Дэлхий нийтээр..
Эрүүл мэндийн салбарт 768 стандарт хэрэгжиж байна
Манай улсад 6700 стандарт хэрэгжиж байгаагаас 768 нь эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байна. Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ хурдацтай хөгжиж буй энэ цаг үед тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах эмчилгээ, оношилгооны арга аргачлалыг стандарт хэлбэрээр бус эмнэлзүйн заавар хэлбэрээр батлах шаардлага үүсээд байна. Цаашид эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартуудыг хоорондын давхцалыг арилгах, шинэчлэх, мэдээллийг ил тод нээлттэй болгох, стандартыг батлуулах процесст төрийн оролцоог багасгах, стандартын хэрэгжилтийн хяналтыг сайжруулах талаар саналыг стандартын эрхзүйн орчныг шинэчлэх ажлын хэсэгт дэвшүүлсэн.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Улсын Их Хурлын гишүүн, болон эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.
Дэлхий нийтээр..
ФИФА кибер халдлагад өртөж, мэдээлэл алдагджээ
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) кибер халдлагад өртөж, хувь хүний болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн болохыг арваннэгдүгээр сарын 26-нд мэдэгдлээ. Тус холбоо хууль сахиулах болон бусад эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.
Халдлага хэзээ болсон, хэдэн хүн, байгууллага өртсөн, яг ямар мэдээлэл алдагдсаныг ФИФА дэлгээгүй байна. Мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн эсэхийг ч тодруулаагүй.
Хэргийн талаар мэдээлэлтэй эх сурвалжийн хэлснээр халдлагад ФИФА-гийн хадгалж буй нийт өгөгдлийн 0.1 хүрэхгүй хувь өртжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг арга хэмжээг хариуцах нэгж байгуулж, хувь эзэмшлийг нь хувийн хөрөнгө оруулагчдад худалдах тухай зогсоосон төслийн баримтад халдагчид нэвтрээгүй гэж уг эх сурвалж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Өмнөд Солонгосын төв банк үнийн өсөлтийг сааруулахаар бодлогын хүүгээ нэмлээ
Өмнөд Солонгосын төв банк арваннэгдүгээр сарын 26-нд бодлогын хүүгээ 3 хувиас 3.25 хувь болгож нэмлээ. Тус улсад аравдугаар сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар өсөж, төв банкны 2 хувийн зорилтоос давжээ. Энэ нь тус банк долоодугаар сараас хойш бодлогын хүүгээ гурав дахь удаагаа нэмсэн шийдвэр юм.
Төв банк эдийн засгийн өсөлтийн төсөөллөө мөн дээшлүүлэв. Өмнөд Солонгосын эдийн засаг 2026 онд 3.9 хувь, 2027 онд 4.1 хувиар өснө гэж тооцжээ. Наймдугаар сард энэ хоёр үзүүлэлтийг 3.3 болон 2.9 хувь байхаар төсөөлж байсан юм. Хиймэл оюуны салбарт ашигладаг чипийн эрэлт нэмэгдэж, хагас дамжуулагчийн экспорт өссөн нь төсөөллөө нэмэх гол үндэслэл болжээ.
Экспорт өсөж байгаа ч эрчим хүчний өндөр үнэ инфляцыг зорилтот түвшнээс дээгүүр байлгах төлөвтэй байна. Төв банк 2027 оны инфляцын төсөөллөө 2.3 хувиас 2.4 хувь болгон нэмэгдүүлжээ. Мөн Сөүл болон нийслэл орчмын бүсэд орон сууцны үнэ өсөж байгаа нь өрхийн өрийг цааш нэмэгдүүлж болзошгүйг анхааруулсан байна.
Дэлхий нийтээр..
Йордан терроризмтой холбоотой гэмт хэргийн ялыг чангатгахаар хэлэлцэж байна
Йорданы парламентын доод танхим терроризмтой тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг арваннэгдүгээр сарын 25-нд Хууль зүйн байнгын хороонд шилжүүлжээ. Тус улсын өмнөд хэсгийн Карак мужид сүмд халдаж, есөн хүний амь хохирсны дараа уг төслийг хэлэлцэж байна.
Засгийн газрын дэмжсэн төслөөр терроризмтой холбоотой гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээг 10 жил, зарим тохиолдолд 15 жил болгохоор тусгажээ. Хамгийн хүнд гэмт хэрэгт цаазаар авах ялыг хэвээр үлдээнэ. Байнгын хороо төслийг хянасны дараа доод танхим дахин хэлэлцэж, санал хураана. Дэмжвэл Сенатад шилжүүлж, Сенат баталсан тохиолдолд хаанаар батламжлуулах юм.
Аравдугаар сарын 23-нд Карак мужийн Хамуд тосгоны Грекийн үнэн алдартны сүмд оршуулгын ёслол болж байх үеэр халдлага гарчээ. Йорданы Улсын аюулгүй байдлын шүүх уг хэрэгт гурван хүнд цаазаар авах ял оноосон байна.
Доод танхимын тэргүүн дэд дарга Аятолла Фрейхат төслийн зарим заалтыг шүүмжилжээ. Тэрбээр "нийтийн хэв журам алдагдуулах", "нийтийн ашиг сонирхолд хохирол учруулах" гэх өргөн утгатай хэллэгийг терроризмын тодорхойлолтод ашиглавал үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй гэж үзсэн байна.
