Дэлхий нийтээр..
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөр татварын багц хууль, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэлэлцлээ

Бизнес эрхлэгчид, ажил олгогчид татварын орчин, нийгмийн даатгалын системийг сүүлийн жилүүдэд хамгийн ихээр шүүмжлэх болсон. Иргэд ч татвар, нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгааг хэлдэг. Тиймээс Хамтарсан Засгийн газар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
Татварыг шинэчлэхдээ бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш, шударга татварын орчныг бүрдүүлэх, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжиж татварын зардлыг бууруулахыг чухалчилжээ. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгч, уул уурхайн бус салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийг бизнесийн цар хүрээгээ тэлэхэд нь онцгой ач холбогдолтой НӨАТ-ийн шаталсан хэлбэрт шилжүүлнэ. Гааль, татварын алба захиргааны арга барилаа халж, татвар төлөгчдөд зөвлөн туслах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг болно. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж орон нутагт хүн ам, ажиллах хүч татах татварын бодлого хэрэгжүүлнэ. Татварын шинэчлэлийн үр дүнд иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 2.4 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт олгож, бизнесийн идэвхжилийг 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж буйгаа Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Олон улсын шинжээчид 2025 онд Монгол Улсын эдийн засаг зургаан хувиар өсөх тооцоолол гаргасан. Макро эдийн засгийн өсөлтийн трэндийг алдалгүйгээр жижиг, дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд, иргэдэд эдийн засгийн өсөлтийг хүртээхэд Засгийн газраас өргөн барих татвар, хөрөнгө оруулалтын хуулиуд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Татварын хуулийн шинэчлэлийн асуудлаар нийгмийн бүх түвшнийг хамарсан өргөн хүрээний санал, хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 17 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 170 мянга гаруй саналыг ажлын хэсэгт ирүүлж, саналыг багцлан бодлогын шинэчлэлд тусгажээ.

Татварын багц хуулийн шинэчлэлтэй зэрэгцүүлж нийгмийн даатгалын шинэчлэлийг хийхээр салбарын яам хуулийн төсөл боловсруулж байна. Үндэсний хороод, Эдийн засгийн хөгжлийн зөвлөл, МҮХАҮТ, Улаанбаатар хотын Худалдааны танхим болон олон нийтийн бусад байгууллагаас ирүүлсэн 21 багц саналыг нийгмийн даатгалын шинэчлэлд тусгахыг зорьж байна. Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг мэргэжлийн байгууллагаар удирдуулах, ажил олгогчийн төлөх хувь хэмжээг бууруулах зэрэг саналыг салбарын яаманд ирүүлжээ.
Нийгмийн даатгалын шинэчлэлийг хийснээр ажил олгогчийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэн, оюутан залуус, ахмад настны нийгмийн баталгаа сайжирна. Монгол Улсад зургаан төрлийн тэтгэвэр олгодог бөгөөд гурвыг нь нийгмийн даатгалын сангаас, гурвыг нь улсын төсвөөс санхүүжүүлдэг. Одоогийн нийгмийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хуримтлал руу шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгаад байгааг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан танилцуулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Татварын багц хууль, нийгмийн даатгалын шинэчлэлийг хийхдээ эдийн засгийн суурь агуулгаа бодохоос гадна иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодитой өгөөж өгдөг байх шаардлагатай. Эдгээр хуулийг тус тусад нь биш зэрэгцүүлж шинэчлэх нь зөв бөгөөд зөвхөн Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барьдаг байх нь оновчтой юм билээ. Хууль санаачлах эрхтэй бусад субьектээс өргөн барьсан хуулиуд салбар хоорондын уялдаагүй, төр, иргэдийн дунд зөрчил үүсгэдэг нь өнгөрсөн хугацаанд бодит амьдрал дээрээс тодорхой болж байна. Одоо эдгээр хуулийн шинэчлэлийг хийхгүй бол цаашдаа хаана, хаанаа хүнд байдалд орох эрсдэлтэй. Дараа нь Компанийн тухай хуулийг шинэчлэхэд хувийн хэвшлийнхэн маань хамгийн их оролцоотой байж, саналаа нэгтгэж өгөх нь зөв” гэлээ.

Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Үйл явдал2023/08/11
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2022/01/31
“Бээжин-2022” Өвлийн олимпын наадамд оролцох баг, тамирчидтай Ерөнхи...
-
Үйл явдал2022/02/11
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2021/08/13
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэ...
