Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Ө.Болдсайхан: Буудай импортлох нь өнөөгийн нөхцөл байдалтай уялдсан шийдвэр гэж харж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Монголын тариаланчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор Ө.Болдсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт хэсэг тариаланч ОХУ-аас 160 000 тонн улаан буудай импортлох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шийдвэрийг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулсан. Мөн энэхүү буудайн импортод татвар төлөгчдийн 128 тэрбум төгрөг зарцуулах нь хэмээн шүүмжилсэн. Энэ тухайд та бүгд ямар байр суурьтай байна. Ер нь танай холбоо хэдэн гишүүнтэй, ямар үйл ажиллгаа эрхэлдэг вэ?

-Манай улс жилдээ 230 000 тонн гурил хэрэглэдэг бөгөөд үүнийг 300 000 орчим тонн улаан буудайгаар хийдэг. 2019 онд улсын хэмжээнд 247 000 тонн улаан буудайг гурилын үйлдвэрүүд худалдан авч гурил хийсэн нь нийт хэрэгцээнээс 20 орчим хувиар хүнсний буудай дутсан дүн. Үнэндээ бол тариаланчид маань хичээн зүтгэж, нийтдээ 400 000 гаруй тонн улаан буудай хураан авсан. Гэхдээ 2019 оны найм, есдүгээр сард буюу будааны болц гүйцэх, хураалтын үед хоёр сар орчим үргэлжилсэн бороо орж, цаг агаарын гэнэтийн үзэгдлүүдээс шалтгаалан ургацын зарим хэсгийн чанар бууран малын тэжээл, спирт үйлдвэрлэл, тахиа шувууны аж ахуйд зарцуулагдсан. Хэдийгээр хүнснээс бусад зориулалтуудаар хэрэглэгдсэн боловч тариаланч бидний л ургуулсан будаа учраас бүртгэлийн хувьд улаан буудайн ангилалдаа тооцогдоно. Түүнээс биш огт ургаагүй, хураагаагүй буудайг тариаланчид мэдээлсэн зүйл байхгүй. Харин усалгаагүй, нээлттэй тариалангийн хувьд цаг агаарын үзэгдлийн нөлөөг аль ч улс зохицуулж чадахгүй байгааг буудайн тариалангийн нөлөөтэй орнууд болох ОХУ, Австрали, Казакстан, Туркэд 2019 онд зарим ургацаа алдсанаас харж болно.

Монголын тариаланчдын үндэсний холбоог газар тариалан эрхлэгчдийн голлох холбоод хамтран байгуулаад хоёр жил болж буй бөгөөд энэ хугацаанд тариаланчдын талаар буруу мэдээллүүдээс болж олон нийтэд үүссэн сөрөг  этгэгдлүүдийг зөвөөр ойлгуулах, тариаланчдаа үнийн бодлого, технологийн дэвшлээр дэмжих, тэдэнд бодлогын өмгөөлөл үзүүлэх зэрэг томоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирлээ. Бид тариаланчдын саналыг нэгтгэн, төрийн бодлогод урьдчилан суулгах, аливааг зөвшилцлийн замаар шийдэх зарчмыг барин ажилласнаар энэ салбарт олон дэвшлийг эхлүүлсэн, хамтын удирдлагын зарчимтай холбоо болсон. Бид дээр дурдсан буудай импортын асуудлын шалтгаан, тоо баримтыг нухацтай судлаж үзлээ. Монгол улс нэг сард 21 000 тонн гурил иддэг байсан бол коронавирусээс шалтгаалсан хорио цээрийн улмаас олон зуун мянган хүүхэд, оюутан гэртээ гурван сарын турш байгаа нь үндсэн хүнс болох гурилын хэрэглээг огцом өсгөсөн байна. Бидний нийлүүлсэн 247 000 тонн буудай нь есөн сарын хэрэглээ байсан бол дээрх шалтгаанаар долоон сарын хэрэглээ болон буурсныг гурил үйлдвэрлэгчидтэй хийсэн олон удаагийн судалгаагаар тодорхой боллоо. Хэдхэн хоногийн өмнө 50 улсад илрээд байсан тахал өнөөдөр 100 гаруй улсад тархан өсч байгаа нь хүнсний хомсдлийг бий болгох, дэлхий нийтээр хөл хорио тогтоох магадлалтай. 

Гурилын үйлдвэрүүд дөрөвдүгээр сар гэхэд түүхий эдгүй болох, одоо агуулахдаа гурилын нөөцгүй болсон мэдээлэл бодитой тул улаан буудай импортлох шаардлага тулгарсан байна. Хүнсний аюулгүй байдлын зөвлөл болон ХХААХҮЯ хамтран 60 000 тонн улаанбуудай импортлох квот олгох гэж байгааг манай холбоо судлан үзээд, тариаланчидтайгаа ярилцан, талуудтай ойлголцсон. Нэмж импортлох 100 000 тонн улаанбуудайн 10 000-ыг нь гар ариутгалын бодис, үлдсэнээр нь гурил хийхэд энэхүү өндөржүүлсэн байдлаас шалтгаалсан нэмүү хэрэглээтэй холбоотойгоор нийт импортын будаагаар таван сарын гурилын хэрэгцээг хангах буюу ирэх наймдугаар сарыг дуустал гурилаар хангах боломжтой тооцоог гурилын үйлдвэрүүд болон яамныхан гаргасан байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед гэртээ хорионд байгаа олон зуун мянган хүүхдээ, ахмадаа, иргэдээ өлсгөх вий гэсэн үүднээс тариаланчид маань судалгаанд үндэслэн ойлголцож, энэхүү импортын квотонд хүлээцтэй хандаж байгаа. Хэрэв ОХУ хилээ хаах нөхцөл үүсвэл улаан буудайн импорт тасалдаж, гурилын хангамж ноцтой болох, энэхүү тахлын үргэлжлэх хугацаа бүрхэг байгаа зэрэг олон хүчин зүйлүүдийг тооцон үзэхэд дэлхий нийтээрээ зөвхөн амьд үлдэхийн төлөө тэмцэж байхад хүн ардаа хүнсний хомсдолд оруулахгүй байх шийдвэрийг бүх талууд нухацтай судлан, алдаагүй шийдвэр гаргах хэрэгтэй.

Гэхдээ тариаланчдын нийтлэг болгоомжлол, бухимдал бол энэхүү өндөржүүлсэн байдлын импортын квотыг далимдуулан гурилын үйлдвэрүүд ихээр нөөц бүрдүүлэн татаж, намар дотоодоос хураан авах улаан буудайг зах зээлгүй болгох, үнэгүйдүүлэх байдал үүсгэхгүй байх асуудлууд тул үүн дээр онцгой анхаарахыг манай холбооноос салбарын яам болон Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд сануулж, гурилын үйлдвэрүүдэд уриалж, хяналт тавин ажиллаж байна. Хэвийн жил ийм хэмжээний квот яригдсан бол бид огт өөр асуудал тавьж, тооцоолол ч өөр байх байсан. Өнөөдөр улс орон өндөржүүлсэн бэлэн байдалд, хүүхдүүд хорионд, хүн ард маань өвчлөхгүй, үхэхгүй байхын төлөө тэмцэж байхад энэ асуудлаар гурилын үйлдвэрүүд ч, тариаланчид ч, төр засаг ч ашиг хонжоо харах, шоу хийх шаардлагагүй. Харин хамтран ажиллаж, зөвшилцөж, үнэн мэдээлэл, зөв тооцоо судалгаатай шийдвэрүүд гарган олон нийтийг хямруулахгүй байх хэрэгтэй. Импортын будааг улсын мөнгөөр оруулж ирэх асуудал байгаа, эсэхийг мөн судлаж мухарлалаа. Яамнаас стратегийн хүнс болох улаан буудайг зөвхөн импортлох эрх буюу квотыг өмнөх жилүүдийнхээ жишгээр өгснөөс биш төрөөс ямар ч мөнгө гарахгүй юм байна. Гурилын үйлдвэрүүд 100 хувь өөрсдийн хөрөнгөөр будаагаа татаж, харин төрөөс импортын татварыг чөлөөлснөөр иргэдээ хямд гурилаар хангах бодлоготой байгаа аж.

