Өнөөдөр
Монголын Үндэсний Бөхийн Холбооны БНСУ дахь салбар холбоо байгуулагдлаа
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Бүгд Найрамдах Солонгос Улс дахь салбар холбоо байгуулагдлаа.
Өнөөдрийн байдлаар Солонгос улсад 55.000 орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэд өөрсдийн идэвх санаачилгаар хилийн чанадад үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Солонгос улс дахь салбар холбооны Удирдах зөвлөлийн даргаар Кеннам аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүн, Монгол Улсын иргэн Н.Мөнхзаяа, Гүйцэтгэх захирлаар сумын заан Дашпунцагийн Ядмаа нар ажиллахаар болсон байна.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав салбар холбооны тамга, гэрчилгээг гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
Өнөөдөр
Цэргийн бүртгэл үргэлжилж байна
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй.
Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай.
Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана.
Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Хэрэв “E-Mongolia” системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харж болно.
Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирч, харьяа баг, хороон дээрээ очно
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэд оршин суугаа газрынхаа хороонд болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээн бүртгүүлэх боломжтой. Ажлын өдөр 08:00-17:00, амралтын өдөр 09:00-16:00 цагийн хооронд бүртгэнэ. Цэргийн бүртгэлийн хүрээнд цаашид олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Тухайлбал, дайчилгааны нөөцийг шинэчлэн тогтоох, дайчилгааны нөөцөд хамрагдах иргэдийн чанар байдалд судалгаа хийх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулдаг. Эдгээр нь хугацаат цэргийн алба хаах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.

Өнөөдөр
ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
БНХАУ-д риновирусийн халдвар дэгдэж, олон хүн өвчилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ нь шинэ халдвар биш бөгөөд томуу төст, түгээмэл вирус. Халдварт өвчний аюулт бус ангилалд багтдаг. Ихэвчлэн нярай, архаг хууч өвчтэй, өндөр настай, дархлаа дарангуйлагдсан хүмүүс өртөж уушгины нарийн гуурснуудын үрэвсэл, хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна.
Дэлхий дахинд төдийгүй манай улсын хүн амын дунд жил бүр өвчлөл үүсгэдэг.
Риновирус болон бусад амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь амны хаалт зүүх, гараа савандаж угаах юм гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.




Өнөөдөр
Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна
Өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний нийт 14 байгууллагын бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан байна.
Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна.
Зам талбайд 45 тонн давс, 84 тонн бодис цацсан бөгөөд 1149.5 тонн давс, 471.5 тонн бодис, 94 шоо метр дайргын нөөцтэй байна.
Явган зам, зорчих хэсэг хусалт, түрэлт, цэвэрлэгээнээс гарсан хар цасны ачилтын цэвэрлэгээг хийсэн.
Харин Хөшигийн хөндий, Айцын даваа, Морингийн даваа, Наадамчдын зам болон гэр хорооллын дундах замуудад давс, бодис цацаж байна.




-
Тод индэр2021/10/29
О.Амартүвшин: III тун бол эдийн засгаа хамгаалж, бизнесээ үргэлжлүүлэх боломж
-
Тод мэдээ2020/07/23
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын газар шорооны ажил 93 х...
-
Тод мэдээ2020/12/24
Нийслэл, орон нутгийн оношилгооны цэгүүдэд нийт 406 мянган иргэнийг шинжилгээнд ...
-
Тод мэдээ2026/01/16
“Туулын хурдны зам” төслийн газар чөлөөлөлт 15 хувьтай байна
