Тод мэдээ
Орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Урин дулааны цаг ирж төв сууринаас орон нутгийг чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж олон улс, орон нутгийн чанартай болон сум, суурин аялал жуулчлалын бүс нутгийг холбосон авто замуудад хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг журам ихээр зөрчигддөг. Иймээс хүн эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирох эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2025” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд эхлүүлж “Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн ажлыг энэ оны зургаа, долоо, наймдугаар сард зохион байгуулахаар болжээ. Үүнд:
Зам, замын байгууламжаас шалтгаалан гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын эвдрэл, гэмтлийг шуурхай засварлуулж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах
Замын хөдөлгөөнд оролцогчдод замын хөдөлгөөний дүрмийг сурталчлан таниулах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг олон нийттэй хамтран зохион байгуулах
Улаанбаатар хотоос гадагш 150 километрийн радиуст олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулах.
Орон нутгийн замын осол хэргийн шалтгаан нөхцөл
- Хурд хэтрүүлэх;
- Хориглосон, аюул бүхий хэсэгт болон аюулгүй байдлыг хангахгүйгээр гүйцэж түрүүлэх, эсрэг урсгалд орох;
- Хамгаалах бүс хэрэглэхгүй хөдөлгөөнд оролцох ялангуяа зорчигчид хэрэглэхгүй асуудал;
- Хэт ядарсан үедээ жолоо барьдаг;
Том оврын ачааны автомашин зорчих болон зам дээр эвдрэл гэмтэл бусад шалтгаанаар зогсдог. Энэ үед аюулгүй байдлаа хангахгүй ослын зогсолтын тэмдэг тавьдаггүй, гэрэлтүүлэх хэрэгсэл байхгүйгээс осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг.
Эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих, туршлагагүй хүнд жолоо шилжүүлэх зэрэг зөрчлийг нийтлэг гаргадаг.
Иймд иргэд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөн эхлэхээсээ өмнө зам орчноо шалгах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, Анхаарал болгоомжтой, зам орчиндоо хурдаа тохируулан, Хамгаалах бүс болон хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөндөө яаралгүй тайван соёлтой оролцож явахыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
Тод мэдээ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдэрсэн Биокомбинат орчмын 66 га талбайг нөхөн сэргээж байна
НИТХ-ын 2016 оны 50 дугаар тогтоол, НЗД-ын 2017 оны захирамжаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Биокомбинат орчмын 66 га талбайг усны хамгаалалтын бүсэд хамруулсан. Улмаар тухайн бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байсан 13 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлан, ухаж, эвдсэн талбайг нөхөн сэргээлгэхээр хугацаатай албан мэдэгдлийг хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр аж ахуйн нэгж байгууллага 5.3 га талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлтийг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна.
Энэ талаар НБОГ-ын Хүрээлэн буй орчны ашиглалт хамгаалалтын хэлтсийн дарга Ж.Батзолбоо “Дээрх бүсэд хамаарах бусад 11 аж ахуйн нэгж байгууллагын 60.7 га талбайд нөхөн сэргээлтийг хийлгүүлэхээр мэдэгдэл, албан бичгийг удаа дараалан хүргүүлсэн. Гэсэн хэдий ч нөхөн сэргээлт хийгээгүй тул байгаль орчны холбогдох хууль тогтоомжийн дагуу хууль хяналтын байгууллагад хандахаар ажиллаж байна” гэв.
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нийт 135 аж ахуйн нэгж байгууллага байдаг. Үүнээс 59 нь энэ онд үйл ажиллагаа явуулахаар ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулсан. Өнөөдрийн байдлаар 42 нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 24 ахуйн нэгж байгууллага нь 25.7 га талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлтийг хийхээр төлөвлөсөн байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмал нь элс, хайрга, дайрга, шавар, хүрмэн, боржин зэрэг зургаан төрөлтэй. Улаанбаатар хотоос элс, хайрга, дайргыг түлхүү ашигладаг. Харин байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ-д үндэслэн нөхөн сэргээлтийг хийдэг байна. Өөрөөр хэлбэл түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдрэлд орсон газрыг үржил шимтэй болгон байгалийг унаган төрхөд нь оруулах цогц ажлыг нөхөн сэргээлт гэж буй. Нөхөн сэргээлтийг техникийн болон биологийн хоёр үе шаттай хийдэг.
Ташрамд, нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газрын тооллого судалгааг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар 2018 онд хийлгэхэд Багануурын уурхайн 1179 га, Налайхын бичил уурхайн 338 га талбай нь тодорхой эзэн холбогдогчгүй гар аргаар нүүрс олборлосны улмаас ухагдаж эвдэгдсэн байна. Харин үлдсэн 329 га талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас эвдэгдсэн гэж тоологдсон аж.
Тод мэдээ
Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Зайсангийн өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
- Зам хаах: 07 дугаар сарын 25-ны 06:00 цаг
- Зам нээх: 08 дугаар сарын 4-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Тод мэдээ
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж буй.
Тодруулбал, дүүргийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна.
Тус цэцэрлэгийн барилгыг зоорьтой хоёр давхар байхаар төлөвлөсөн. Мөн дотор засал болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байгаа бөгөөд есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.
Уг бүтээн байгуулалтын ажлыг “Жаклин” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.