Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалаар харилцааны түвшнийг шат ахиулж Иж бүрэн түншлэлд хүргэснээ тунхаглан зарлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нар хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд өгсөн мэдээллээс хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Энд цугласан хэвлэлийн төлөөлөгчид өө,

Бид бүхнийг элэгсэг дотноор хүлээн авч байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Чехийн төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хийж буй энэ айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг нээж, харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэсэн түүхэн айлчлал болж байна.

Үзэсгэлэнт сайхан Чех Улсыг бид “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түншээ хэмээн үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлздэг юм.

Эрдэнэтийн зэсийн ордыг Монгол-Чехийн геологийн хамтарсан баг 1960-аад оны дунд үед нээн илрүүлж байсан. Дарханы цементийн үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтыг чех анд нөхөд, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэй байгуулсан түүхтэй.

Өнгөрсөн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, геологи, аж үйлдвэр, барилга, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, түүх, соёл зэрэг салбарт хөгжиж ирсэн.

Бид ололт, амжилтаа дүгнэн цэгнэж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хөгжил дэвшилд үр өгөөжөө өгөхүйц, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг судалж үзэж, хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Тухайлбал “Хархорум” хот болон “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулах, хамтрах санал гаргалаа.

Мөн боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, биеийн тамир, спортын зэрэг салбарын хамтын ажиллагаатай холбоотой баримт бичгүүд байгууллаа.

Бидний яриа хэлэлцээний дүнд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байгаагаа зарлан, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын “Алсын хараа-2050”, Чех Улсын “Стратегийн төлөвлөгөө-2030” хөгжлийн бодлогыг уялдуулж, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтэц, агаарын болон хуурай замын тээвэр, ложистик, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр тохиролцлоо.

“Тэрбум мод” болон Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” болон “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай улсын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөрийг судлан хэрэгжүүлэх боллоо.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Чехийн ард түмэн, төр, засгаас өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үр дүнтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд манай ард түмэн ямагт талархаж байдаг билээ.

Чех хэл, соёлд суралцаж, боловсрол, мэргэжил эзэмшсэн 20 гаруй мянган монгол иргэн хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гүүр болсоор ирснийг тэмдэглэхэд таатай байна.

“Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Чех Улсад суралцаж байгаа монгол залуус ч найрамдал, нөхөрлөлийн гүүр болж, түүхэн уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг бид 2023 онд байгуулж, хоёр улсын иргэдийн нийгмийн хамгаалал баталгаажсанд талархаж байна.

Чех Улсад ажиллаж, амьдарч байгаа 14 мянга гаруй иргэдийн талаар ямагт санаа тавьж, ажиллаж, сурч, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхааран ажиллаж байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд болон төр, засаг, аж ахуйн нэгжүүдэд гүн талархал илэрхийлье.

Хоёр улсын иргэд хоорондын найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэх, түүх, соёл, үнэт зүйлсээ харилцан таниулж, сурталчлах зорилгоор “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг толилуулж байгаа нь найрсаг харилцаа, соёлын солилцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Үзэсгэлэнг Чех болон Европын олон орны иргэд үзэж сонирхоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Монголын ард түмний түүх, соёл, өв уламжлалын нэгэн илэрхийлэл болсон, Монгол Улсын соёлын элч,  “Морин хуур найрал хөгжим”-ийн тоглолтоор чех анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаадаа баяртай байна.

Айлчлалын хүрээнд зохион байгуулах бизнес форумд олон арван аж ахуйн нэгж оролцож байгаа нь бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна.

Эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжихэд энэ бизнес форум чухал ач холбогдолтой.

Та бидний хэлэлцэн тохиролцсон зүйлс хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Монгол Улсын “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлого болон ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг манай хоёр улсын нийтлэг үнэт зүйл даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж  ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгааг талархан тэмдэглэхийг хүсэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таныг өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тааламжтай цагтаа төрийн айлчлал хийхийг урьж байгаагаа дахин илэрхийлье.

