Тод мэдээ
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад өнөөдөр айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг даян дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зэрэг чиглэлээр ярилцана.
Айлчлалын үеэр Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгмийн хамгаалал, санхүү, ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл, урлаг зэрэг салбарт гүнзгийрүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд 1963 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Австри Улсын төрийн тэргүүн манай улсад анх удаа айлчилна.
Тод мэдээ
Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг.
Энэхүү шалгалтыг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.2.4.2 дахь зорилтод тусган, “Боловсролын үнэлгээний цахимжуулалтыг үргэлжлүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлэхээр (цахимаар монгол хэлний болон элсэлтийн шалгалт өгсөн шалгуулагчийн хувийг 2026 онд 50 хувьд хүргэх) төлөвлөсөн.
Үүний хүрээнд Монгол хэл бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулиудад ашиглагдаж буй суралцахуйн удирдлагын систем (LMS)-ээр дамжуулан цахимаар зохион байгуулах чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1а/956 дугаар албан бичгээр ирүүлсэн.
Дээрх чиглэлийн дагуу 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Турших шалгалт”-ыг зохион байгуулсан боловч мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамжийн хүчин чадал, серверийн ачаалал зэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтыг цахим хэлбэрээр тогтвортой зохион байгуулах боломжгүй байна. Иймд Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулахыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.
2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр болон 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулна.
Эх сурвалж: БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
Тод мэдээ
Нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шийтгэлийн хуудас нааж эхэлжээ
Нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шийтгэлийн хуудас нааж эхэллээ.
Та тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцон, зөөж тээвэрлэнэ.
Энэ тохиолдолд анхааруулах зорилгоор “Шар хуудас” буюу шийтгэлийн хуудсыг тээврийн хэрэгсэлд наан байршуулах юм.
Иймд жолооч та бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Тод мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Кипр Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар ажилласан хошууч генерал Б.Эрдэнэбатыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын “UNFICYP” энхийг сахиулах ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар томилогдож, дэлхийн 18 орны цэнхэр дуулгатнуудыг хоёр жил удирдсан Б.Эрдэнэбатад төр, ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
20 гаруй мянган монгол цэрэг дэлхийн халуун цэгүүдэд даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо нэр хүндийг олон улсад бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.
Манай улсын энхийг сахиулах ажиллагааны 20 гаруй жилийн түүхэнд анх удаа монгол генерал НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны бас нэг томоохон баталгаа гэдгийг тодотголоо.
Кипр дахь ажиллагаа нь дэлхий дахинд НҮБ-ын явуулж буй 12 энхийг сахиулах ажиллагааны нэг юм.
Хошууч генерал Б.Эрдэнэбат өмнө нь Ирак, Либери, Өмнөд Судан, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах найман удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.
-
Өнөөдөр2025/07/29
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Тод мэдээ2024/04/16
Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаанд олон улсын шинжээчид ...
-
Тод мэдээ2023/05/11
Зайсан тойруугийн зүүн тал буюу нэг чигийн зохион байгуулалт өдрийн цагаар үргэл...
-
Тод мэдээ2022/10/20
Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
