Дэлхий нийтээр..
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын жишгийн дагуу тус зөвлөлийг шинэчлэн байгуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар болсныг онцлов. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага болон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг бүрдүүлжээ.
Монголын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн чиг үүрэг, цар хүрээг дэлхий дахинд жишиг болсон Сингапур, Бахрейн улсын Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн жишигт хүргэх зорилт тавьж, хэрэгжүүлэх ажлын 51 хувь нь гадагшаа чиглэж, гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах ёстой. Business Friendly Mongolia буюу Монгол Улс бизнес эрхлэхэд таатай улс болох стратегийг хэрэгжүүлж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа олон улсын бизнесийн орчин руу Монгол Улсыг “хөтлөх” зорилготой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Засгийн газар хиймэл оюун, өндөр технологийн шилжилт, ногоон хөгжлийн шилжилт, хүний нөөцийн шилжилт гэсэн гурван шилжилтийг салбар бүрд хийхээр зорьж буй. Тиймээс шинэ эдийн засгийн бүтцийн үндсэн хөшүүрэг нь баялаг бүтээгчид байх бөгөөд дээрх гурван шилжилтийг хэрэгжүүлж баялаг бүтээгчдийг бүхий л талаар дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Ирэх долдугаар сард болох Монголын Эдийн засгийн форумын бэлтгэлийг одооноос эхлүүлэх, зохион байгуулалтад анхаарахаас илүүтэй бодит үр дүн гаргах нь чухал. Татварын орчин гэхэд зөвхөн нэг талаас анхаарах бус төр, иргэн, аж ахуйн нэгж гэхчлэн бүх талыг оролцуулж эрх зүйн орчныг шийдэх нь илүү оновчтой. Эдийн засгийн хөгжлийн зөвлөл асуудал бүрд төвлөрч, бүх талын саналыг нэгтгэж, ажил хэрэгч ажиллахыг Ерөнхий сайд анхааруулав.
Засгийн газрын гишүүн, Шадар Сайд Т.Доржханд Дэлхийн эдийн засгийн 55 дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улс хэрхэн оролцсон талаарх үр дүнг, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Бизнес эрхлэх орчны үнэлгээ” шалгуур үзүүлэлт, бизнесийн орчны индексүүдийн талаар тус тус танилцуулав.
Бизнес эрхлэхүйн индексээр манай улс 2020 онд 190 орноос 81 дүгээр байрт, Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексээр 2024 онд 176 орноос 76-р байрт жагссан байна. Монгол Улсад бизнес эхлэх, өмч бүртгүүлэх зэрэгт тулгардаг шат дамжлагыг цөөрүүлэх, зөвшөөрлийн цахим системийг боловсронгуй болгох, зээлийн хүү, татварын төрөл, хувь хэмжээг бууруулах, үр ашиггүй татаасыг зогсоох, үнэт цаасны зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, гадаад худалдаа эрхлэхэд бичиг баримт бүрдүүлэхэд хугацаа их зарцуулдгийг өөрчлөх, хөрөнгө оруулагчдын эрхийн хамгаалал сул, хүнд суртал их, шүүхийн үйл ажиллагааны чанар тааруу, авлигын хяналтын орчин муу байгааг иргэд, хувийн хэвшлийнхэн хэлж байв.
Төрд байгаа мэдээллийг иргэнээс давхар нэхэхээ больж, хялбаршуулсан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд шууд олгох, тусгай шаардлагуудыг олгосны дараа хянадаг болох, QR код ашиглах зэрэг шийдлийг зөвшөөрөл олгохдоо нэвтрүүлдэг болохоор ажиллаж байгааг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудлыг танилцуулахдаа онцлов.
Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ Татварын ерөнхий хуулийн шинэчлэлийн талаар 600 орчим аж ахуйн нэгжээс ирүүлсэн саналыг нэгтгэж танилцууллаа. Эдгээр санал болон Сангийн яамнаас боловсруулсан татварын цогц реформын төслийг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.
Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаас гадна татварын философио эргэж хармаар байна. Татвараар мэргэшсэн шүүх байгуулж, мэргэшсэн шүүгч, прокурортой болох, татварын байцаагч технологийн өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд анхаарах асуудал олон байна. Бизнесийн орчинд үүссэн аливаа маргааныг заавал шүүхээр оруулж ачаалал нэмэхгүйгээр МҮХАҮТ-ын дэргэдэх арбитраар ч юм уу, хараат бус мэргэжлийн шүүгчдээр зохицуулдаг тогтолцоог бүрдүүлмээр байна. Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгааг эргэж харах, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллага төлдгийг болиулах хэрэгтэй зэрэг саналыг тус зөвлөлийн гишүүд хэллээ.
Тус хуралдаанаас Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг, дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томиллоо. Мөн зөвлөлийн дэргэд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бүтэц байгуулахаар болов.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Дэлхий нийтээр..2025/06/13
Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна
-
Дэлхий нийтээр..2025/09/01
Есөн сарын нэгэн боллоо...
-
Дэлхий нийтээр..2024/12/16
Амины орон сууцны мэдээллийн төвийг нээнэ
-
Дэлхий нийтээр..2026/01/28
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Хуванцаргүй COP17” уриалга ...
