Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсов

Огноо:

,

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн хуралдааны эхэнд сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа асуудлын талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг нээлттэйгээр сонслоо.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулсан. Тэрбээр прокурорын байгууллагаас 2025 оны 03 дугаар сарын 19, 20, 24-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу цагдаагийн байгууллагад шалгаж буй гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлтийн дугаар хэрэгт олгосон нийтэд мэдээлэл өгөх зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл өгч буйг онцоллоо.

Мөн Монгол Улсын нэр бүхий иргэд нь цахим орчинд ашиг олох зорилгоор покер платформ, мэдээллийн технологи, бусдын арилжааны банкны дансыг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан мөрийтэй тоглоом тоглохыг иргэдэд сурталчлан зохион байгуулж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч улмаар бизнесийн үйл ажиллагаа явуулах, мөнгө угаасан гэмт хэрэгт 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар “Ноорог.мн” сайтад ажилладаг нэг иргэний арилжааны банкны дансуудаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж 85544 удаагийн үйлдлээр нийт 9.2 тэрбум төгрөг, 9430 ам. долларын нийт 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн тус тус нөхцөл байдал урьдчилан тогтоогдсон байна. Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн нотлох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Түүнчлэн  цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр…дугаарын утаснаас тэдэн настай эмэгтэй гэртээ боомилсон байдалтай нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсээс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хамтран амьдрагчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэв.

Салбарын сайд мэдээлэлдээ, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Танайх ажлаа хийдэг юм уу,  “Ноорог” гэх фэйсбүүк пэйж хуудаснаас худал мэдээлэл их оруулах юм. Худал мэдээллээс болж хүмүүс амиа хорлох оролдлого хийсэн” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл ирүүлснийг цахимаар хүлээн авч, цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн бүртгэлд оруулан шуурхай шалгах шаардлага үүсгэж, хойшлуулшгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  22.4 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт харилцаа холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэж, тус дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ноорог Креатив Студио” компанийн оффист хойшлуулшгүй тохиолдолд хэргийн газрын үзлэг хийсэн. Хураан авсан эд зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 3,5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар үзлэг хийхэд, хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг баримт мэдээлэл илэрч, тухайн мэдээллүүд нь гэмт хэргийн шинжтэй болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул сэжигтэн нэр бүхий иргэдийг хойшлуулшгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол үйлдэн, нийслэлийн прокурорын газарт танилцуулахад тус тогтоолыг хүлээн авахаас татгалзсан. Дээрх гомдол, мэдээлэл хэрэгт явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд “Ноорог Креатив Студио” компанитай холбоотой хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хөндөөгүй, контент бичлэг түүний агуулгатай холбоогүй болно. Одоо “Ноорог Креатив Студио” компанийн нэр бүхий ажилчидтай холбоотой нэг гомдол мэдээлэл, 2 хэрэг бүртгэлтийн хэргийг хуулийн хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоох чиглэлээр прокурорын хяналтад холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэсэн прокурорын зөвшөөрлийн хүрээн дэх цагдаагийн газрын албан ёсны мэдээллээс онцлон тэмдэглэв.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат, С.Эрдэнэболд, Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал, Г.Дамдинням,  Н.Алтанхуяг, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ц.Сандаг-Очир, О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хууль бус мөрийтэй тоглоомын асуудалд Засгийн газар бодлогоо боловсруулаад Улсын Их Хурлаар хэрхэн хэлэлцүүлэх гэж буйг тодруулахын зэрэгцээ энэ асуудалд Хууль зүй, дотоод хэргийн яам онцгойлон анхаарах шаардлагатайг, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат шүүхээр гэм бурууг нь нотлоогүй байхад албан журмаар авсан мэдээллийг олон нийтэд дамжуулсан  шалтгаан, Үндсэн хуульд заасан хүний эрхтэй холбоотой зүйл, заалтын хэрэгжилт ухарсан нөхцөл байдлыг тодрууллаа. Мөн  Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд энэ хэрэгтэй холбогдуулан өнөөдрийн байдлаар хуулийн хэчнээн зүйл, заалтаар буруутгасан мэдээлэл гарсан, салбарын сайд хүний эрхийг хангахад хэрхэн анхаарч ажилласан талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, 03 дугаар сарын 17-ны өдөр ямар гомдлын дагуу хойшлуулшгүй ажиллагааг явуулсан, шөнийн цагаар байцаалт явуулах шаардлага байсан эсэх, уг асуудалтай холбоотойгоор хүний эрх зөрчигдсөн эсэхийг  лавлаж байлаа.

