Дэлхий нийтээр..
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 15.6 км авто замын барилгын ажил эхэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нар 2025 оны тавдугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр суманд ажиллаж, тус сумдын авто замын барилгын ажлыг эхлүүллээ.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум буюу Алтай хотын хатуу хучилттай авто замын үргэлжлэл 15.6 км авто замын төсвийг энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэнээр ийнхүү өнөөдөр барилга угсралтын ажил эхэлж байна.
Тус авто зам нь аймгийн төвийн шинэ суурьшлын бүсийн хөгжлийг дэмжих бөгөөд 2026 оны 8 дугаар сард ашиглалтад орох юм. Есөнбулаг сум доторх хатуу хучилттай авто зам нь 6 багийг хамарсан ба ашиглалтад орсноор сумын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг шинэ шатанд гаргах боломж бүрдүүлнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.
Шинэ замаар иргэдийн эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээнд хүрэх боломж сайжирч, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг салбарууд ч сэргэх юм. УИХ-ын дарга уг авто зам нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах бус ирээдүйн хөгжлийн гарц, бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн хөрөнгө оруулалт гэдгийг тодотгов.
Ирэх жилүүдэд Говь-Алтай аймгийн сумдыг аймгийн төвтэй холбох ажлын хүрээнд Алтай-Бургастай чиглэлийн авто замын зураг төслийг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажил амжилттай болсон байна.
Уг зам ашиглалтад орсноор Шарга, Бугат, Цээл, Алтай сумд аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбогдох юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд баруун бүсийг эрчим хүчний төв болгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Говь-Алтай аймагт сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв барих ажил ирэх жилүүдэд эхэлнэ. Ингэснээр Говь-Алтай аймаг авто зам, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн салбар хөгжих боломж нээгдэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/09/15
Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замыг энэ онд багтаан бүрэн ду...
-
Дэлхий нийтээр..2021/01/21
Ерөнхий сайд нэр бүхий сайд нарын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авав
-
Дэлхий нийтээр..2022/04/20
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2024/09/13
Гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна
