Дэлхий нийтээр..
Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Архангай аймгийн Цэцэрлэг хотноо энэ сарын 14-нд зохион байгуулсан.
Бүсийн зөвлөлийн хуралдаанаас гарсан саналын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1.Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр:
-Бүгд Найрамдах Солонгос Улсын Эксим банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Архангай аймгийн дулааны станцын төслийг эхлүүлж, Баянхонгор, Өвөрхангай аймгийн дулааны станцын төслийн зогсонги байдлыг арилгах;
-Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийх;
-Бүсийн аймаг тус бүрд 10МВт-ын нар, 20МВт.цагийн батарей хуримтлуурын станцын төслийг 2026 онд багтаан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх;
-Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум чиглэлийн авто зам, Баянхонгор аймгийн Баянхонгор сум-Архангай аймгийн Булган сум чиглэлийн авто зам, Арвайхээр-Тарагт-Уянга сум чиглэлийн авто замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардагдах санхүүжилт болон Өвөрхангай аймгийн Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замаас Мандал-Овоо хүртэлх авто замын төслийн санхүүжилтийн асуудлыг судалж шийдвэрлэх;
-Орон нутгийн хөгжлийн төв, хөгжлийн төвд таталцах сумдын зураг төсөл бүхий инженерийн дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад оруулж, бусад сумын инженерийн дэд бүтцийн байгууламжийн зураг төслийг шуурхай боловсруулж дуусгах;
-Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах Цэнхэрийн рашаан орчмын амралтын газрын, Баянхонгор аймгийн Баянлиг сум, Баянхонгор сумын Шаргалжуут тосгонд цэвэр, бохир усны нэгдсэн шугам, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;
-Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Хөдөө, аж ахуйн их сургууль болон шаардлагатай бусад их, дээд сургуулийн салбар сургууль байгуулах асуудлыг судалж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэн хөгжүүлэх;
-Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгох, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Бүсийн зөвлөлтэй хамтран боловсруулж хэрэгжүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
2.Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх чиглэлээр:
-“Хангайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө”-г төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангах замаар хамтран боловсруулж хэрэгжүүлэх;
-Аялал жуулчлалын чиглэлээр болон хот хоорондын зам дагуу үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах;
-Баянхонгор аймгийн “Түүх, угсаатны зүй, байгалийн түүхийн музей” болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхоны хөндийн Дэлхийн өвийн хамгаалалтын захиргааны барилгын санхүүжилтийн асуудлыг судалж шийдвэрлэхээр тогтлоо.
Түүнчлэн, бүсийн нутаг дэвсгэрт үүлний шилжилт, хувьслыг өндөр нарийвчлалтай тодорхойлох, цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан илрүүлж мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор цаг уурын радарын станц, холбогдох байгууламжийг Өвөрхангай аймгийн Хархорум хотод байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн Бага Илэнх-Шивээхүрэн чиглэлийн 1073.79 км авто замын зураг төсөлгүй хэсэг болох Гурванбулаг-Элсэн тасархай чиглэлийн 53 км авто зам, Богд сум-Шивээхүрэн боомт чиглэлийн 224.6 км авто замын зураг төслийг боловсруулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Тогтоолын төсөлд дурдсан эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлснээр Хангайн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр төрийн болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, аймаг, орон нутгийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх, монгол орныг гадаад улсад сурталчлах, жуулчдыг татах хөшүүрэг бүхий аялал жуулчлалын дэд бүтэц бий болно гэж үзэж байна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2023/07/19
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2021/08/18
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавд зориулсан хүндэтгэлийн самбар бай...
-
Хэн юу хэлэв...2019/08/17
Э.Ариунзаяагийн сэтгүүлчийн ур чадвар сургалтанд нөлөөлдөг
-
Дэлхий нийтээр..2021/04/27
Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын ээлжит бус цахим уулзалтад оро...
