүлэх санал намын болон Ардчилсан холбоо, Шинэ дэвшил зэрэг эвслийн дотор гарч, надтай санал бодол сонсож нэрийг чинь дэвшүүлье, та энэ хэрэгт оролцох хүн мөн гэх яриа дөрөв, тавдугаар сард олонтаа гарч байв. МАХН-ын жирийн гишүүд ч надад хэлж, зарим нь нэрийг чинь дэвшүүлнэ гэж тулгадагч аймгийн Намын Хороо дэмжихгүй талдаа байв.
Олны итгэл хүлээх найдвар тэр үед надад байсан. Нэгдэлчдийн Шивэртийн рашаан амралт сувилал, Хоршооллыг байгуулах, Цэнхэрийн усалгаатай тариаланг цоо шинээр үүсгэн байгуулж улсын үзүүлэх сургуульд үзүүлэх, Отрын экспедиц зохион байгуулан нэгдлүүдийн дотоодын хэрэгцээний малыг таргалуулах, Байгууллага дундын нэгдсэн аж ахуйг хөгжүүлж гахай, тахиа, эрлийз үнээ өсгөх зэрэг аймагт тулгамдсан шинэлэг томоохон ажлыг аймгаас тогтоол захирамжаар хавсран хариуцуулсныг нь гардан зохион байгуулж, ажил хэрэг болгож чадсанаараа хэний ч өмнө хэлэх үгтэй, ажил хэрэгч гэдэг шалгуураа өгсөн нэгэнд тооцогдог байв.
Албан тушаал эрх мэдлээрээ далимдуулан нэгдэл, нийгмийн хөрөнгөөр бусдад тал засаж, хувийнхаа явцуу эрх ашигт үйлчлүүлэхийг хүсэгч Аймгийн намын хороо, захиргааны зарим дарга нарын шударга биш байдлыг хурц шүүмжилж, учруулсан хохирлыг буруутнаар нь төлүүлэхээр тогтоолын төсөл бичиж, аймгийн намын хорооны товчоогоор хэлэлцүүлж, ийм байдлыг засах зүрх зориг гаргаж чадахгүй аймгийн удирдлагын дутагдлыг намын дүрэмд заасан гишүүнийхээ эрхийн дагуу МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо, Намын хянан шалгах хороонд мэдээлэн шалгуулж аймгийн зарим удирдах хүнд Улс төрийн товчооны тогтоолоор хатуу арга хэмжээ авахуулсан болон бурхан тахил,бүрхээр хураах архи асгах, нэгжлэг хийх мэт дарга нарын хууль бус бусармаг явдлыг буруушаан шүүмжилж эсэргүүцсэн шударга үйлс маань ард олны сэтгэл санаанд нийцэж тэднээс итгэл хүлээлгэхэд нөлөөлсөн юм.
Дээшээ зусаргүй, хажуудаа халгүй ажил хэрэгч шулуун шударга зан төрхийг минь ойлгодгоос надад итгэл хүлээлгэх гэсэн эрмэлзлэл нийтийн дунд байсныг би мэдэрч байлаа. Аймгийн Ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч С.Төмөрхүү надтай гурав дахь удаагаа уулзаж манай холбооноос Ардын Их Хуралд нэрээ дэвшүүлэх зөвшөөрлөө өгөөч, манай холбоо чухал үед АИХ-д нэр дэвшүүлэхгүй байх нь олон түмний итгэлийг огоорсон харамсалтай явдал болно гэдгээ учирлаж, танд найдвар тавьж байна гэж хэлсэн.
Депутатад нэр дэвшихэд татгалзаад байх шалтгаангүй харин ч миний амьдралд тохиох ховор боломж гэдгийг ойлгож нэрээ дэвшүүлэх зөвшөөрөл өгснөөр Аймгийн банкны дэргэдэх Ардчилсан холбооны салбар зөвлөлөөс Ардын Их Хурлын 71-р тойрогт нэр дэвшүүлж билээ. Энэ тойрогт надтай хамт орон нутаг болон Улаанбаатар хотоос 24 хүн нэр дэвшиж өрсөлдсөнөөс хоёр дахь санал хураалтад “Үнэн” сонины сурвалжлагч Ж.Галданцогт бид хоёр тунаж, эцсийн санал хураалтаар надад сонгогчдын 57 хувь нь саналаа өгч, төрийн эрх барилцах алтан боломж түүхэн тэр үед надад тохиосон юм. Түүнээс хойш болсон бүх сонгуулиар ийм боломж хэнд ч олдохгүй хаагдсан түүхтэй.
Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон нь надад Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлах, эрхмээс эрхэм хүндэт даалгавар, том ачаа үүрүүлсэн. Иргэний өндөр ухамсар, шулуун шударга зарчимч байр суурь барьж, аль нэг нам, эвслийн эрх ашгаас ард түмэн, эх орны эрх ашгийг эрхэмлэж, ирээдүйг харж, бусадтайгаа ойлголцож ажиллан сонгогчдынхоо даалгаварыг биелүүлэх шаардлага тулгарав.
Биднийг юм мэддэггүй, жалга довны, хуучин үзэл бодолд автагдсан хэмээн тавлаж, Үндсэн хууль баталж чадахгүй гэх явуулга багагүй гарч байсан нь харин ч олон депутатын хор шарыг хөдөлгөж зоригийг нь хурцалж чамбай хууль батлах ёстой гэсэн зорилгод нэгтгэхэд тус дэм болсон гэж боддог. Бүтэн хоёр сар хэлэлцэж, ёстой долоо хэмжиж, нэг огтолж байж Үндсэн хуулийг баталсан юм. МАХН, МоАН, МСДН, МҮДН болон Ардчилсан эвсэл, Хоршоологчдын, Чөлөөт депутатуудын, эмэгтэйчүүдийн зэрэг бие даасан бүлгүүд байгуулагдаж, эдгээр бүлгүүдэд депутатууд нам, улс төрийн үзэл бодлын ялгаварлал, гадуурхалгүй нэгдэж өөрийн үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлж, үзэл бодлоо Үндсэн хуульд шингээх боломжийг бүрэн нээж байлаа. Би МАХН-ын, Хоршоологчдын, Ардчилсан эвслийн гурван бүлэгт бүртгэгдэн Үндсэн хуулийн ямар заалт, зүйлийг хэрхэн дэмжиж хуульд тусгуулахыг чармайн ажилласан.
МАХН-ын гишүүн олон арван депутатууд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, дэмжүүлэхийн тулд янз бүрийн бүлэгт чөлөөтэй нэгдэж намаас ямар нэг зэмлэл, тулгалт гадуурхал хүлээж байгаагүй, ард түмнээс мандат авсан төлөөлөгч ингэж ажиллавал жинхэнэ ард түмний элч байж чадна гэдгийг тэр үед тод томруун харуулсан юм. Ард түмний сонгосон төрийн элчийг чухал үед аль ч нам, янз бүрийн шахалт, шаардлагаар хавчин хайрцаглахгүй чөлөөтэй байлгах нь бусадтайгаа хэл амаа ололцох, зөв буруугаа тунгаахад үнэнхүү хэрэгтэй гэдгийг санаж явалтай.
Нам, эвсэл бүлгийн үзэл бодлын өрсөлдөөн чөлөөтэй өрнөсөн Ардын Их Хурлын хуралдааны танхимыг хөндлөнгөөс харсан хэн боловч ийм хүмүүс яавч Үндсэн хуулийг баталж чадахгүй гэж хэлдэг бичдэг байж билээ. Тэгэвч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, шинэ санаа томъёолол гаргаж түүнийгээ хамгаалж, тайлбарлахын хамт эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг сонсож, хуульд орох үг, өгүүлбэр, утга санааны талаар дахин дахин нягтлан тунгааж санал хурааж, чухам аль нь голч болохыг харилцан зөвшилцөж, баталдаг байв. Үндсэн хуулиа заавал батлах ёстой гэсэн хатуу зарчмыг депутат бүхэн барьж, тэсвэртэй хүлээцтэй, ухамсартай буурь суурьтай хандаж Үндсэн хуулийг баталж чадсан нь депутат бидний түүхэнд тэмдэглэх бахархал мөнөөс мөн.
Миний хувьд үзэл бодлоо удаа дараа илэрхийлэн хэлж, депутат О.Дашбаябар, С.Батмөнх бид нар бодол саналаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлгэж байв. Хуульд үзэл баримтлалаа тусгах явдал депутат бүрийн эрхэм зорилго байсан. Үндсэн хуулийн үг, утга санаа бүрийн төлөө нам, эвсэл бүлгүүдийн хурц тэмцэл өрсөлдөөний явцад ганц депутатын санаа бодол хуульд орох нь чухам л лөөлөө болж, ганц мод гал болдоггүй гэдэг үг хэн хүний тархинд хадагдсан. Иймээс нээлттэй байж, хэн хаана ямар санаа гаргав, түүний эерэг, сөрөг тал юу байв, үзэл бодлоо хэнтэй нэгдэж, яаж ажиллавал хуульд тусгаж болох вэ гэсэн давалгаа депутат бидний дотор долгилж байсан гэж хэлж болно.
Улсын Бага Хурлаас «Монгол Улсын Их цааз» нэртэй анхны төслийг бидэнд гардуулсан ч хавтсан дээр бичсэн нэрнээсээ болж депутатууд төдийгүй монголын олон нийтийн дургуйцлийг хүргэж, ихээхэн хэл ам татлан их засаг гэхчлэн олон нэр зүүж, эцэстээ зөвшилцлөөр Үндсэн хууль нэрээр баталж билээ.
Төсөлд “Сүм хийд төрөөс, шашны боловсрол, иргэний боловсролоос тусгай байна” гэхчилэн өмнөх Үндсэн хуулийн хуучин агуулгыг хэвээр хадгалсан шинжтэй заалтаас гадна улсын эдийн засгийн үндэс мал аж ахуйн талаар үг үсэг ч үгүй, харин ч сүлдэнд нь заларч явсан морийг танан, таван сум атгасан, шонхор шувуу байлгахаар бичсэн нь миний болон бусад олон депутатын дургүйцлийг хүргэж, ард нийтийн анхаарлыг татаж ёстой чихийг нь дэлдийлгэж нүдийг нь бүлтийлгэв.
