Үйл явдал
Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар өсжээ
2025 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар, өмнөх сараас 0.5 хувиартус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсч, харин өмнөх сараас 2.0 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар тус тус өссөн байна. 2025 оны 1 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.42 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгийн үнэтэй байна.

Үйл явдал
Шар шороон шуурганы эсрэг Азийн орнууд хүчээ нэгтгэж эхэллээ
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (ESCAP) 82 дугаар чуулган 2026 оны 4 дүгээр сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганы хүрээнд 4 дүгээр сарын 23-ны өдөр шар шороон шуурганы асуудлаарх тусгай арга хэмжээ болж, бүс нутгийн орнууд байгалийн энэ гамшгийн эсрэг хүчээ нэгтгэх шинэ санаачилгыг албан ёсоор эхлүүлэв. Уг арга хэмжээг Монгол Улс, НҮБ болон "Хятад-Япон-БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар" хамтран зохион байгуулсан юм.
Олон улсын байгууллагуудын гаргасан тайлангаар сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын тал шахуу хувь буюу 3.8 тэрбум хүн аюултай түвшний тоосжилтод өртөөд байгаа бөгөөд жил бүр агаар мандалд дэгдэж буй 2 тэрбум тонн элс, тоос нь 150 гаруй улс орны иргэдийн эрүүл мэнд, хүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болжээ. Зүүн хойд болон Төв Азийн хуурай бүс нутгаас эхтэй шороон шуурга Бээжин, Сөүл, Токио зэрэг томоохон хотуудын агаарын чанарыг ноцтой доройтуулж байгаа нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байгааг илтгэж байна.
Монгол Улсын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэхэд бүс нутгийн хэмжээнд цаг уурын ажиглалтын нэгдсэн тогтолцоотой болох, иргэдэд хүртээмжтэй эрт сэрэмжлүүлэг хүргэх систем хөгжүүлэх, мөн хамтын ажиллагааг институцийн түвшинд тогтвортой бэхжүүлэх гэсэн гурван гол чиглэлийг санал болголоо. Энэхүү чухал санаачилгыг ирэх наймдугаар сард Улаанбаатар хотод болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлын (COP17) үеэр дэлхий нийтэд албан ёсоор танилцуулахаар талууд тогтсон байна.
Үйл явдал
Японд ойн түймрийн улмаас 3 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Японы хойд нутагт дэгдсэн ой хээрийн хоёр томоохон түймрийг унтраахаар 1000 гаруй гал сөнөөгч дөрөв дэх өдрөө ажиллаж байна. Бямба гарагийн байдлаар гал түймэр суурьшлын бүсэд ойртсон тул 3000 гаруй оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Энэ удаагийн гал түймэр нь цар хүрээгээрээ Японы түүхэнд бүртгэгдсэн гурав дахь томоохон тохиолдол болж байна. Сүүлийн жилүүдэд тус улсад ойн түймэр олонтоо гарах болсон юм.
Эхний түймэр өнгөрсөн лхагва гарагт уулархаг бүсэд гарсан бол удалгүй Иватэ мужийн Оцүчи хотын суурьшлын бүсийн ойролцоо хоёр дахь голомт үүсжээ. Саад бартаа ихтэй уулархаг газар нутаг, хуурай цаг агаар болон хүчтэй салхины улмаас түймрийг цурманд оруулахад хүндрэлтэй байна. Бямба гарагийн байдлаар гал түймэрт 730 орчим га талбай өртөж, 1541 өрхийн 3233 иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Одоогийн байдлаар найман барилга байгууламж, тэдгээрийн дотор нэг орон сууц галд өртөж сүйдсэн бөгөөд хүний амь нас эрсэдсэн, гэмтэж бэртсэн тохиолдлууд бүртгэгдээгүй байна.
Үйл явдал
Сэжигтэн этгээдийн зорилго, сэдэл тодорхойгүй хэвээр байна
Вашингтон хотноо болсон Цагаан ордны сэтгүүлчдийн уламжлалт оройн зоогын үеэр буун дуу гарсан хэрэгтэй холбогдуулан саатуулагдсан сэжигтэн этгээдийн талаар шинэ мэдээлэл гарчээ.
Албаныхны мэдээлснээр уг хэрэгт холбогдуулан 31 настай Коле Томас Аллен гэгчийг баривчилсан байна. Тэрбээр Калифорни мужийн Торранс хотоос ирсэн бөгөөд хэрэг гарсан газар буюу Вашингтон Хилтон зочид буудал орчимд саатуулагджээ.

Мөрдөн шалгах байгууллагуудын урьдчилсан дүгнэлтээр сэжигтэн этгээдийг ганцаараа үйлдэл хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд өөр хамсаатан илрээгүй байна. Тэрбээр шалган нэвтрүүлэх бүсийг зөрчихийг оролдсон бөгөөд тухайн үед олон төрлийн зэвсэг биедээ авч явсан тухай мэдээлжээ.
Одоогоор хэрэг явдлын зорилго, сэдэл тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд холбогдох байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэхүү хэрэг нь Цагаан ордны сурвалжлагчдын оройн зоогийн арга хэмжээний үеэр гарсан бөгөөд хамгаалалтын алба шуурхай арга хэмжээ авч, сэжигтнийг газар дээр нь баривчилсан юм.




-
Дэлхий нийтээр..2024/01/10
Автобусны тасалбар 1000 төгрөг болох эсэхийг НИТХ-аар эцэслэн шийднэ
-
Үйл явдал2025/01/06
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
-
Үйл явдал2022/07/22
Хүнсний 1-р дэлгүүрээс Байгалийн түүхийн музей хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
-
Үйл явдал2025/09/09
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