-Дотоодын улаан буудайн хэрэглээг бүрэн хангахуйц ургац авсан гэж өнгөрсөн жил эрх бүхий хүмүүс нь мэдээлсэн атал ахин импортолхоор болжээ. Намар нэг тонн улаан буудайг тариаланчдаас худалдан авсан өртгөөс өдгөө 200 000 төгрөгөөр илүү буюу 700 000-800 000-гаар түүхий эд авч, төсвийн хөрөнгө үрэх нь гэсэн яриа бий. Энэ талаар тодруулна уу? 

-Дээр хэлсэнчлэн намар хураасан буудайн 20 хувь нь гурилын үйлдвэрийн чанарын шаардлага хангаагүй буюу болц нь гүйцээгүй юм. Тариалангийн бүсэд наймдугаар сарын 20-25-нд намрын эхний хяруу унадаг тул түүнээс урагш 85 хоног буюу зургадугаар сарын 1-нд тариа соёолсон байхаар тооцон үрээ суулган, хураан авах боломжтой. Хичнээн хичээн ажиллаад ч сүүлийн жилүүдэд хавартаа гантай, харин найм, есдүгээр сард тариа боловсрох цагаар бороо асгаад болц оройтуулаад байна. Мөн тавдугаар сард хөрсний хэм хангалттай дулаан байдаггүйгээс эрт үрлэж болдоггүй гэх мэт олон хүчин зүйлийн улмаас буудайн болц гүйцээгүйгээс стандартанд нийцэх хэмжээ буурсан юм. Энэхүү буудайн дутагдал бол ургацын чанараас хамаарсан 20 хувь, нэмээд өнөөгийн хорио цээрээс шалтгаалсан нэмүү хэрэглээнээс үүссэн 20 гаруй хувийн асуудал байгаа юм. Түүнчлэн улаан буудай импортлоход улсын төсвөөс хөрөнгө гардаггүй бөгөөд үйлдвэрүүд өөрсдийн мөнгөөр ОХУ-аас олгосон квотын дагуу түүхий эд худалдан авдаг. Энэ хүнд үед энэ талаар буруу мэдээлэл цацаж, ард нийтийнхээ ч, тариаланчдынхаа ч сэтгэл санааг хямруулахгүй байсан нь зүйтэй.

-150 000 тонн гэдэг бол манай улсын нэг жилийн ургацын бараг 40 гаруй хувь. Ийм хэмжээнийхийг импортлосноор намар гурилын үйлдвэрүүд тариаланчдын буудайг худалдан авахгүйд хүрэх магадлалтай гэх хүн бий. Таны бодлоор ийм нөхцөл байдал үүсэх үү?

-Энэ асуудал дээр л тариаланч бид хамгийн их санаа зовниж, яам болон засагтай ярилцаж байгаа ч өнөөдөр өндөржүүлсэн бэлэн байдлын хууль, журам үйлчилж байна. Гэхдээ гурилын үйлдвэрүүд өнөөдөр тариаланчдаас улаан буудай худалдан авъя гэж зарласан ч хэн ч нийлүүлэхгүй байна. Мөн тахианы аж ахуйнууд ч тэжээлийн будаагүй болсон байна. Шувууны тэжээл бол гурил хийдэгтэй адил сайн чанарын буудай байх ёстой. Тиймээс шинэ ургац гартал тахианы аж ахуйнуудад 20 000-30 000 тонн будаа хэрэгтэй тул тэд энэхүү импортын будаанаас олгох хүсэлт гаргах тухай яригдаж байна. Дээр нь коронавирусын өвчлөл даамжирвал төрөөс хүнсний нөөц үүсгэх бодлого бариж байгаа юм байна. ОХУ-аас импортолж буй буудайны ханш дотоодын нийлүүлэгчдийнхээс 150-200 мянган төгрөгөөр үнэтэй байгаа нь үнэн. Тиймээс ирэх намраас дотоодын буудайн үнэ ч бас одоо ОХУ-аас авч буй үнээр тогтоогдох боломж бүрдэх магадлалтай. Ер нь гурилын үнийг төрөөс олон жил барьж, иргэдийг хямд гурилаар хангахыг зорисон. Үүний улмаас буудайн үнэ өртгөө нөхөж чадахгүй, салбараараа доройтож байгаагаас тариаланчдын хөрөнгө оруулалт үнэгүйдэж, алдагдл хүлээдэг. Цаашдаа ийм байдлаараа явбал иргэдээ хямд гурилаар хангах төрийн бодлогод тариаланчдын хувийн хөрөнгө идэгдэж дуусах эрсдэлтэй. 

-Та газар тарилангийн салбарт 20 гаруй жил ажиллан, Канад улсад хөрс судлалаар суралцаж, мөн агрономийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Манайх ер нь хөрсөө хэр судалсан бол. Нэг га талбайгаас авах ургацаа хэрхэн өсгөх вэ. Хэрэв арвин, чанартай ургац хураадаг бол үр, тариа импортлох тухай асуудал хөндөгдөхгүй байх, тийм үү?

Нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх, хөрсний судалгааг төгөлдөржүүлэхэд шинжлэх ухааны байгууллагын оролцоо маш чухал байна. Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэн бол дэлхийд нэр хүндтэй, олон судлаачидтай, маш сайн ажиллаж байгаа байгууллага. Энэ хүрээлэнгийн олон бүтээл өнөөдөр тариалангийн салбарт нэвтэрч эхэлж байгаа ч бодлогын дэмжлэг нь яам хооронд цалгардаж байна. Газар тариаланг цаашид илүү хүчтэй болгоход шинжлэх ухаанаар хөтлөх үндсэн гарц байгаа юм. Тариаланд инновацийг шингээж, судалгаанд суурилсан технологийн нэвтрүүлэлт, шийдвэрүүдийг хийснээр бид нэгжийн ургацыг цаг агаарын эрсдлээс хамгаалан, тогтворжуулах хэрэгтэй байна. Одоогоор улсын дунджаар нэг га-гаас 13 центнер улаан буудай хураадаг бөгөөд энэхүү газрыг өнө мөнхөд ашиглах тул зохист хэмжээгээр бордон, тогтмол ургац авахыг чухалчилдаг юм. Нэмж хэлэхэд, манай тариаланчид хөрсөө маш их анхаарч, тордохыг хичээж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, урт хугаанд өгөөжтэй ашиглахыг зорьдог болсон. Далайн түвшнээс 1000 метрээс дээш өндөрлөгт бид газар тариаланг ийнхүү хөгжүүлж, улаан буудай, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ өдий зэрэгтэй хангаж буй нь сайшаалтай. Хэдий хүндрэл ихтэй ч газар тариалангаа дотооддоо эрхлэхээс өөр сонголт Монголд үгүй гэдэг нь онол, практик, нийгэм, эдийн засгийн бүхий л түвшиндээ нотлогдсон. 

-Бид буудай, гурил экспортлогч улс болох боломжтой гэж ярьдаг. Урд хөршийнхөн манай гурилыг органик хэмээн нэлээд сонирхон, худалдан авах саналаа ирүүлдэг юм билээ. Манайд гурил үйлдвэрлэл болон улаан буудайн нийлүүлэлтийн харьцаа ямар байдаг бол?

-Манай холбооныхон 2018 онд бүх аймаг, сумд үйл ажиллагаа явуулдаг гурилын үйлдвэр, цехүүдэд судалгаа хийсэн. Одоогоор Монголд гурилын 10-12 үйлдвэр тогтмол үйл ажиллагаа явуулж буй бол 3-4 жижиг цехийг улирлын чанартай ажиллуулдаг юм байна. Дээрх 12 үйлдвэр 80 хувийн хүчин чадлаараа ажиллахад жилд 500 000 тонн орчим улаан буудай боловсруулах боломжтой. Гэхдээ борлуулалт болон боломжит байдлаа тооцон чадлынхаа 70 орчим хувийг ашигладаг юм билээ. Хэрэв хангалттай түүхий эдтэй байж, 95 хувийн хүчин чадлаараа ажиллавал урд хөрш рүү гурил экспортлох бүрэн боломжтой.