Үндсэн хуульд үзэл бодлоо тусгахаар хэрхэн чармайж явсан тухай зах цухаас нь цөөн дурсамжийг хүүрнэе. Бидний 430 депутатын дотор Гандан хийдийн лам Д.Чойжамцаас өөр лам сонгогдоогүй. Их Хурлын анхны чуулганы үед Д.Чойжамц ламтай зэрэгцэн сууж сайхан танилцаж, ардын эмнэлэгт хэрэглэгддэг эм тангийн материалын талаар асууж түүнийг хаанаас, яаж олж болох тухай санал солилцдог байв. Чойжамц лам даруу төлөв, аядуу ааш араншинтай сайхан хүн тул их цааз хуульд шашны талаарх заалтын тухайд саналыг нь асуухад төсөлд өмнөхөө давтсан шинэчлэгдэж чадаагүйг тэр хэлж байлаа. Энэ талаар бусад нөхөдтөй ярилцахад тэдний цөөн хэсэг нь огт сонирхохгүй, нэлээд хэсэг нь чухам юу гэж оруулах учраа мэдэхгүй, оновчтой, зөв томьёолол гаргаж ирвэл дэмжих байдал ил тод ажиглагдсан. О.Дашбалбар болон Үндэсний дэвшлийн нөхөд надтай адил санал бодолтой байлаа. Ямар томьёолол хуульд оруулбал зүйтэй болох, боломжтой томьёоллын санааг гаргаж туслахыг Д.Чойжамц ламаас итгэмжлэн хүсэж билээ. Хоёр, гурав хоногийн дараа Д.Чойжамц маань “БНМАУ-д бурханы шашин төрийн шашин мөн. Төр нь шашинаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ”гэсэн гүнзгий утга агуулгатай, товч боловч гол санааг тун ч аятайхан тод томруун томьёолсон томьёолол өгсөн юм. Энэ томьёолол нь үнэнхүү таалагдаж билээ. Бид өөрсдийн санаа бодлыг дэмжих санаа бодол нэгтэй депутатуудад энэхүү томьёоллоо тараасан. Томьёололыг итгэлтэй дэмжих О.Дашбалбар, Ш.Гүрбазар, С.Батмөнх нарын зэрэг нөхөдтэй санал солилцож, энэ томьёоллыг хоёрдахь хэлэлцүүллэгийн эхэнд Д.Чойжамцаар анхны саналыг гаргуулж уг саналыг зургаан микрофон дээр дэмжиж, үг хэлцгээн чуулганы танхим бүхэлдээ эерэг байдал ноёлох тэр мөчид дээрх томьёоллоор санал хураалгах болоход Ардчилсан холбоо, Ардчилсан намын Ц.Элбэгдорж, Сайран тэргүүтэй хэсэг депутат цөөнх болж бидний эсрэг санал бодлоо илэрхийлж үг хэлцгээж, депутатуудын дунд хоёрдмол санаа төрүүлж байдлыг хүндрүүлсэн юм. Дээрх томьёололоор санал хураалгахад 50 гаруйхан хувийн санал авч огт амжилт олоогүй юм.
Бид томьёоллоо хуульд оруулж чадаагүй ч санаа бүрэн мохоогүй, өөрсдийн үзэл бодол, байр сууриа тайлбарласаар, Гандангийн лам нар, настан буурлууд, учир мэдэх хүмүүстэй холбоо барьж, тэднээс дэмжлэг авахыг чармайдаг байв. 1992 оны 1 дүгээр сарын 5-нд Их хурлын дарга Ж.Уртнасан америкийн хэсэг бизнесмен, хувийн эздээс удаа дараа тавьсан хүсэлтийн дагуу хэсэг депутатуудыг тэдэнтэй уулзуулах тухай хэлэлцүүлж, уулзалтад оролцуулах депутатуудын нэрсийг батлуулсан юм. Тэдгээр 30 гаруй депутатын тоонд азаар миний нэр багтаж, орой нь Улаанбаатар зочид буудалд тэдэнтэй уулзаж ярилцаж билээ. Америк олон үндэстэн ястантай, олон үзэл бодол чөлөөтэй орон. Гэвч нутагтаа аян дайнгүй, төр нь тогтвортой, Үндсэн хууль нь 200 шахам жил онцын засваргүй мөрдөгдөж байгаагийн чухам учир нь юунд байна вэ? гэсэн анхны асуултыг би тавьж ярилцлагын салхийг хагалж байж билээ. Үүнд сенатын гишүүн дараах утгатай хариулт өгсөн юм. Олон үндэстэн, олон үзэл бодлыг нэтгэн эв найртай байх, төрийг тогтвортой байлгах гол үндэс нь шашин байдаг. Шашинтай төр тогтвортой, ард түмэн нь эв найртай амгалан амьдардаг гэсэн хариулт өгч билээ. Шашны тухай асуудал бол чухлаас чухал асуудал гэдгийг депутатууд эндээс баттай ойлголт авсан төдийгүй, Үндсэн хуульд энэ тухай заалт байх ёстой гэдгийг ноцтой ухаарсан. Америкийн сенатчийн дээрх санааг бид депутатын дотор түгээж, үүндээ тулгуурлан дараачийн хэлэлцүүлгээр «Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ» гэсэн заалтыг 9-р зүйлд 94.0 хувийн саналаар оруулсан юм. Гэвч «Бурханы шашин бол монголын төрийн шашин мөн» гэсэн гол заалтаа оруулж чадаагүй, төрийн шашин гэхгүй, зонхилох шашин мөн гэж зүтгүүлээд ч бараагүй. Чөлөөт нийгэмд ямар шашнаа шүтэх нь хүний эрх, бөөгөө шүтнэ үү, ламаа шүтнэ үү, христосоо шүтнэ үү дурын хэрэг гэсэн үзлийг ардчилсан үзэлтэн гэж хөөрөгчдийн явуулга л ийм болгосон. Энэ бол алсдаа монголын ард түмний тусгаар тогтнол, эв нэгдэл, төрийн тогтвортой байдалд нөлөөлж болох чухлаас чухал асуудал байсан гэж бодогддог.
“Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт ихээхэн шүүмжлэл, хэл яриа болж, чамгүй бэрхшээлийг туулж, батлагдаж орсон билээ. Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Улаанбаатар” нэгдлийн дарга Б.Дашзэвгэ (328 дугаар тойрог), 261 дүгээр тойргийн Д.Пүрэв нарын депутатууд Монголын эдийн засгийн үндэс, үндэсний баялаг малын тухай асуудал Үндсэн хуулийн гадна үлдэх ёсгүй гэж хатуухан хэлж учирлаж байсныг Хоршоологчдын бүлгийнхэн туйлбартай дэмжиж, энэ байр суурийг хүчтэй хамгаалж ажилласан юм. Р.Гончигдорж надад “Та мал, сүргийг төрийн хамгаалалтад оруулна гэж зүтгээд байх юм. Хэрэв тэгвэл иргэд хувийнхаа малыг алж идэхийн тулд баг, сумын даргаасаа зөвшөөрөл, авахад хүрнэ шүү” гэж хэлж байсанд би дараах тайлбарыг өгч байлаа. Мал, сүргийг төрийн хамгаалалтад байлгана гэдгийг иймэрхүү явцуу утгаар биш алсыг харсан бодлогын том асуудал гэж ойлгох нь чухал шүү. Тухайлбал, ган зудын аюулд нэрвэгдэх, янз бүрийн халдварт өвчин гэхчилэн гэнэтийн аюулаас хамгаалах, гадаадад амьд мал гаргах, мал сүргийхээ генефондыг хамгаалах мэт том асуудлыг төр анхааралдаа авах ёстой хэмээн хэлж билээ. Үндсэн хуульд үүнчлэн олон чухал санал, бодлогыг оруулахад амьдралд хатуужиж хэрсүүжсэн туршлагатай нөхдөөс бүрдсэн Хоршоологчдын бүлэг ихээхэн хүч гаргасныг тэмдэглэх ёстой. Мах, сүү, цөцгийн тос, төмс хүнсний ногоо, үр тариагаар хүн ардаа хооллож, арьс шир, ноос ноолуур, тариа будаагаар улсыхаа үйлдвэрийг хангаж, хөдөөд соёл, боловсрол, эрүүлийг хамгаалахыг хөгжүүлэн бэхжүүлж, ажилгүйдлийг арилгаж чадаж, хал үзэж халуун чулуу долоож явсан, амьдрал тэмцлийн арвин их туршлагатай нэгдэл, сангийн аж ахуйн дарга, мэргэжилтэн 140 гаруй депутатаар бүрдсэн Хоршоологчдын бүлэг, аль ч нам, эвсэл холбоодтой нээлттэй идэвхтэй хамтран ажиллаж том хувь нэмэр оруулсныг бахархан тэмдэглэж байна. Эдийн засгийн үндэс, үндэсний ширгэшгүй нөхөн төлждөг баялаг, мал, сүргээ төрийн бодлогоор хамгаалуулах, морио сүлдэндээ хүндлэн байршуулахаа Үндсэн хуульдаа тунхагласан явдал нь монгол хүний санаа сэтгэлд бүрнээ нийцсэн чухал үйл явдал байсныг дурсах ёстой.
Төрийн сүлднээс нь морийг хассан, мал сүргийнхээ тухай асуудлыг Үндсэн хуульд орхигдуулсан нь yгтaa Улсын Бага Хурлын алдаатай бодлого байсан нь төрийн бэлэг тэмдгийн тухай хэлэлцэхэд улам ч тодорсон. Тэр үед депутатууд энэ асуудалд хэрхэн хандаж, юу гэж хэлж байсан тэмдэглэл миний хөх дэвтэрт бичигдэн үлджээ. С.Рэнцэнбал (58) Эвэр хошуутай махчин шувуугаар сүлдээ хийдгийн учирт малчин ардууд гайхаж байна. Б.Энхтуяа (388) Морьтон монгол сүлднээсээ морио буулгаж таарахгүй, Ш.Цэнджаргал (268) Монголчууд шувууны сүүдэр тооноор тусах, гэрт өд нь унахад цээрлэдэг заншилтай шүү, Ш.Сүрэнжав (44) Морь, соёмбо хоёроо орхивол монголын заяа орхигдоно гэхчлэн ард иргэдийнхээ санаа бодлыг яруу тод илэрхийлж хамгаалж байлаа.
Үндсэн хуулийн эцсийн хэлэлцүүлэг дуусаж, ёсчлон батлахаар ярилцах үест хуулийн төгсгөл нь нэг л цулгай болсон мэт байсныг анзаарч хуанлигаас бэлгэтэй сайн өдөр цагийг үзэж, дагаж мөрдөх хугацааг шинэ, хуучин тооллоор тогтоохын хамт “Мэдэгтүн, сахигтун” гэж төгсгөвөл зүйтэй болов уу гэсэн санааг гаргахад олон депутатууд бүрэн дүүрэн дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 он 2 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагт буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаат өлзийт сайн шар морин өдрийн, морин цагаас эхлэн улс даяар мөрдөнө. Мэдэгтүн, сахитун хэмээн баталж байж билээ.
Үндсэн хуульд Монголын бүх аймаг, хотын ард иргэд, депутатууд хувь нэмрээ оруулсан ч түүнд Архангайнхан өөрийн гэхээр бодитой хувь нэмэр оруулсанд бахархан дурсаж явах учиртай. Төрийн сүлдийг Хашаат сумын иргэн Д.Ойдовын төслөөр, төрийн есөн хөлт цагаан тугийг Тариат сумын харьяат АИХ-ын депутат Г.Нороврагчаагийн төслөөр баталж, төрийн сүлд, тугийг бүтээсэн гавъяатайн дээр тэр үеийн Ардын Их Хурлын 430 депутатаас 39 нь, Улсын Бага Хурлын 50 гишүүнээс долоо нь Архангайн иргэд байсан. Мөн АИХ-ын орлогч даргаар Ц.Адьяасүрэн (Хангай), Н.Батбаяр (Цахир), Л.Дашням (Төвшрүүлэх), Монгол Улсын анхны Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын даргаар Р.Гончигдорж (Цахир), Бага Хурлын Байнгын хорооны даргаар Р.Хатанбаатар (Эрдэнэмандал) нар ажиллаж шинэ Үндсэн хуулийн эхийг боловсруулах, батлахад том хувь нэмэр оруулж байсан нь түүхэнд үлдээсэн гавьяатай үйлс мөнийг хойч үеийнхэн бахархаж явах учиртай.
