Тод мэдээ
Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчино
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Энэ талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоорс тодрууллаа.
Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Энэ хоёр системийн дагуу Нисэх, Багануур, Багахангай чиглэлээс бусад бүх чиглэлд хоёрдугаар сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой” гэв.
Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулах юм.
Ташрамд, автобусны үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй. Улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ
Бэлтгэн нөөцөлсөн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Мөн хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж нийлүүлэлтийн зохиомол хомсдол үүсэх, үнийн хөөргөдөл бий болохоос урьдчилан сэргийлэх, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Монополын эсрэг газар даалгав.
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж, зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ.
Тод мэдээ
Орон нутагт олгох ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан орон нутагт ажиллаж байна.
Тэрбээр өнөөдөр Орхон аймгийн иргэдтэй уулзаж, Үндэсний орон сууцжуулалтын бодлого болон нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлаа танилцууллаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Засгийн газраас 2024-2028 онд Хурдацтай хөгжлийн бодлогын хүрээнд бодлогын 4 том шинэчлэл хийж, Хүний хөгжлийн индексээ сайжруулах зорилт дэвшүүлсэн.
Өнөөдөр манай улсад нэг жилд 17 мянган хос гэрлэлтээ батлуулж, 5 мянга хос гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн тоо бий. Гол шалтгааны нэг нь өрхийн орлого бага, орон сууцгүйгээс болж байна.
Гэр бүлд суурилсан бодлогын хамгийн чухал нь орон сууцжуулалт. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн ипотекийн зээл өгөөжөө өгсөн ч, танил талаараа дамжуулан зээл авдгаас үүдэж хамгийн багадаа 3-4 жил хүлээдэг, орон сууцны үнийн хөөсрүүлсэн тул зорилтот бүлэгтээ төдийлөн хүрсэнгүй.
Цаашдаа ипотекийн зээлийг анх удаа орон сууц авч байгаа залуу гэр бүл, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, олон хүүхэдтэй гэр бүл зэрэг зорилтот бүлэг рүү түлхүү хөгжүүлнэ.
Дан ганц орон сууцанд биш эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцанд ч ипотекийн зээл олгодог болж, хашаандаа сайхан амьдрах зорилтыг хэрэгжүүлж, орон нутагт өрхийн орлогод нийцсэн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ" гэлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Төрийн байгууллагуудын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны нэгдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах чиглэлээр Үндэсний урлагийн их театр, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст зөвлөмж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд хуулийг хэрэгжилтийг хангуулах тухай албан бичиг тус тус хүргүүллээ.
Авлигын шалтгаан, нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг арилгах, ил тод, нээлттэй байдлыг үнэлэх хийх чиг үүргийн хүрээнд Зам тээврийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Ойн газар, Ашигт малтмал газрын тосны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монополын эсрэг газар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газар, Цэргийн төв эмнэлэг, “Бөртэ”, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ зэрэг байгууллага дахь төсвийн хөрөнгө, зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтын ил тод байдалд дүн шинжилгээ хийв.
Авлигын эсрэг сургалтад 11 байгууллагын 787 албан тушаалтныг хамруулав гэж АТГ-аас мэдээллээ.