Дэлхий нийтээр..
Монгол, Польш Улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
- “Иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар гарын үсэг зурлаа.
Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд харилцааны түвшнийг ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ. Иж бүрэн түншлэл нь хоёр улсын харилцан хүндлэл, итгэлцлийг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг уялдуулж, хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготой юм.

Мөн хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд хоёр улсын төр, засгийн холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурлаа.
Үүнд:
- “Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Иж бүрэн түншлэлийн үйл ажиллагааны 2025-2030 оны төлөвлөгөө”-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, польшийн талаас Гадаад хэргийн дэд сайд Владислав Теофил Бартошэвски нар гарын үсэг зурлаа.
Улс төрийн яриа хэлэлцээ, парламентын хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин зэрэг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, холбогдох арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг нарийвчлан тогтлоо.
- “Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Тогтмолын Мөнхсайхан, польшийн талаас Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидийн бүтээгдэхүүний бүртгэлийн газрын дарга Гжегож Цессак нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсад эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, түгээлтэд европ стандарт нутагшуулах, бүртгэл, аюулгүй байдал, тандалт судалгааны мэдээлэл солилцоно. Монгол Улсад аюулгүй, чанартай баталгаатай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана.
- “Хамтран ажиллах тухй Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Бүгд Найрамдах Польш Улсын Дайны урлагийн сургууль хоорондын хэлэлцээр“-т Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ректор Сүрэнхорлоогийн Дашзэвэг, польшийн талаас Дайны урлагийн сургуулийн ректор Мечислав Гоцул нарын гарын үсэг зурлаа.
Хамтарсан судалгаа, шинжилгээ, сургалт, хурал, семинар зохион байгуулах, харилцан туршлага солилцох, сонсогч, багш, ажилтнуудын харилцан солилцооны чиглэлээр хамтран ажиллана. Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутагт харилцан итгэлцлийг бэхжүүлэх, цэргийн мэргэжилтнүүдийн ур чадварыг улам нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
- “Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухааны академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Содномсамбуугийн Дэмбэрэл, польшийн талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Марек Конажевски нар гарын үсэг зурлаа.
Талууд 1960-аад оны дунд үеэс түүх, угсаатан зүй, палеонтологи, биологийн салбарт идэвхтэй хамтарч ирсэн. Хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, цар хүрээ, чиглэл өргөжин тэлж, уламжлалт болон шинэ төрлийн хамтарсан судалгааны төслийн тоо нэмэгдэх, шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадавхжуулах, академи хоорондын харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд түлхэц болно.
- “Шинжлэх ухааны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Польш Улсын Шинжлэх ухааны академийн Палеобиологийн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Зоригтын Бадамхатан, польшийн талаас Шинжлэх ухааны академийн Палебиологийн хүрээлэнгийн захирал Ярослав Столарски,
Академиуд 1963-1971 онд Монголын говьд палеонтологийн хамтарсан хээрийн судалгаа хийж байсан түүхтэй. Үүний дүнд үлэг гүрвэл, хөхтөн, мөлхөгчид зэрэг эртний нугаламт амьтдын томоохон хэмжээний цуглуулга бий болсны зэрэгцээ шинжлэх ухааны олон сонирхолтой нээлт хийсэн. Академи хоорондын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч палеонтологийн чиглэлийн түүхэн судалгаагаа үргэлжлүүлэх үндэс суурь тавигдлаа.
- “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Бүгд Найрамдах Польш Улсын Үндэсний телевиз хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл, польшийн талаас Үндэсний телевизийн орлогч захирал Павел Сосновски нарын гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааг эхлүүлэх, хоёр улсын түүх, өв соёлыг харуулсан хамтарсан уран бүтээл хийх, хүний нөөцийг чадавхжуулах замаар монгол, польш хоорондын түүх, өв соёл, байгаль орчин, соёлын солилцоог өргөн нэвтрүүлгийн салбарт хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой баримт бичиг юм.
- “Хамтран ажиллах тухай Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Польшийн Хэвлэлийн агентлаг хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Наваан-Юндэнгийн Оюундарь, польшийн талаас Хэвлэлийн агентлагийн ерөнхий редактор Войцех Тумидалски нар гарын үсэг зурлаа.