Мөн гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, П.Сайнзориг, Д.Ганбат, С.Эрдэнэболд, Г.Дамдинням, Ч.Лодойсамбуу, Д.Цогтбаатар нар үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, асуудалд нийгмийн талцлыг өдөөлгүй хариуцлагатай хандахыг онцлоод процессын хувьд ойлгомжгүй, тодорхойгүй зүйл байгаад салбарын сайд цагдаагийн байгууллагын алба хаагчдынхаа ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах, мөн Улсын Их Хурлын гишүүд ард түмний элч төлөөлөгчийн хувьд нэг асуудлыг дагаад сошиал дээр худал мэдээлэл цацдаг энэ байдалд анхаарч, хууль эрх зүйн орчноо сайжруулах  шаардлагатай байна гэж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, бид нэг хэрэг ярилцаад сууж байгаа юм биш, Улсын Их Хурал хүний эрхийн тухай хуулийнхаа хэрэгжилтийг нэхээд энэ мэдээллийг сонсож байна гэв. Цаашид шалгагдаж буй гэмт хэргийн мэдээлэл задардаг байдлыг таслан зогсоох, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа бол холбогдох хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлбэл бид хэлэлцэн дэмжихэд бэлэн гэсэн байр суурийг илэрхийлэв.

Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар үг хэлсэн. Тэрбээр, өнөөдрийн мэдээлэл “Ноорог.mn” сайттай холбоотой хэргийн талаар бус Үндсэн хуульд заасан хүний эрх,  хэвлэлийн эрх чөлөө гэсэн том агуулгыг хөндөж, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулж, дэмжлэг аван хэлэлцүүлж байгааг тодотгоод Улсын Их Хурал хүний эрхийн асуудалд хяналтаа тавьсаар байх болно гэдгийг онцолсон. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссыг мөрдөн байцаах ажиллагаанд оруулдаг болох хуулийн  төслийг санаачилж байгаагаа дурдаад цагдаагийн байгууллага тус газраас хураан авсан  компьютер, эд зүйлийг шалгаад буцаахдаа тэндээс нэг ч баримт гээхгүй байхыг онцгойлон анхааруулсан юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод индэр

Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Огноо:

,

Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилго бүхий Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд болж байна.

Засгийн газрын бодлогыг хөрсөнд буулгаж, иргэдэд хүргэдэг хүмүүс бол орон нутгийн удирдлагууд юм.

Тиймээс Ерөнхий сайд Засгийн газраас баримталж байгаа бодлого, шинэчлэлийн талаар “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлдээ дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газар хагас жилийн өмнө байгуулагдахдаа улс орны өмнө тулгамдсан олон асуудалтай нүүр тулсан. 

Төрийн чадамж суларч, иргэд төрдөө итгэх итгэл алдарч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж 2.6 хувь болж, гадаад валютын нөөц огцом буурч, долларын ханш огцом өсч, үнийн өсөлт 15 хувийг давж өсөх, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит эрсдэлтэй үед ажиллаж эхэлсэн. Ард түмний эзэмшлийн компанид хулгай, луйвар нүүрлэсэн. Төрд цэгцлэх ажил, цэгцрэх хөдөлгөөн нэхэгдэж байсан цаг үе гэдгийг Ерөнхий сайд “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлийнхээ өмнө хэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д 7 дугаар сараас 3 сарын хугацаатай  онцгой дэглэм тогтоож, нүүрсний олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөж, улсын гадаад валютын нөөц ердөө гурав, дөрөвхөн сарын дотор 2 тэрбум ам.доллароор нэмэгдэж, эдийн засгаа сэргээж чадлаа. Төсвийн сахилга бат, эмх цэгц, гадаад худалдааны бодлого зөв чиглэлд орж эхэлмэгц бодит үр дүн эхнээсээ харагдаж эхэлсэн. Сэхэл авч сэргэсэн эдийн засгийг цаашид зөв залуурдах шаардлагатай. Үүний тулд ард түмэндээ ШИНЭ ИТГЭЛ төрүүлж, засаглалын ЭРС ШИНЭТГЭЛ хийх бодлогын зорилтыг Засгийн газраас дэвшүүлж байгаа юм. УИХ-аар 2026-2030 онд улс орноо хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлуулсан. Улс орныг бүхэлд нь цэгцлэх найман үндсэн чиглэл нь

-Хүний хөгжлийн шинэтгэл

-Эдийн засгийн бүтцийн шинэтгэл

-Үнэт зүйл, нийгмийн хөгжлийн шинэтгэл

-Байгаль орчин, ногоон хөгжлийн шинэтгэл

-Засаглал, цахим хөгжлийн шинэтгэл

-Үндэсний өрсөлдөх чадварын шинэтгэл

-Бүсийн хөгжлийн шинэтгэл

-Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны шинэтгэл юм гэлээ. 

Мөн эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх “Цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөө”-г баталж, оны эхнээс хэрэгжүүлсэн. Энэ 300 хоногт эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх, Үндэсний баялгийн сангийн хуримтлал ба зарцуулалтыг бодитоор эхлүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг ажил болгоход орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой. Төр өөрөө эмхлэгдэж, цэгцэрч байж л энэ боломж бодит хөгжил болно гэлээ. 

2025 оны тайлан, 2026 оны зорилт, таван жилийн бодлого, зорилтын талаар Ерөнхий сайд илтгэлдээ дэлгэрэнгүй танилцуулаад “Эдийн засаг өсөхийн тулд зөвхөн бизнес чөлөөтэй байх нь хангалтгүй. Төр өөрөө эмх цэгцтэй, хэмнэлттэй, хариуцлагатай, хяналтын дор байх ёстой. Тиймээс төлөвлөгөөний дараагийн том багц нь төрийг дотроос нь цэгцлэх реформ юм. Энэ хүрээнд хуульд нийцэхгүй, хүнд суртал, чирэгдэл үүсгэж байгаа 1,000 гаруй журам, дүрмийг цуцална гэлээ.

Аймаг, орон нутгийн удирдлагууд амьдралд, иргэддээ ойр ажиллахыг Ерөнхий сайд зөвлөөд, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж ажиллахыг анхаарлууллаа. 

Орон нутгийн удирдлагуудаас удаа дараа тавьж байгаа зарим асуудлын талаар Ерөнхий сайд байр сууриа илэрхийллээ.

Төсвийн хэмнэлтийг орон нутагтаа захиран зарцуулах эрхийг олгох, Улаанбаатараас асуудлыг шийдэх шаардлагагүй агентлагуудыг эрх мэдлийн төвлөрөл үүсгээд байгаа хуулиуддаа өөрчлөлт оруулж, орон нутагт эрх мэдлийг олгохыг салбарын сайд нарт даалгажээ. Татварын давуулан биелүүлсэн орлогыг Сангийн яамнаас хааж орон нутгийн төсвийн бие даасан байдалд нөлөөдөг байдлыг зогсоох хэрэгтэй. Орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн тогтолцоо бүрдүүлэхийн төлөө ажиллана гэсэн юм.  
Сум хөгжүүлэх санг Хоршоог дэмжих санд нэгтгэж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хөнгөлөлтэй зээл олгох боломжийг хаасан асуудлыг судалж, холбогдох журамд өөрчлөлт оруулна. Засгийн газар байгуулагдсан хугацаанаас хойш Газрын тухай хуульд өөрчлөлт оруулж сум, орон нутгийн иргэдийн өмчлөлийн газар, малчдын өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдэхийг үүрэг болгосон ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Тийм учраас энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатайг анхаарууллаа.
Ерөнхий сайд илтгэлийнхээ төгсгөлд “2026 он бол Шинэ итгэл, эрс шинэтгэл, бодит өөрчлөлтийн жил байх болно. Биднээс илүү хариуцлага, илүү бодит үр дүн шаардаж байна. Засгийн газар үндэсний баялгийг өсгөн арвижуулж, “Баялагтаа эзэн Монгол” эрхэм зорилгыг үгээр бус үйл хэргээр, амлалтаар бус ажлын үр дүнгээр нотлон харуулж ажиллана гэлээ.

