Тод мэдээ
Нийслэлийн сургуулиудын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ. Сурагчдын амралтын хуваарийг хот, хөдөөгийн сургуулиудад ялгаатай тогтоодог бөгөөд нийслэлийн сургуулиуд гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-нийг дуустал бие даалтын долоо хоног буюу сурагчид танхимаар хичээллэхгүй.
Энэ хугацаанд сурагчид музей, урлагийн тоглолт үзэх, спортоор хичээллэх зэргээр танхимаас гадуур хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдана. III улирлын хичээл дөрөвдүгээр сарын 14-ний даваа гарагт эхэлнэ.
Харин хөдөө орон нутагт гуравдугаар сарын 24-28-нд бие даалтын долоо хоногт эхэлж, гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 11-нийг дуустал II улирлын амралт үргэлжилнэ. Дөрөвдүгээр сарын 14-нээс хичээл орно.
Тод мэдээ
СХД-ийн 5 дугаар хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Хүүхэд, залуучуудын театрын ард 1.5 га талбайг чөлөөлж, Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина. Уг байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн уг хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барих нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Гүйцэтгэгч сонгон шалгарсан тохиолдолд тус дүүргийн ЗДТГ захиалагчийн хяналт тавина” гэдгийг онцлов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаад байна
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Энэ хүрээнд 5 га талбайг чөлөөлнө. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнгөрсөн бямба гарагт тус байршилд ажиллалаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “1984 оноос хойш 41 жилийн хугацаанд Улаанбаатар хот нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. Үүнээс шалтгаалан Улаанбаатар хотын барилгажих үйл явц маш удаашралтай байна. Иймээс нийслэлийн баруун бүсийн дулаан хангамжийг нэмэгдүүлэхээр ирэх тавдугаар сард багтаан ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гаргаж, ТЭЗҮ-ийг дахин шинэчилсэн юм. Шинэ ТЭЗҮ-д уг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан 10 га талбайд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барьж багтахгүй гэдэг дүгнэлт гарсан. Иймээс газар чөлөөлж, нийт 15 га талбайд ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ. Тиймээс 5 га талбайн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж буй 26 иргэн, хуулийн этгээдийг дулаан болон цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх их хотын бүтээн байгуулалтад эх орончоор хандаж, зөвшилцөхийг уриалж байна” гэв.
Газрыг чөлөөлөхдөө нөлөөлөлд өртөж буй аж ахуйн нэгж байгууллагуудад Газрын тухай хуульд заасны дагуу нөхөн олговрыг өгөх, эсхүл дүйцүүлж газар олгоно гэдгийг мөн онцолсон юм.
Төслийн ач холбогдол:
- ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Толгойт, Баянголын ам, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангана.
- Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулна.
- Ойролцоогоор 51 мянган айлыг төвийн дулаан хангамжаар хангана. Өөрөөр хэлбэл иргэдийг найдвартай, тогтвортой цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж, тав тухтай амьдрах нөхцөл дээшилнэ.
- Агаарын бохирдлыг бууруулна.
- Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагаа сайжирна.
- Утаанд агуулагдах хорт хийг 99 хувь шүүнэ.
- Дулаан болон уур үйлдвэрлэх хүчин чадалтай. Уур үйлдвэрлэснээр тухайн орчимд байрлах хүнс болон боловсруулах үйлдвэрүүдийн бүтээмж нэмэгдэнэ.
Мөн Улаанбаатар хотын инженер хангамжийн төлөвлөгөөнд Амгалан ДЦС-ийг дахин өргөтгөж, хотын зүүн бүсийн дулаан хангамжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр ТЭЦ 4-ийн хотын зүүн бүс рүү түгээх ачаалал буурах ач холбогдолтой.
Тод мэдээ
Б.Мөнхбат: Далд авто зогсоолтой цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилгын ажил үргэлжилж байна
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо буюу Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн.
Далд авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилгын ажил үргэлжилж байна. Ирэх долоодугаар сарын 1-нд цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулах бол гурван давхар үйлчилгээний барилгыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулна.
Энэ талаар НХОГ-ын дарга Б.Мөнхбатаас тодруулахад “Гурван давхар объектод тухайн байгууламжийн дэд бүтцийн узель, жуулчдад мэдээлэл өгөх мэдээллийн төв, жуулчдад зориулсан үндэсний үйлдвэрлэлийн үйлчилгээний талбай болон хүүхдийн цэцэрлэг байхаар төлөвлөсөн. Мөн тодорхой хэсгийг үйлчилгээний зориулалтаар ашиглах ч боломжтой талбай бий. Үйлчилгээний объект ашиглалтад орсны дараагаар нийслэлийн холбогдох байгууллагууд тухайн объектод орох үйлчилгээний төвүүдийн асуудлыг шийднэ” гэлээ.
-
Өнөөдөр2021/09/17
Өнөөдөр ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд
-
Тод мэдээ2025/03/17
Энэ сарын 19-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно
-
Тод мэдээ2021/03/09
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан ...
-
Тод мэдээ2020/08/03
Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоног эхэллээ