Олон ургальч үзэл дэлгэрч, Их Хурлын чуулганы халуун тогоонд өнөөгийнх шиг 76 биш хэдэн зуун депутатын янз бүрийн үзэл санаа буцалж, даргилсан хүнд үед АИХ-ын үйл ажиллагааг нуруутай залсан Их Хурлын дарга Ж.Уртнасангийн аядуу зөөлөн зан харьцаа, тэвчээртэй хүлээцтэй байдал, асуудлыг олон талаас нь харж, эв зүйг нь олж, хамтын хүч нэгдмэл ойлголтоор асуудлыг шийдвэрлэхэд чармайн ажиллаж байсныг мартах ёсгүй.
Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэдийн мэргэжлийн ур чадвар гаргасан санал санааг хуульд хаана нь, хэрхэн яаж оновчтой тусгахыг чармайсан их мэдлэг, хүч, цуцашгүй зүтгэлийг нь, Их Хурал, Улсын Бага Хурлын ажлын холбоог уялдуулахаар Бага Хурлын дарга Р.Гончигдоржоос гаргаж байсан хичээл зүтгэлийг, Их Хурал, Бага Хурлын байнгын үйл ажиллагааг хэвийн явуулахын төлөө зүтгэж явсан Их, Бага Хурлын аппаратын ажилтнуудын бүтээл зүтгэл нь Үндсэн хуулийг бүтээлцэхэд жинтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж дурсаж байх ёстой.
Их Хурал, Улсын Бага Хурлыг зонхилон бүрдүүлж төрийн эрх барьж байсан МАХН-ын дарга Д.Даш- Ёндонгийн хүлээцтэй чанар, бусдыг сонсох тэвчээр, өргөн мэдлэг, аядуу зөөлөн харилцаа нь үе үе хүнд байдал, гацаанаас гаргахад улс төрийн нам эвсэл холбоодтой ойлголцон зөв гарц олоход, их самбаа гаргаж чадсан явдал нь түүхэнд тэмдэглэгдэх явдал мөнөөс мөн. Ардын Их Хурал ойлголцол, эвлэрэл, зохицол, эв санааны нэгддийн цогц болж байсан учир Үндсэн хуулиа бид ойлгоцол, зохицол эвлэрлээр батласан гэж санан дурсаж явдаг аа би.
Л.Пүрэвгял: Хотын залуучууд “Энэ депутатууд чинь яасан ядуу улс вэ” гэж ярилцаж байхыг манай нөхөд сонссон байж билээ
БНМАУ-ын АИХ-ыг сонгох 1990 оны сонгууль аль ч үед байгаагүй жинхэнэ ардчилсан чөлөөт сонгууль болсон. Энэ үед миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум-нэгдлийн даргын алба хашиж байгаад сум, нэгдлийн удирдлага салж Сумын гүйцэтгэх захиргааны даргын албаа өгч “Батзам” нэгдлийн даргаар үлдсэн үе.
Ардын Их Хурлын сонгуульд МАХН-аас саальчин Ц.Жавзангийн нэрийг дэвшүүлсэн. Миний бие Эрдэнэцогтод хөдөөгийн 5 баг (бригад) сумын төв нийт 6 хэсэгт нэр дэвшүүлэх хурал удирдах боллоо. Хурал эхлэхийн өмнө бригадын зоотехникч эмэгтэйд Ц.Жавзангийн нэрийг дэвшүүлэх бодлогоо хэлж, санал оруулахыг зөвлөөд намтрыг нь өглөө. Хурал эхэллээ. Өнөө эмэгтэй босдоггүй. Цагаанчулуун (малчин) босоод миний нэрийг дэвшүүллээ. Би аргаа бараад өөрөө босч Ц.Жавзангийн нэрийг дэвшүүлсэн боловч ер нь авч хэлэлцэх шинжгүй. Тэгэхээр нь дахин босч “Би МАХН-ын гишүүн хүн Ц.Жавзанг дэмжиж байна. Та нөхөд намайг байгаа болохоор ийм хандлага гаргалаа. Намайг хүнд байдалд орууллаа. Нэр дэвшүүлсэнд баярлалаа” гэдгээ хэллээ. Санал хураахад 100 хувь надад санал өгчээ. Хурал тараад өнөө эмэгтэйг дуудаад “Яагаад боссонгүй вэ, чадахгүй бол хэлэх нь яасан юм бэ” гэж зэмлэнгүй асуухад “Манайхан аль хэдийнэ ярьж тохирсон болохоор айгаад чадсангүй” гэж байна. Гаднаас харахад өөрөө очоод өөрийнхөө нэрийг дэвшүүлээд ирсэн мэт санагдаад сэтгэл зовж байтал бүх багуудаас миний нэрийг дэвшүүлснийг мэдэж дотор онгойж билээ.
1991 оны 6 дугаар сард аймгийн орлогч даргаар ажиллах болсон. Баянхонгор аймгаас сонгогдсон депутатуудын бүлгийн ахлагчийн хувьд аль нэг асуудлаар хамтарч зөвшилцөх бодол саналаа нэгтгэх, зохиогдож буй ажилд зохион байгуулалттай оролцох, ирцээ бүрдүүлэх зэргээр хуралдаантай зэрэгцсэн янз бүрийн ажлууд үе үе давтагдана.
Үндсэн хуульд улсын нэр, газар өмчлүүлэх, Засгийн газрыг огцруулах эсэх зэрэг эгзэгтэй асуудлууд дээр саналаа үнэхээр нэгтгэж чадаж байсан. Газар өмчлүүлэх асуудлыг дэмжиж намайг үг хэлж байхад Дархан, Сэлэнгэ чиглэлийн зарим депутатууд араас хашгирч дургүйцлээ илэрхийлэхэд манай аймгийн Гурванбулаг сумаас сонгогдсон О.Нямдаваа асан тэдэнтэй маргалдаж, өндөр дуугаар “Монголын үржил шимтэй газар нь суучихаад, та нар юу юм бэ өмчлүүлж л таараа” гэж байж билээ. Олонхын саналаар үнэхээр ч өмчлүүлэхээр шийдэгдсэн дээ.
Их Хуралд депутатуудын олон бүлгүүд байсан. Аймгийн депутатуудын бүлгээс гадна Өвөрхангай аймгийн дарга асан Төмөрбаатараар ахлуулсан аймгуудын депутатуудын ахлагчдын бүлэг чухал үүрэгтэй, их нөлөөтэй байсан.
Аймгийн дарга Г.Цэдэндагватайгаа утсаар байнга холбогдож бензин шатахууны хангалт, машин тэрэг хуваарилах, Улаанбаатарын төвлөрсөн хэрэгцээнд мах нийлүүлэх, говь, тал хээрийн бүсийг хамарсан цасан шуурганы үр дагаврыг арилгах, мал өвөлжилтийн асуудлуудаар аймгийн орлогч даргын хувьд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн болон онцгой комиссын дарга шадар сайд асан Пүрэвдорж нар дээр хэд хэдэн удаа орж мэдээлэл өгч, асуудал тавьж шийдүүлж байсан.
Хилийн гарц нээхийн тулд Александр генерал, Батжаргал сайд нартай Баянхонгор аймгийн депутатууд уулзалт зохион байгуулж энэ уулзалтаар Ма Зун Шингийн хилийн боомт нээх асуудлыг эхлэн хүчтэй тавьж энэ нь нэг жилийн дараа шийдэгдсэн дээ. Харамсалтай нь Их говийн дархан газрыг дайрсан замтай учраас хожим хаагдсан.
Их Хуралд сонгогдсон депутатуудын бараг дөрөвний нэг нь нэгдлийн дарга нар байсан. Энэ нь нэгдэл, нэгдлийн дарга нар улс орны амьдралд ямар их үүрэг гүйцэтгэж байсны илрэл, нөгөө талаар нэгдлийн дарга гэдэг албан тушаалд шилдэг сайн боловсон хүчнүүд ажиллаж байсныг харуулсан үзүүлэлт гэж боддог.
1990-ээд оны эхэн үе гэхэд нийт хүмүүсийн амьдралын түвшин ойролцоо өмчөөрөө ялгарсан ялгаа газар аваагүй байсан үе. Хотын залуучууд “Энэ депутатууд чинь яасан ядуу улс вэ” гэж ярилцаж байхыг манай нөхөд сонссон байж билээ. Амралт, завсарлага, хоол унданд бөөнөөрөө явна. Ихэвчлэн гял, цал юмгүй даавуун пальтотой, туулай юм уу бужгар хурган малгайтай бөөдийсөн нөхөд л харагдаа биз. Мэдээж зонхилох нь хөдөөнийх юм чинь. Үндсэн хууль батлахад ер нь намчирхсан хандлага байгаагүй. Урт настай сайн хууль болгохыг хүн бүр зорьж байсныг хэлэх нь зүй.
Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/
Дэлхий нийтээр..
АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав
Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.
Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.
Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.
Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.
Дэлхий нийтээр..
АВСТРАЛИ: Тэрбумтнуудын хөрөнгө ардчилсан улс төрийн тогтолцоог гажуудуулж байна
Австралид улс төрийн санхүүжилтийн шинэ хуулиар хандив болон сонгуулийн сурталчилгааны зардалд анх удаа дээд хязгаар тогтоохоор боллоо. Хэдий тийм боловч эдгээр хязгаарлалт нь хэт өндөр, журам нь нарийн төвөгтэй байгаагаас гадна хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулсан нь томоохон намуудад давуу тал олгох магадлалтай байна.
Австралийн уул уурхайн салбарын тэрбумтан Жина Райнхарт болон түүний хамаарал бүхий этгээдүүд өнгөрсөн жилд “Нэг үндэстэн” (One Nation) намд 3 сая гаруй австрали долларын (ойролцоогоор 7.5 тэрбум гаруй төгрөг) хандив өгсөн гэх мэдээлэл байна. Тэд энэ дэмжлэгээ мөнгөн хэлбэрээр олгохоос гадна хувийн нисэх онгоц бэлэглэх замаар гүйцэтгэсэн гэж мэдээлжээ. Гэвч Австралийн сонгуулийн хуулийн дагуу эдгээр хандивыг 2027 оны 2 дугаар сар хүртэл олон нийтэд албан ёсоор тайлагнах үүрэггүй тул одоогоор мэдээлэл бүрэн ил тод болоогүй байна.
Бизнесмен Клайв Палмер сүүлийн гурван удаагийн холбооны сонгуулийн сурталчилгаандаа 260 сая австрали долларын (ойролцоогоор 655 тэрбум гаруй төгрөг) хөрөнгө зарцуулжээ. Энэ нь Австрали Улс өөрийгөө тэгш боломжийг эрхэмлэдэг орон хэмээн үздэг ч бодит байдал дээр баячуудын мөнгөөр далайлган улс төрийн үйл явцад үлэмж хэмжээний нөлөө үзүүлэх боломжтойг харуулж байна.
Гэвч тэрбумтнуудын хувийн санхүүжилтээс өмнө ч Австралийн улс төрд мөнгөний нөлөө хэт өндөр байсаар иржээ. Эрх барьж байсан Хөдөлмөрийн нам болон Либерал нам бизнесийн форум, сүлжээ нэрийн дор арга хэмжээ зохион байгуулж, гишүүнчлэлийн төлбөрт 100,000 австрали доллар (252 сая гаруй төгрөг) авдаг байна. Ингэснээр бизнесийн төлөөлөгчид засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай тогтмол уулзаж, лобби хийх боломж бүрддэг. Австралийн Сонгуулийн хороо эдгээр төлбөрийг “тодорхой үйлчилгээний хураамж” гэж үзэн, олон нийтэд мэдээлэх ёстой хандивын тайланд тооцоогүй нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Гэтэл иргэдийн дийлэнх нь улстөрчидтэй мөнгө төлж уулзах энэхүү тогтолцоог ардчилсан үйл явцыг гажуудуулж байна гэж үздэг.
Одоогийн холбооны түвшний зохицуулалт олон улсын жишигтэй харьцуулахад сул хэвээр байна. Хандивын мэдээллийг ил тод болгох систем нь 1980-аад оны цаасан бүртгэлд суурилсан хуучирсан загвартай бөгөөд жилд 17,300 австрали доллар (43.6 сая төгрөг)-оос давсан хандивыг л тайлагнадаг журамтай байв. Муж, нутаг дэвсгэрийн ихэнх зохицуулалтаас ялгаатай нь холбооны түвшинд хандивын дээд хязгаар байхгүйн дээр гадаадын эх үүсвэрээс хандив авахыг хориглосон заалт саяхнаас хэрэгжиж эхэлсэн байна. Мөн холбооны сонгуулийн сурталчилгаанд зарцуулах хөрөнгийн дээд хязгаар байгаагүй юм.
Австралийн тэрбумтан Жина Райнхарт, Клайв Палмер болон улс төрийн намуудын бизнесийн сүлжээнүүд хуулийн цоорхойг ашиглан сонгуулийн санхүүжилтийг хууль ёсны хүрээнд босгосоор иржээ. Холбооны түвшний улс төрийн намууд улсаас санхүүжилт авдаг байсан ч энэхүү мөнгө нь хувийн хандив, зардлыг хязгаарлах хэрэгсэл болохын оронд намуудын орлогыг улам нэмэгдүүлдэг нэмэлт эх үүсвэр төдий байв. Харин энэ зохицуулалт ирэх жилүүдээс өөрчлөгдөхөөр байна. Шинэ хуулиар холбооны сонгуульд нэр дэвшигч улс төрийн намууд болон лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд дээд хязгаар тогтоож, хандивын хэмжээг хязгаарлахаар тусгажээ. Түүнчлэн хандивын мэдээллийг ил тод тайлагнах, босго дүнг бууруулж, бодит цаг хугацаанд мэдээлдэг болох зохицуулалт хэрэгжинэ.
Ойролцоогоор 250 хуудас бүхий шинэ зохицуулалтыг 2024 онд өрнөсөн урт хугацааны хэлэлцээний үр дүнд боловсруулж, 2025 оны эхээр эвслийн намуудын дэмжлэгтэйгээр баталжээ. Сонгуулийн тогтолцооны энэхүү шинэчлэлийг хоёр том нам хамтран дэмжсэн нь хандивын хязгаарлалт болон ил тод байдлын зарчмыг цаашид тууштай мөрдөхөд чухал ач холбогдолтой алхам болсныг нийтлэлд онцолсон байна.
Гэсэн хэдий ч шинэ зохицуулалт төгс биш юм. Ногоон нам шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг дэмжиж байгаа ч хандивын хязгаарыг хэт өндөр тогтоосныг шүүмжилжээ. Шинэ хуулиар нэг улс төрийн этгээдэд өгөх хандивын дээд хэмжээг 50,000 австрали доллар (125 сая төгрөг) байхаар тусгасан боловч донорууд үндэсний хэмжээний намын салбар нэгжүүд, хэд хэдэн нэр дэвшигч болон тухайн намыг дэмждэг лобби бүлгүүдэд тус тусад нь хандив өгөх боломжтой хэвээр байна. Үүний улмаас нэг донорын жилийн нийт хандивын хэмжээ бодит байдал дээр 1.6 сая австрали долларт (4 тэрбум төгрөг) хүрч болзошгүй байгаа юм.
Үүнээс гадна улс төрийн нэг намын сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хязгаарыг 90 сая австрали доллар (225 тэрбум төгрөг) байхаар тогтоосон нь тэрбумтан Клайв Палмерын өмнөх сонгуулиудад хувиараа зарцуулж байсан хөрөнгөтэй дүйцэж байна. Мөн намуудын зорилтот, өрсөлдөөн ширүүн сонгуулийн тойрог тус бүрд явуулах сурталчилгааны зардал 800,000 австрали доллар (2 тэрбум төгрөг) хэтрэхгүй байх хязгаарлалтыг тогтоожээ.
“Teals” хэмээн нэрлэгддэг бие даан нэр дэвшигчид шинэ хязгаарлалтуудыг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж, уламжлалт намуудад давуу байдал олгож байгааг шүүмжилжээ. Учир нь намын нэр дэвшигчид тухайн намын үндэсний хэмжээний сурталчилгаанаас ашиг хүртдэг бол бие даан нэр дэвшигчдэд ийм боломж хязгаарлагдмал байдаг. Түүнчлэн улс төрийн намууд нэг донороос олон төрлийн сувгаар хандив авах боломжтой байхад бие даасан нэр дэвшигчдэд ийм давуу тал байхгүй. Ийм нөхцөлд шинэ зохицуулалт нь улс төрийн тогтсон намуудыг зохиомлоор хамгаалж, улс төрийн өрсөлдөөнийг хязгаарлах эрсдэлтэй байна.
Лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд 11.25 сая австрали долларын (ойролцоогоор 28.1 тэрбум төгрөг) дээд хязгаар тогтоохоор болжээ. Гэсэн хэдий ч “Teals” бүлгийг дэмжигч томоохон хандивлагчид шууд бус хэлбэрээр сурталчилгаа явуулах боломжтой хэвээр байна. Мөн ашиг сонирхлын бүлгүүд тодорхой бодлогын асуудлыг дэмжсэн кампанит ажил явуулахдаа улс төрийн нам, нэр дэвшигчийг шууд дэмжих, эсвэл эсэргүүцэхгүй байвал зардлын хязгааргүй үйл ажиллагаа явуулах боломжтой аж.