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт үргэлжилж байна. Энэхүү уулзалт Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2026 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгч, Засгийн газрын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулна. 

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Ч.Хувьзаяа: AI системд нэвтэрснээс хойш эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд л 81 хувиар буурсан

Огноо:

,

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн билээ. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг таньж, тухайн жолоочид зөрчлийн мэдээллийг илгээх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл ирэх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөнийг бүрэн АI системээр хянах ажлыг эхлүүлнэ. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяагаас тодрууллаа.

-Замын хөдөлгөөнийг AI системээр хянах, зохицуулах ажлыг багагүй хугацаанд хэрэгжүүлж байна. Ямар тохиолдолд AI системийг ашиглаж байна вэ?

-Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц болон замд 2600 гаруй хяналтын камерыг хиймэл оюун ухаанд суурилсан системд холбож, шинээр суурилуулсан. Тус камерын системийн тусламжтайгаар автозамын хөдөлгөөн, түгжрэл ачааллын шалтгаан нөхцөлийг цаг алдалгүй мэдэж, холбогдох хариу арга хэмжээ авч ажиллаж байна.

-Зөвхөн жолооч нарыг торгоход л AI ашиглаж байна гэсэн ойлголт олон нийтийн дунд үүсээд байсан. Тэгэхээр замын хөдөлгөөний бүхий л зохицуулалтад технологийн дэвшил ашиглаж байгаа юм байна. Тийм үү?

-Тэгэлгүй яахав. Нийслэлийн замын хөдөлгөөний эрчим, зорчилт хөдөлгөөний тооллогыг бодит цагаар авч, хөдөлгөөн зохицуулах, гэрлэн дохионд оновчтой зохицуулалт хийх, цаашлаад тээврийн ухаалаг систем /ITS/-ийг нэвтрүүлэхэд шаардлагатай суурь дата өгөгдлийг цуглуулахад ашиглаж байна. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилготой хэрэгжүүлж байна.

-Тодорхой үр дүн гарсан уу?

-Дээрх ажлын хүрээнд жолооч нарт Замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг зургаар баталгаажуулж, холбоос линк байдлаар энэ оны 2-р сарын 05-ны өдрөөс 12-р сарын 15-ны өдрийг дуустал "Таны ****УАН дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хиймэл оюун ухааны нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ" гэсэн утгатай сануулах мессежийг илгээж ажилласан. Ингэснээр хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын зөрчлийн тоо эрс багассаныг дараах тоон үзүүлэлтээс харж болно. Эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд 81 хувиар буурсан.

  • 7-р сард-4.406.206
  • 10-р сард-2.493.478
  • 11-р сард 1.846.544 болж 81 хувиар буурсан байна. Мөн зогсох шугам давж зогссон зөрчил 7-р сард 335.800 байсан бол 11-р сард 166.455 болж буурсан, хуурамч дугаартай 587 авто машин илрүүлж зөрчлийг арилгуулсан байна. Энэ бол тодорхой үр дүн.

-Түгжрэлийг бууруулахад хэрхэн нөлөөлсөн байна?

-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөр уулзвар, гудамж, замуудад түгжрэл, ачаалал үүсгэдэг байдал эрс буурч уулзварын нэвтрүүлэх чадвар тухайн чиглэлдээ 20 хүртэл хувиар сайжраад байна. Жолооч уулзвар нэвтрэхийн өмнө тухайн явах чиглэлийн эгнээгээ эзэлсэн байх ёстой. Гэтэл жолооч нар уулзварт дөхөж ирэнгүүтээ эгнээ байраа сольдог нь тухайн уулзвараар зөвшөөрсөн гэрэл дохиогоор нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг удаашруулах, цаашлаад уулзвар орчимд осол гарч түгжрэл ачааллыг бий болгодог байсан үзэгдэл эрс багасаад байна.

-Ирэх он буюу 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөний зөрчлийг AI-аар бүрэн илрүүлж, жолооч нарт торгууль ногдуулна гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Бүрэн AI-д шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш. Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ бариад л явчих. Тэгвэл мэдээж торгохгүй шүү дээ. Замын хөдөлгөөний зохицуулалтыг технологийн дэвшилд бүрэн оруулж байгаа л хэлбэр. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 2025 оны 7-р сарын 09-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан системийг оруулж өгсөн бөгөөд тус систем нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг таньж, жолоочийн үйлдлийг замын хөдөлгөөний дүрмийн заалттай тулган шалгаж, эрх бүхий албан тушаалтны цахим гарын үсгээр баталгаажуулах ажиллагааг 2026 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ дагуу л хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Хэдийгээр жолооч нарын дүрэм зөрчих байдал эрс буурч байгаа ч гэсэн зарим төрлийн зөрчлүүд хэвээр байна. Тухайлбал, зогс шугам давж явган хүний гарц дээр зогсох, гэрэл дохио зөрчих нь явган зорчигч болон хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг алдагдуулах, тэнцвэртэй зорчилтыг бий болгож түгжрэл ачааллыг бууруулах, уулварын нэвтрүүлэх чадварт сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн Улаанбаатар хотын авто замын чадамжийг бүрэн ашиглахын тулд үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрөх, түр зогсох хориотой газар удаан хугацаагаар машинаа байршуулах, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсох болон эгнээгээр явах зэрэг зөрчлүүдэд зайлшгүй хариуцлага тооцох шаардлагатай байна.


Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна

Огноо:

,

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өнөөдөр /2025.12.17/ болсон Засгийн газрын ээлжит хуралдаанын үеэр мэдээлэл хийхдээ “Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж, эдийн засгийн эрх чөлөөг иргэд, хувийн хэвшилдээ олгохыг чухалчилж буй. Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна. Өнөөдрийн байдлаар нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 101 компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаа явуулж байгаагийн 73 нь 100 хувь төрийн өмчийн компани байна. Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг авч байгаа. Үр ашиггүй, үлгэн салган үйл ажиллагаа явуулдаг, өндөр зардалтай төрийн өмчит компаниудыг татан буулгана. Төрийн өмчит компаниудыг ил тод шилэн болгож төрийн өмчийн бүртгэл мэдээллийг нээлттэй болгож олон нийтийн хяналтад оруулна” гэлээ.

Хувьчлалыг үр дүнтэй зохион байгуулах үүднээс эхний ээлжид дараах 33 компанийн нэмэлт хувьцааг гаргаж хөрөнгө оруулалт татах, нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор хувьцааг нь биржээр арилжих, өөрчлөн байгуулах асуудлыг судалж, хувьчлалын арга хэлбэр, баримтлах зарчмыг тогтоох үндсэн чиглэлийг шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Үүнд:


Нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт татах, нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг нь биржээр нээлттэй арилжих: 


1. “Монголын цахилгаан холбоо” ХК;

2. “Хөдөө аж ахуйн бирж” ХХК;


3. “Үндэсний давхар даатгал” ХК;

4. “Монголын хөрөнгийн бирж” ХК;

5. “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК;

6. “МИАТ” ТӨХК;

7. “Төрийн банк” ХК.