Эх сурвалж: Unuudur.mn
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, Засгийн газрын бодлого, шийдвэрээ танилцууллаа.

Багануур дүүргийн оршин суугчид нийгмийн хамгааллын асуудлыг, тухайлбал, дүүргийн хэмжээнд түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах боломж нээж өгөх, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэх, дүүргийн хүүхдийн зуслангийн засвар шинэчлэл, нүүрсээр галлаж буй сургуулийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг хөндөж байлаа.

Мөн Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгох тухай, дүүрэгт “Ногоон өртөө” байгуулах, энэ чиглэлд хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаар асууж хариулт авлаа. Үүнээс гадна, гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогоо Засгийн газар тууштай хэрэгжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлэв.

Ерөнхий сайд 2026 оны улсын төсвийн тодотгол батлагдвал, 11 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсөө нэмнэ. Хөдөө аж ахуй, хүнс, байгаль, цаг уур, соёл, спортын зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин 50 хувь нэмэгдэнэ. Санхүүжилтийг нь төрийн өмчит компаниудын ногдол ашиг 1.6 их наяд төгрөгөөс зарцуулна. Мөн мах, гурилын үнээ тогтворжуулах хүрээнд стратегийн нөөцөө бүрдүүлнэ. 20,000 тонн мах, 100,000 тонн улаанбуудай, 12,000 мянган тонн  төмс, хүнсний ногоо нөөцөлнө. Энэ хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцүүлж байгааг онцлов.

Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгоно, Нүүрс-пиролизын үйлдвэрийг ашиглалтад оруулна. Дүүргийн хоёр сургуулийг “Ногоон сургууль” болгоно. Орон сууцжуулалтын бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. 16,000 айл ипотекийн  зээлд хамрагдана. Үүнээс төрд байгаа 4,000  орон сууцны урьдчилгаа төлбөр нь 15 хувь байна. Ирэх жил барилгын салбарт 500 сая ам.долларын санхүүжилт босгоно. Багануурт шинэ орон сууц барих сонирхолтой ААН-ийг дэмжинэ.

Том төслүүдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулна. Төсвөөс мөнгө гаргаж шийдэхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр барих үйл ажиллагааг Ерөнхий сайд хяналтдаа авсан. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад  авах гэж байгааг хэллээ. Мөн Ерөнхий сайд шударга зарчимтай, нээлттэй ажиллана гэдгээ илэрхийлэв. Багануур дүүргийн иргэд улсын төсөв хэлэлцэж буй үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.




Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.

Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.

Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.

УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Огноо:

,

АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.

Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.

Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.

Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/09/17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдл...

Үйл явдал2026/09/17

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байн...

Үйл явдал2026/09/17

Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засг...

Үйл явдал2026/09/17

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн н...

Үйл явдал2026/09/17

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөө...

Үйл явдал2026/09/10

ГХЯ: Байгалийн гамшгаас сэрэмжлүүлэн анхааруулж байна

Үйл явдал2026/09/10

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монг...

Үйл явдал2026/09/10

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэт...

Үйл явдал2026/09/10

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Үйл явдал2026/09/10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг ал...

Үйл явдал2026/09/09

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч ...

Үйл явдал2026/09/09

Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөө...

Хэн юу хэлэв...2026/09/09

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

Үйл явдал2026/09/09

Монгол Улс эхний 8 сард 8.4 тэрбум ам.долларын бараа импортолжээ

Үйл явдал2026/09/09

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэг...

Үйл явдал2026/09/09

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Үйл явдал2026/09/07

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Үйл явдал2026/09/07

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар ба...

Үйл явдал2026/09/07

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн ...

Хэн юу хэлэв...2026/09/03

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна...

Үйл явдал2026/09/03

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй б...

Үйл явдал2026/09/03

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүү...

Үйл явдал2026/09/03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Үйл явдал2026/09/03

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/09/03

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал2026/09/03

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/09/02

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Үйл явдал2026/09/02

Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд з...

Үйл явдал2026/09/02

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцо...

Үйл явдал2026/09/02

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Санал болгох