Дэлхий нийтээр..
Д.Амарбаясгалан: Банк, санхүүгийн салбарын шинэчлэл нь зээлийн хүүг бодитой түвшинд бууруулж, иргэний эрх ашгийг хамгаалахад чиглэх ёстой
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр томилогдсонтой холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Олон нийтийн дунд зарласан нээлттэй сонгон шалгаруултын дүнд ил тод сонсголоор томилогдсон баг бүрэлдэхүүн нь нэн тэргүүнд ёс зүй, хариуцлагын зарчмыг чухалчлах ёстойг УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгов. Тэрбээр, төв банкны үйл ажиллагаа ил тод бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстойг онцлоод салбар бүрт туршлагатай, мэргэшсэн төлөөллүүд томилогдсонд УИХ-ын гишүүд болон иргэд, олон нийтийн зүгээс итгэл, хүлээлт өндөр байгааг уламжиллаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, энэ удаагийн парламент банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ нэн түрүүнд зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах, зээлдэгчийн буюу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд дарамт бус боломж олгодог эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарна хэмээв. Түүнчлэн бодлогын хүү буурахад зээлийн хүү буурна гэх мэт ерөнхий ойлголтоор хязгаарлах бус нарийвчилсан, олон талт зохицуулалтаар хэрхэн яаж иргэдэд ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн шийдлийг хэрэгжүүлж болох талаар хамтран ажиллахыг УИХ-ын дарга тодотголоо.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийн зүгээс төсөв, мөнгөний бодлоготой уялдуулан тулгамдаж буй асуудлуудын хүрээнд хэрхэн ажиллах талаар санал, шийдлээ танилцуулав. Тухайлбал, Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийн зүгээс санхүүгийн зах зээлийн бүтэц, төв банкны засаглалын хэлбэр, зээлийн эх үүсвэр болон эдийн засгийг төрөлжүүлэх зорилтот шийдлүүдийн хүрээнд санал солилцлоо. Түүнчлэн, Хяналтын зөвлөлийн дарга Н.Ууганбаатар, салбарын хууль тогтоомжийг цаг үеийн шаардлага болон олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хэрэгтэйг онцолсон бол зөвлөлийн гишүүн Д.Энхжаргал олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, хариуцлагын системийг сайжруулахаас гадна хэрэглээг бус хуримтлалыг дэмждэг болоход анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Уулзалтад оролцогчид үргэлжлүүлэн хөдөө аж ахуйн чиглэлээр болон бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн эх үүсвэрүүд, дижитал эдийн засгийн хувьсал өөрчлөлт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар нээлттэй санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, аливаа хууль, тогтоомжийн төвд аль нэг байгууллагын хэм хэмжээ бус ард иргэдийн эрх ашиг хадгалагдаж байхыг эрхэм зорилгоо болгож ажиллахыг үүрэг болгов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
-
Үйл явдал2024/04/22
Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно
-
Дэлхий нийтээр..2022/12/22
Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий 4 шүүгдэгчид хилээр гарахыг хязгаарлах хязгаа...
-
Дэлхий нийтээр..2021/04/21
Ажлын байранд коронавируст халдварын сэжигтэй тохиолдлын үед авах арга хэмжээний...
-
Дэлхий нийтээр..2025/10/07
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, ...