Зохиогч шинэ хуулийг төгс бус боловч өмнөх зохицуулалтаас дээр гэж үнэлжээ. Улс төрийн намууд санхүүжилтгүй болж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох нь зохистой үр дүн биш юм. Харин тэрбумтнууд өөрсдөө шууд сонгуулийн кампанит ажилд асар их хөрөнгө зарцуулахаас илүүтэй санхүүжилтийг улс төрийн намын тогтолцоогоор дамжуулах нь авлигын эрсдэлийг бууруулах боломжтой гэж үзсэн байна. Учир нь улс төрийн нам нь урт хугацааны нэр хүнд, олон нийтийн итгэлийг хадгалах сонирхолтой байдаг бол хувь улстөрчийг хувийн ашиг сонирхлын үүднээс нөлөөлөлд оруулах нь харьцангуй хялбар байж болно.
Шинэ зохицуулалтаар компани болон үйлдвэрчний эвлэлээс ирэх их хэмжээний хандивт тулгуурлах боломжийг хязгаарлахын зэрэгцээ төрийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Санал тутамд олгох төрийн санхүүжилтийг 5 австрали долларт (12,500 төгрөг) хүргэхээр төлөвлөсөн бөгөөд сонгогчид Төлөөлөгчдийн танхим болон Сенатын сонгуульд тус тус санал өгдөг тул нэг сонгогчид ногдох санхүүжилт нийт 10 австрали доллар (25,000 төгрөг)-тай тэнцэх боломжтой. Мөн холбооны парламентын гишүүдийн тоонд үндсэн улс төрийн намууд болон бие даасан гишүүдэд захиргааны үйл ажиллагааны нэмэлт санхүүжилт олгоно.
Гэвч шинэ хуулийн өөр нэг сул тал нь хэт нарийн төвөгтэй байдал юм. Улс төрийн санхүүжилтийн урсгалыг зохицуулах нь өөрөө төвөгтэй боловч шинэ хууль жижиг болон шинээр байгуулагдсан намуудын хувьд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байж болзошгүй. Эдгээр намууд орон нутгийн түвшинд сайн дурын ажилтнуудад түшиглэдэг бөгөөд бүгд хууль зүйн зөвлөгөө авах санхүүгийн боломжтой биш. Иймээс Сонгуулийн хороо жижиг намуудын санамсаргүй алдаа дутагдлыг шийтгэхээс илүүтэй хангалттай нөөц, мэргэжлийн зөвлөгөөтэй томоохон хандивлагчид болон байгууллагын зохицуулалтыг тойрч гарах үйлдэлд анхаарах шаардлагатай гэж зохиогч үзжээ.
Шинэ хуулийн хэрэгжилтийг хоёр жилээр хойшлуулсан шалтгаан мөн эргэлзээ дагуулж байна. Албан ёсны тайлбараар Сонгуулийн хороо шинэ мэдээллийн системийг бэлтгэх, тайлагналын шинэ журмыг хэрэгжүүлэх, холбогдох байгууллага болон иргэдийг шинэ зохицуулалттай танилцуулахад хугацаа шаардлагатай аж. Гэвч зохиогчийн үзэж байгаагаар өөр шалтгаан байж болзошгүй. Жина Райнхарт “Нэг үндэстэн” намд их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж, тус намын сонгуулийн дэмжлэг нэмэгдэж буй энэ үед томоохон намууд 2027 оны сүүл, эсвэл 2028 оны эхээр болох холбооны сонгуулийн өмнө хандив, санхүүжилтээ нэмэгдүүлэх хугацаа авахыг зорьсон байж магадгүй гэж таамаглажээ.
Мөн шинэ хуулийг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцоолоогүй үр дагавар гарч болзошгүй. Тухайлбал, Клайв Палмер өөрийн намд өгөх хандив нь хязгаарлагдвал компанийн бүтцийг ашиглан шууд бус хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах магадлалтай. Үйлдвэрчний эвлэл болон бизнесийн бүлгүүд ч Хөдөлмөрийн нам, эвслийн намуудыг дэмжих зорилгоор шууд сурталчилгаа явуулах боломж хайж магадгүй. Түүнчлэн олон нийтийн бие даасан санаачилга мэт харагддаг боловч цаанаа улс төрийн болон бизнесийн ашиг сонирхлоор санхүүждэг бүлгүүд бий болж, хуулийн зохицуулалтыг тойрч гарах эрсдэлтэй байна.
Зохиогчийн дүгнэснээр улс төрийн үйл явц дахь мөнгөний нөлөөг зохицуулах төгс тогтолцоо гэж байхгүй. Шударга байдлын зарчим, улс төрийн тэгш байдал, эрх чөлөө, улс төрийн намуудын үйл ажиллагааг санхүүжүүлэх бодит хэрэгцээг харилцан тэнцвэржүүлэх шаардлагатай. Улс төрийн санхүүжилтийн зохицуулалт нь байнга өөрчлөгдөж байдаг нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэгдэх ёстой тул Австралийн шинэ хуулийг арван жилийн эцэс гэхэд дахин хянах шаардлага гарах нь гарцаагүй гэж үзжээ.
Эх сурвалж: Graeme Orr, “Australia’s Billionaire Problem and the ‘Corruption of the Democratic Process’,” The Diplomat, 2026 оны 10 дугаар сарын 12
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
-
Дэлхий нийтээр..2020/02/11
Шинэчилсэн хамгаалалтын элемент бүхий мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнд гаргана
-
Дэлхий нийтээр..2025/03/17
Нийслэлд гал түймрийн 35 дуудлага бүртгэгджээ
-
Үйл явдал2022/05/23
ИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Үйл явдал2025/02/06
Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн
