Тод мэдээ
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Цаг агаар, орчны тоон загварчлал судалгааны хэлтэс (ЦАОТЗСХ)-ээс 2025 оны дөрөвдүгээр сараас зургадугаар саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргасан байна.
Хаврын саруудад нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй багатай байх төлөв ажиглагдаж байгаа хэдий ч агаар мандлын төлөв богино хугацаанд хурдан өөрчлөгдөн агаарын температурын өдөр шөнө, хоног хоорондын зөрөө их, говь тал хээрийн бүс нутгаар салхи шуургатай байх магадлал өндөр байна.
Иймд малчид, ард иргэд хаврын цаг цагаарын хүндрэлээс урьдчилан сэргийлж, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх, тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөж байна.
Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур Хөвсгөлийн нутаг, Завханы зүүн, Архангайн ихэнх, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Тавдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увсын нутаг, Завханы баруун, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын нутаг, Говь-Алтайн хойд, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас их, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Зургадугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын нутаг, Хөвсгөл, Говь-Алтайн ихэнх, Архангай, Өвөрхангайн баруун, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас их, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Тод мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.
Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.
Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.
Тод мэдээ
Нийт 3559.4 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ
Гаалийн ерөнхий газраас импортын статистикийн мэдээллийг танилцууллаа. Манай улс дэлхийн 130 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 35.2 хувь, ОХУ-д 26.7 хувь, Япон-д 13.2 хувь; АНУ-д 4.4 хувь, БНСУ-д 4.1 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 82.5 хувийг эзэлж байна.
2025 оны эхний 4 сарын дүнгээр импортоор нийт 3559.4 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2024 оны мөн үеэс 133.2 сая ам.доллараар буюу 3.9 хувиар өссөн байна.
Тод мэдээ
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд "Бараа үйлчилгээ захиалах", "Хямд үнээр байр түрээсэлнэ", "Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна", "Гадаадын их дээд сургуульд зуучилна", "Виз гаргаж өгнө", "Шуурхай зээл гаргана", "Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай" зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
-
Тод мэдээ2020/07/15
Увс аймгийн төвөөс гарах хөдөлгөөнийг хаалаа
-
Тод мэдээ2022/08/11
Төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ
-
Тод мэдээ2021/10/05
Дүйцүүлэх албаны алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг ол...
-
Тод зураг2020/06/04
Ой, хээрийн түймрийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж байна