8. “Эрдэнэс Тавантолгой” ХК;

9. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;

10. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ

11. “Дулааны III цахилгаан станц” ХК;

12. “Дулааны IV цахилгаан станц” ХК;

13. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;

14. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;

15. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;

16. “Амгалан дулааны станц” ТӨХК;

17. “Шивээ овоо” ХК;

18. “Багануур” ХК

Төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, биржээр арилжих:

1. “Дулаан шарын гол” ТӨХК;

2. “Цемент шохой” ТӨХК

3. “Монгол шуудан” ХК

4. "Багануур дулааны станц” ТӨХК;

5. "Налайхын дулаан станц” ТӨХК;

6. “Хөвсгөл дулааны станц” ТӨХК;

7. “Ховд дулааны станц” ТӨХК;

8. “Улаангомын дулааны II станц” ТӨХК;

Төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх:

1. “Эрдэнэс монгол” ХХК;

2. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК

3. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;

4. “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ

5. “Автоимпекс” ХК

6. “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК;

7. “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК;

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ17 цаг 19 минут

Цана, чаргаар гулгахдаа бэртэж, гэмтэхээс сэргийлээрэй

Өнөөдөр17 цаг 21 минут

Цэргийн бүртгэл үргэлжилж байна

Тод мэдээ17 цаг 24 минут

Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална

Тод мэдээ17 цаг 25 минут

“Алтан төлийн эзэн”-д нэр дэвшигчдийн материалыг хоёрдугаар сары...

Тод мэдээ17 цаг 28 минут

Зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн урамшууллыг энэ сарын 20-нд багта...

Тод мэдээ17 цаг 31 минут

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол хоёроор нэмэгджээ

Тод мэдээ17 цаг 34 минут

Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн хойш...

Өнөөдөр17 цаг 35 минут

ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна

Тод мэдээ17 цаг 39 минут

Баянгол дүүргийн зорилтот бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй 1100 гаруй х...

Тод мэдээ2026/01/16

Түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд ажлын хэсэ...

Тод мэдээ2026/01/16

“Хоёрдугаар тойрог зам” төслийн трассыг инженерийн шийдэл, байга...

Тод мэдээ2026/01/16

Дональд Трамп: АНУ-ын татвар төлөгчдөд цагаачид санхүүгийн дарамт уч...

Чөлөөт бүс2026/01/16

Цаг агаар эрс хүйтэрч осголт, хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдч...

Тод мэдээ2026/01/16

“Туулын хурдны зам” төслийн газар чөлөөлөлт 15 хувьтай байна

Тод индэр2026/01/16

Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ

Тод мэдээ2026/01/16

Монгол Улс БНХАУ-тай хамтран хил орчмын геологийн судалгааны ажлыг э...

Тод мэдээ2026/01/16

Сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

Тод мэдээ2026/01/16

Улаанбаатар хотын гол гудамж, замуудад 7 зам тээврийн осол гарчээ

Тод мэдээ2026/01/16

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын “Асуудал-шийдэл...

Тод мэдээ2026/01/15

“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд эхэлнэ

Тод мэдээ2026/01/15

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэм...

Тод мэдээ2026/01/15

Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхи...

Тод мэдээ2026/01/15

Непал–Монголын энхийг сахиулагчдын хамтарсан хүндэтгэлийн арга хэм...

Тод мэдээ2026/01/15

Солонгосын 3 иргэн Монголын 9 иргэнтэй бүлэглэн хууль бус мөрийтэй т...

Өнөөдөр2026/01/15

Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил тө...

Тод мэдээ2026/01/15

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өрг...

Тод мэдээ2026/01/15

Алдарт эхийн одонгийн хүсэлтийг хүлээн авч эхэлжээ

Тод мэдээ2026/01/15

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлж...

Тод мэдээ2026/01/15

Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын а...

Тод мэдээ2026/01/14

Нийслэлийн хэмжээнд 2025 онд зам тээврийн ослын улмаас 150 хүний амь...

Санал болгох