Манай хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПЕТР ПАВЕЛ:

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Хэвлэлийн төлөөлөгчид өө,

Монгол Улс хэдийгээр газар зүйн хувьд алс хол ч гэсэн бид өнгөрсөн 75 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Ирэх сард бид дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойгоо хамтран тэмдэглэнэ. 1912 онд Чехийн хөгжмийн найруулагч Монгол Улсын Төрийн дууллыг бичсэн байдаг. Хэдийгээр 75 жил гэж байгаа ч 100 жилийн гүн харилцаатай. 1923 онд тухайн үеийн Чехийн тусламжтайгаар шар айрагны үйлдвэр байгуулж байсан түүхтэй.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал уул уурхай, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой, хамтарч байсан туршлага ч бий.

Ялангуяа 1950-иад оноос монгол залуус Чех Улсад суралцаж эхэлсэн. Одоо ч энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархаж байна. Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд сайн ажилладаг, нэр хүндтэй. Бид ч тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа.

Мэргэшсэн хүмүүсийг ажиллуулах нь манай хоёр улсад хэрэгтэй. Манай зарим салбарт дутагдаж байгаа ажилчдын орон зайг  монголчууд нөхөж байгаа. Ажил хөдөлмөр эрхлэх монгол иргэдийн квотыг нэмснээр ажилчдын тоо 80 хувиар өссөн байна.

Төрийн айлчлалын хүрээнд бизнес форум зохион байгуулна. Олон аж ахуйн нэгж холбоо тогтоож, харилцан ашигтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж найдаж байна.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэснээр батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байна.

ОХУ. БНХАУ-ын дунд оршдог Монгол Улс гуравдагч хөрштэйгөө харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал байна. Бид хэдийгээр газар зүйн хувьд хол оршдог ч бид түншийн харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Харилцаа, хамтын ажиллагааг Чехийн Ерөнхийлөгчийн хувьд өргөжүүлэн бэхжүүлж, гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахдаа таатай байх болно.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ

Огноо:

,

ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.

Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.

Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.

Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав

Огноо:

,

Францад үргэлжилж буй "G7" дээд хэмжээний уулзалтын хүрээнд Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзжээ.
 
Энэ уулзалтад Украин улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар мөн оролцсон байна.
 
Уулзалтын дараа Володимир Зеленський сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Америкийн зенит пуужинг үйлдвэрлэх зөвшөөрлийг Украин авах талаар хөндөн ярилцсан" хэмээжээ.
 
"Бид энэ талаар Ерөнхийлөгч Трамптай ярилцсан. Манай баг энэ тал дээр ажиллана. Бид баллистик пуужингийн эсрэг систем болон пуужин үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг авах байх" хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдсэн байна.
 
Харин Доналд Трамп АНУ, Иран эвлэрсний дараа нөхцөл байдал тогтворжих тул Оросын газрын тосонд хориг тавьж магадгүй хэмээжээ. "Газрын тос урсаж байгаа тул бид ийм алхам хийж магад" хэмээн Доналд Трамп мэдэгдсэн байна.
 
АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа Ормузын хоолой хаагдаж, газрын тосны үнэ өссөн тул зах зээл дээрх үнийг тогтоон барихын тулд танкерт ачигдсан Оросын газрын тосны хоригийг түр цуцлаж байсан юм.
Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлнэ

Огноо:

,

Европын холбоо ОХУ-ын эдийн засагт үзүүлэх хориг арга хэмжээний дарамтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас Кипрт болсон тус холбооны Батлан хамгаалахын сайд нарын албан бус уулзалтын дараа мэдэгдэхдээ, Оросын Украины эсрэг дайныг дэмжиж буй дахин 80 байгууллага, хувь хүнд шинэ хязгаарлалт тавих асуудлыг хэлэлцэж байгааг онцолжээ.

Түүний хэлснээр, шинээр санал болгож буй жагсаалтад ОХУ-ын “цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор”, хүний эрх зөрчигчид болон суртал ухуулга явуулагчид багтаж байна.

Кая Калласын мэдээлснээр, Барууны орнуудын хориг арга хэмжээ ОХУ-д одоогоор 1.2-1.5 их наяд ам.долларын хохирол учруулаад байгаа аж. Тэрбээр “Орос мөнгө, хүн хүч, давшилтын эрчээ алдаж байна. Тиймээс л Украины энгийн иргэд рүү хийх халдлагаа нэмэгдүүлж байна” гэж мэдэгджээ.

Мөн Европын холбооны сайд нар Украинд зэвсэг нийлүүлсэн улс орнуудад нөхөн төлбөр олгох зорилготой 6.6 тэрбум еврогийн сангийн ирээдүйн талаар хэлэлцсэн байна. Уг сангийн асуудлыг Унгар өмнө нь эсэргүүцэж байсан ч одоо эсэргүүцлээ татахаа холбоотнууддаа мэдэгджээ.

Кая Каллас энэ хөрөнгийг зөвхөн өмнө нь нийлүүлсэн зэвсгийн нөхөн төлбөрт бус, хамтарсан зэвсэг худалдан авалт болон Европын холбооны цэргийн тусламжийг санхүүжүүлэхэд ашиглах санал гаргасан байна.

Европын холбоо АНУ-ын байр суурь суларсан энэ үед Москвагийн эсрэг дарамтаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Гуравдугаар сард тус холбоо 2,600 орчим хувь хүн, байгууллагад чиглэсэн хориг арга хэмжээг сунгаж, хөрөнгө царцаах болон зорчих эрх хязгаарлах шийдвэрээ үргэлжлүүлсэн юм.

Энэ үеэр ОХУ Украинд халдлагаа үргэлжлүүлсээр байна. Даваа гарагийн өглөө Оросын халдлагын улмаас Украины Запорожье мужид таван хүн амиа алдаж, 14 хүн шархадсан талаар орон нутгийн захирагч Иван Федоров мэдээлжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулсан уулзалт хийх санал гаргасан ч Кая Калласын хэлснээр, Оростой хэлэлцээ эхлүүлэх цаг хараахан болоогүй байна.

Тэрбээр Оросыг бодитоор хэлэлцээ хийх нөхцөл байдалд хүргэхийн тулд стратегийн тэвчээр хэрэгтэй гэж мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..8 цаг 8 минут

Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээж...

Үйл явдал9 цаг 15 минут

Сэлэнгэ аймагт хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна

Дэлхий нийтээр..9 цаг 42 минут

Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав

Үйл явдал9 цаг 47 минут

“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төл...

Үйл явдал9 цаг 53 минут

Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй ...

Үйл явдал10 цаг 2 минут

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хув...

Үйл явдал10 цаг 20 минут

Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон...

Үйл явдал10 цаг 27 минут

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Үйл явдал10 цаг 33 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Үйл явдал2026/06/17

ХЗБХ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн...

Үйл явдал2026/06/17

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлж...

Үйл явдал2026/06/17

ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Үйл явдал2026/06/17

Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчила...

Үйл явдал2026/06/17

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хэн юу хэлэв...2026/06/17

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэ...

Үйл явдал2026/06/17

"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол Улсаа төлөөлөн оролцох т...

Үйл явдал2026/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Үйл явдал2026/06/17

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Үйл явдал2026/06/16

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэр...

Үйл явдал2026/06/16

АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн х...

Хэн юу хэлэв...2026/06/16

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван ...

Үйл явдал2026/06/16

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

Үйл явдал2026/06/16

Сэлэнгэ аймагт эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ

Үйл явдал2026/06/16

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас ноцтой осол гарчээ

Үйл явдал2026/06/16

Биеэ үнэлэхийг зохион байгуулж, хүн худалдаалсан хэргүүдийг шүүхэд ш...

Үйл явдал2026/06/16

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо

Үйл явдал2026/06/16

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Үйл явдал2026/06/16

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Үйл явдал2026/06/15

Халаасанд шингэсэн 7.6 их наяд

Үйл явдал2026/06/15

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд ...

Санал болгох