Улс төрийн харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, бизнес, аялал жуулчлал, соёл урлаг, түүхийн талаарх мэдээ, мэдээллийг харилцан солилцож, мэдээллийн сувгаараа нийтэд түгээнэ. Хамтын ажиллагааг идэвхжүүлж, сэтгүүлчид болон бусад мэргэжилтний солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, мэдлэг, туршлага солилцоно.
- “Монгол кино нэгтгэл болон Бүгд Найрамдах Польш Улсын Баримтат ба уран сайхны кино үйлдвэр хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Монгол кино” нэгтгэлийн захирал Бүдсүрэнгийн Түмэн-Өлзий, польшийн талаас Баримтат ба уран сайхны кино үйлдвэрийн орлогч захирал Агнешка Бендковска нар гарын үсэг зурлаа.
Хамтарсан кино төсөл хэрэгжүүлэх, кино зураг авалт зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө, сургалт явуулах, кино үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд бэлтгэх, орчин үеийн киноны тоног төхөөрөмжийн худалдан авалт, түрээс, арчилгааны талаар туршлага солилцоно.
- “Монгол Улсын их сургууль болон Бүгд Найрамдах Польш Улсын Ягеллоны их сургуулт хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг“-т Монгол Улсын Их сургуулийн ректор Баянжаргалын Очирхуяг, польшийн талаас Ягеллоны их сургуулийн ректор Пётр Едынак нар гарын үсэг зурлаа.
Эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц судалгаа хийх боломж бүрдэнэ. Оюутан, багш нарын солилцоогоор дамжуулан соёлын харилцааг гүнзгийрүүлж, боловсролын салбарын олон улсын туршлагыг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулна. Залуу судлаачид европын санхүүжилттэй тэтгэлэг, судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдах, монгол оюутнууд Польшид суралцах, судалгаа хийх, тэтгэлэгт хамрагдах боломж бүрдлээ.
- “Монгол Улсын Консерватори болон Бүгд Найрамдах Польш Улсын Ф.Шопены нэрэмжит Хөгжмийн их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Консерваторийн ректор Цэрэнжигмэдийн Шаравцэрэн, польшийн талаас Ф.Шопены нэрэмжит хөгжмийн их сургуулийн ректор Томаш Штрал нар гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Консерватори 2011 оноос Польшийн хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдааныг тус улсын Элчин сайдын яамтай хамтран дөрвөн удаа зохион байгуулсан. Цаашид монголын үндэсний болон шинэ хөгжмийн бүтээлүүдийг сурталчлах, уран бүтээлийн эмхэтгэл, ноот, партитур зэргийг тус сургуульд тоглох зэргээр хамтарна.
- “Монгол Улсын Консерватори болон Бүгд Найрамдах Польш Улсын К.Шимановскийн нэрэмжит Хөгжмийн их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Консерваторийн ректор Цэрэнжигмэдийн Шаравцэрэн, польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко нар гарын үсэг зурлаа.
Багш, оюутан солилцох, хамтарсан уран бүтээл туурвих, хөгжмийн зохиолчдын бүтээлийг солилцох, эрдэмтэн багш нарын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны бага хурал зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
- “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Төв аймаг, Бүгд Найрамдах Польш Улсын Мазовецки муж хоорондын хэлэлцээр“-т Монгол Улсын Төв аймгийн Засаг дарга Лхагвасүрэнгийн Төмөрчөдөр, польшийн талаас Мазовецки мужийн Удирдах зөвлөлийн гишүүн Янина Орзеловска нар гарын үсэг зурлаа.
Оюутан, багш, судлаачдын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, соёлын арга хэмжээ зохион байгуулах, хөрөнгө оруулалт, орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр харилцан туршлага солилцох, хөдөө аж ахуй, технологи, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ.














Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Дэлхий нийтээр..2025/09/26
Ерөнхий сайд Г.Занданшатар тариаланч, ногоочидтой уулзлаа
-
Дэлхий нийтээр..2025/05/23
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Дэлхий нийтээр..2023/03/23
ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсгол болно...
-
Дэлхий нийтээр..2023/03/27
Хөрсний бохирдлоос сэргийлэх “Жорлон” үндэсний чуулган болно
