Тод мэдээ
Хуучин гараашнуудыг буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижууллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заагдсан байршлын гараашнуудыг буулгаж нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд хийгдэж буй. Тус ажлын хүрээнд Баянгол дүүргийн 4, 12, 13, 18 дугаар хороодын нийт дөрвөн байршилд нийтийн эзэмшлийн талбайд байсан хуучин гараашнуудыг буулгасан. Чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажил дуусаж улсын комисс хүлээн авлаа.
Бүтээн байгуулалтын талбайд авто машины зогсоол, пандус, явган зам, дугуйн зам, спорт талбай, тоглоомын талбай, тайз, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн төхөөрөмж, ногоон байгууламж, сандал сүүдрэвч, хогийн сав байршуулж тохижилтын ажлыг тус тус гүйцэтгээд байна.
Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Люксдаймонд” ХХК, “Ай Вай И Зэт групп” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ
Тод мэдээ
Гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” болно
Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, утга зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор манай улс 0-16 насны бүх хүүхдэд, төрийн болон орон нутгийн бүх музей үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг билээ.
Тун удахгүй буюу сар шинийн дараа гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг орон даяар эхэлнэ.
Нээлттэй өдрүүд арга хэмжээний үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгарч, энэ өдрүүдэд бүтэн жилийн хугацаанд музей үздэг хүний тоотой тэнцэх хэмжээний хүн ганцхан өдөрт музейд шавж, маш их ачаалал үүсгэдэг.
Тиймээс олон хүнтэй үед хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй тул эцэг эхчүүд, багш нар үүнийг бодолцож, том хүмүүстэй шахцалдан музей үзэх шаардлагагүйг Чингис хаан Үндэсний музейн зүгээс анхааруулж байна.
"Музейн нээлттэй өдрүүд”-ээс бусад өдрүүдэд хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай цагтаа музейгээ хэдэн ч удаа үзэж болох бөгөөд, эцэг, эхчүүд, багш нар хүүхдээ дагуулан ирж музей үзсэний дараа “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагдаж, түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялаарай.
Тод мэдээ
Автотээврийн үндэсний төвийн салбарууд уртасгасан цагаар ажиллана
Сар шинийн өдрүүдийг угтаж, Автотээврийн үндэсний төвийн салбарууд уртасгасан цагаар ажиллах юм байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 24-28-ны өдрийг дуустал 08:30-22:00 цаг хүртэл ажиллана.
Тод мэдээ
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо
Улсын Их Хурлын даргын 82 дугаар захирамжаар байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Хөвсгөл, Булган аймагт ажиллалаа.
Уг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Ж.Батжаргал нар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзахын зэрэгцээ салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаарх хэлэлцүүлэгт оролцсон.
Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийнхэн “Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл”-ийн талаар танилцуулж, энэхүү бие даасан хуулийн төсөл нь өрхийн үйлдвэрлэгч, бичил бизнес эрхлэгчдэд тавигдах шаардлагыг бууруулж, тэдэнд бодлогын дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн гэдгийг онцолж байлаа.
Бизнес эрхлэгчид татварын хувь, хэмжээг бууруулах, кластераар хөгжүүлэх, дэмжиж буй салбарын төрлийг олшруулах, борлуулалтын шинэ сувгуудыг нээх, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн цахилгааны үнийг нэмэгдүүлснээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, ашиг орлого буурч байгаа талаар болон бичил бизнес эрхлэгч иргэнд биш зөвхөн аж ахуйн нэгж, хоршоологчдод хөнгөлөлттэй зээл олгож байгаа нь хүндрэлтэй байгааг хэлж байв. Түүнчлэн хөнгөлөлттэй зээлүүд хүртээмжгүй, 50 сая төгрөгөөс доош орлоготой өрхийн үйлдвэрлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш учраас бараа, бүтээгдэхүүнийг нь худалдан авч борлуулах дэлгүүр, хоршоо олддоггүй зэрэг тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.
Ажлын хэсэг иргэдээс тавьж буй санал, хүсэлтэд тулгуурлан нөхцөл байдалд үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд хуулийн төсөлд тусгахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Ажлын хэсгийн эл бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Улсын Их Хурлын Хяналт шалгалтын газрын референт Х.Хэрлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах шинжээч Э.Сугарбаяр, Жижиг, дунд үйлдвэрийн газрын хэлтсийн дарга Н.Энхтөр тэргүүтэй салбарын яамд, газрын холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Өнөөдөр2024/02/23
Гуу жалгандаа нэг метр зузаан цастай байна
-
Тод мэдээ2023/07/20
ЗГ: Нийслэл үнэт цаас гаргахыг дэмжив
-
Тод мэдээ2021/08/25
БНСУ-д ажиллах хүсэлтэй, бүртгүүлсэн иргэдийн анхааралд...
-
Тод индэр2022/01/13
БНСУ-ын зарим компани Монголын орон сууцны бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэйг...