Тод мэдээ
"Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг нэгтгэж, орон тоог 30 хувь хүртэл цомхотгоно
Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нар танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Монголын төмөр зам" ТӨХК, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийг нэгтгэснээрээ чиг үүргийн давхардлыг бууруулж, орон тоог 30 хувь хүртэл цомхотгоно. Цаашдаа ийм бодитой тооцооллыг хийнэ хэмээн мэдээллээ.
Мөн тэрбээр ""Эрчист Монгол" дээр уул уурхайн бус компаниудыг нэгтгэснээр одоо ТУЗ байгуулагдаж, олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтыг хийгээд эхлэхээр цалин дээр гэхэд 11 тэрбум төгрөгийг хэмнэнэ. Цаашдаа тодорхой хэмнэлтийг тоогоор харуулж, танилцуулна. Цалин хөлс, урамшууллын тогтолцоог бид Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулиар 74 мэдээлэл ил болно. Энэ хүрээнд цалин хөлс нь ил болно.
Дээрээс нь Баялгийн санд 270 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлээд байгаа компанийн захирлын цалин, гурван жил алдагдалтай ажилласан компанийн захиралтай адил цалин авч байна. Урамшуулал ашигт ажиллагаанд суурилна. Тэр нь олон нийтэд ил байна. Компаниуд жил бүр алдагдлаа бууруулж, хэмнэлт хийж байх ёстой.
Сайн жишигт тулгуурласан бизнес нөхөрлөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зөвшөөрөл нэртэй бичиг баримтуудыг цуцлах арга хэмжээг долоо хоног бүр шийдвэрлэнэ. Нийт 360 зөвшөөрөл батлагдсан боловч хууль нэмж баталсантай холбоотойгоор 400 гаруй болж нэмэгдсэн байна. Зарим бизнесийн үйл ажиллагааг зөвхөн мэдэгдэж, үйл ажиллагаа явуулдаг болно. Монголд бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ” гэв.
Тод мэдээ
Нийслэлийн хэмжээнд 2025 онд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирчээ
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.10 дугаар зүйлийн 4.1,4.2 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2025 оны байдлаар судаллаа.
2025 оны байдлаар нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь нас хохирч, үүнээс 18 нь насанд хүрээгүй, 132 нь 18-аас дээш насныхан байна. Ослын улмаас амиа алдсан хүний тоо өмнөх оны мөн үеэс 34 хэргээр буюу 30.3 хувиар өссөн байна.

Тээврийн прокурорын газраас зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт хяналт тавьж, шүүхэд шилжүүлсэн хэргээс анхан шатны шүүх 18 хэрэгт тэнсэх, 49 хэрэгт ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Одоогоор 75 хэрэг шалгах ажиллагаа хийгдэж байна.
Судалгааны дүнгээс үзэхэд “Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон” хэрэгт бүрэн дунд болон дээд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс зонхилон холбогджээ.
Хүйтний улиралд замын нөхцөл байдал хүндэрч, халтиргаа, гулгаа ихтэй нөхцөл байдлыг харгалзан бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх, жолооч нар техникийн бүрэн бүтэн байдлыг ханган хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Тод мэдээ
Халиа тошин үүссэн бүсэд арга хэмжээ авч, шороон далан босгон усны урсгалыг хязгаарлах ажил үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд булгийн ус газрын хөрснөөс нэвчин гарсан бөгөөд шар усны ундарга их байгаагаас үүдэн халиа тошин үүсч, айл өрхийн хашаанд ус орон мөстөж, явган зорчигч болон автомашины хөдөлгөөнд хүндрэл учраад байна.

Тус газар 1.2 метр өндөртэй далан босгож, халиа тошинд өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлэн, усны голдиролыг өөрчлөх ажлыг хийж гүйцэтгэж байна.
Тухайн бүсэд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран ажиллаж байна.
Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас зарим газарт усны ундарга татрахгүй байгаа учраас иргэд та бүхэн халиа тошин үүсэх эрсдэлтэй бүс, сав газарт буусан тохиолдолд аюулгүй байршилд даруй нүүх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Тод мэдээ
Тойрог замын төсөл нь түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад бодит шийдэл болно
Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Нэгдүгээр тойрог зам” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материал хүлээн авч байна.
Уг төсөл хэрэгжсэнээр нийслэл хотод олон улсын стандартад нийцсэн, олон эгнээ бүхий автозамын сүлжээ шинээр баригдах юм.
Төслийн трасс нь Баянгол дүүргийн 1, Сонгинохайрхан дүүргийн 9, Чингэлтэй дүүргийн 5, Сүхбаатар дүүргийн 1, Баянзүрх дүүргийн 13 хороо буюу нийт 5 дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрийг хамарна. Автозамын нийт уртын 90 гаруй хувь нь гэр хорооллын бүсээр төлөвлөгдсөн нь хотын захын суурьшлын бүсүүдийг хооронд нь холбож, төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачааллыг сааруулах ач холбогдолтой юм. Мөн автозамын трассын дагуу инженерийн дэд бүтцийн шугам, хоолойн төлөвлөлтийг цогцоор нь шийдвэрлэж, хот байгуулалтын зохион байгуулалт сайжрах нөхцөл бүрдэнэ.
Сүүлийн үеийн судалгаа, тооцооллоор замын түгжрэл, удаашрал нь дотоод шаталтат хөдөлгүүрээс ялгарах хорт бодисын хэмжээг огцом нэмэгдүүлж байгааг онцолжээ. Дотоод шаталтат хөдөлгүүрийн утаанд 200 орчим төрлийн химийн нэгдэл, хорт бодис агуулагддаг бөгөөд энэ нь автомашины элэгдэл, шатахуун зарцуулалт, тээврийн хэрэгслийн жин, замын эсэргүүцэл, хөдөлгөөний хурд, жолоочийн ур чадвар, засвар үйлчилгээний чанар зэрэг олон хүчин зүйлээс шууд хамааралтай байна. Ялангуяа эвдэрч муудсан зам, түгжрэл ихтэй нөхцөлд хөдөлгүүр илүү ачаалалтай ажиллаж, шатахуун зарцуулалт болон агаарын бохирдол нэмэгдэх сөрөг үр дагавартай.
Тодруулбал, дундаж хурд, ачаалалтай автомашин 1 кг бензин шатаахад дунджаар 300-310 грамм, 1 кг дизель түлш шатаахад 80-100 грамм хорт бодис агаарт ялгаруулдаг гэсэн судалгааны дүн бий. Иймээс замын хөдөлгөөний урсгалыг жигдрүүлж, түгжрэлийг бууруулах нь агаарын бохирдлыг багасгах бодит шийдэлд тооцогдож байна.
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн ачаалал буурч, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэх, шатахуун зарцуулалт багасахын зэрэгцээ агаарын бохирдол, хорт хий ялгаралт мэдэгдэхүйц буурах нөхцөл бүрдэх юм.
-
Тод мэдээ2023/04/14
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд 1000 гаруй тамирчи...
-
Өнөөдөр2025/03/07
Шар усны үерийн аюулаас сэргийлэхийг анхааруулж байна
-
Тод индэр2020/04/03
Өмнөговь аймгийн онцгой комисст нэн хэрэгцээтэй зүйлсийг хандивлав
-
Тод мэдээ2022/05/24
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
