Хэн юу хэлэв...
Мэндчилгээ
Монгол Улсын Төрийн цэргийн байгууллагын генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид аа!
Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд аа!
Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!
Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, Монгол цэргийн түүхийг бахархам үйлсээрээ баяжуулж буй Та бүхэндээ “Монгол цэргийн өдөр” Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Улс үндэстнээ сэргээн мандуулахын төлөө цогтой тэмцэгчид, эх орныхоо тусгаар тогтнолыг амь бие үл хайрлан батлан хамгаалагчид, бүтээн байгуулалтад хөдөлмөр бүтээлээ шингээсэн халуун эх орончдын байгуулсан гавьяа, уламжлуулж үлдээсэн үнэт зүйл нь Зэвсэгт хүчний үе үеийн дайчдын бахархал, үлгэр дуурайл болсоор ирсэн юм.
Өнгөрсөн онд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын бие даасан ажиллагааг хангах, Агаарын цэргийн зэвсэглэл, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, Зэвсэгт хүчний гадаад хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ихээхэн дэвшил гарч, улс орны томоохон бүтээн байгуулагч хүчин болохоо илтгэн харуулсаар байна.
Халхын голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ойн арга хэмжээ, олон улсын “Цэргийн наадам”-ын шинэ төрөл болох “Аравт” морин цэргийн уралдаан, “Торгоны зам” олон улсын авто раллиг тус тус эх орондоо анх удаагаа амжилттай зохион байгуулж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох 17,5 км хатуу хучилттай хүнд даацын тусгай зориулалтын авто зам, Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжүүлсэн “Шинэ сум” төсөл, нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад тус тус амжилттай оролцсон Монгол цэргийн мэргэжлийн ур чадварыг эх орондоо төдийгүй олон улсад таниуллаа.
Төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн эх орноо батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гамшиг, ослоос ард, иргэдээ авран хамгаалах их үйлсэд цаг, наргүй зүтгэж, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ даян дэлхийн энх тайвныг бэхжүүлэх үйлсэд олон үндэстний дайчидтай мөр зэрэгцэн оролцож, улс орны гадаад бодлогыг хэрэгжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Зэвсэгт хүчний өнөөгийн болон цаашдын хөгжлийн дүр төрх, бидний хамтдаа бүтээсэн ололт амжилт бүхэн Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа нь болж, улс орны их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг урагшлуулан даян дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх үйлсээр тодорхойлогдож байна.
Өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт бүхэн жагсаалын байлдагчаас эхлээд ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй нийт алба хаагчид Та бүхний хүч хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Суу билигт эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө бие сэтгэлээ зориулж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж байгаа Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын дайчин цогтой мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ ЦЭРГИЙН СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ
Хэн юу хэлэв...
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт /2026.11.11/ Өмнөговь аймагт болов. Уулзалтаар Ерөнхий сайд Засгийн газрын бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийн хүрээнд аймгийн иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, асуултад хариулав.
2026 оны улсын төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэсэн. Хэмнэлтээрээ боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг 50 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутагт ажиллаж буй төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг нэмсэн. Мөн ажлаа аваад шийдсэн анхны чухал ажил бол 2019 оноос хөндсөн тэтгэврийн шинэчлэл байсан. Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, эхний 100 хоногтоо батлуулсан. Монгол Улсад анх удаа гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь бүрдсэн. Энэ сарын 1-нээс 413 мянган ахмад настан суурь тэтгэвэр авч эхэлсэн. Стратегийн хүнсний нөөцөө бүрдүүлж, үнэ тогтворжуулна. Дулаан, цахилгааны үнэ нэмэгдүүлэхгүй. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх бодлого, засвар шинэчлэлд 186.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Халамжийг зорилтот бүлэгтээ хүргэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр мөн энэ сарын 1-нээс 26 хувиар нэмэгдсэн.

Анх удаа өөрийн бодлого шингэсэн төсвөө УИХ-д өргөн мэдүүлсэн. 2027 оны улсын төсөв бол миний анхны төсөв. Энэ хүрээнд онцлох есөн шийдвэрээ зарласан. Нэгдүгээрт, Оюутолгойн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. Оюутолгой төслөөс Монгол Улс анх удаа 17 жилийн дараа ногдол ашиг авахаар болсон. Хоёрдугаарт, иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаагаа өөрөө мэдэж, хашаа байшин, орон сууц шигээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих, худалдаж авах эрхийг бодитоор нээх хүрээнд хоёрдогч зах зээлд арилжаалах боломж бүрдүүлнэ. 933 төгрөгийн үнэлгээ 3,000 төгрөг болно. Төсөв 90 хувь нь татвараас бүрддэг байсныг 2027 онд 10 хувиар бууруулж, иргэд, аж ахуйн нэгжээ 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлж байна. Иргэдийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогод хоёр хувийн татвар ногддог байсныг цуцаллаа. 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөллөө. Бизнес эрхлэгчдийн өсөх замд саад болж буй НӨАТ-ын 50 саяын босгыг 400 сая болгосон. 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой нийт 180 мянган аж ахуйн нэгжийн татварын ачааллыг нэг хувь болгосон. Ирэх жил 1.8 их наяд төгрөгийг барилгын салбарт босгоно.

Засгийн газар 2027-2030 онд “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилж байна. Ирэх жил дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөг болно. Халамж хавтгайруулахгүй. Цалинтай ээж, Хүүхдийн мөнгийг халамж гэж үзэхгүй. “Ногоон Чөлөөлөлт”-ийн хүрээнд уул уурхайн салбарт цахилгаан машиныг дэмжинэ. Намайг ажлаа авснаас хойш цахилгаан машины хэрэглээ гурав дахин өссөн. Нарны панель тавьж, илүүдэл эрчим хүчээ төвийн шугам руу нийлүүлж буй 227 өрх 252 сая төгрөгийн орлого олсон байна. 2027 онд ТӨК-ийн цэвэр ашгаас 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж, татварын реформын хэрэгжилт, тэтгэврийн нэмэгдэл зэрэгт зориулна. Төрийн өмчит уул уурхайн 26 компанийг татан буулгаж, 69 тэрбум төгрөг хэмнэсэн. Цаашид ТӨК-иудын реформыг үргэлжлүүлнэ. Ирэх жил ТӨК-иудын захирлуудыг чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулна. ТӨК-ийн хувьцааг үе шаттайгаар олон нийтэд санал болгоно. Нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш гээд бүх баялгаа Монголын хөрөнгийн биржээр ил тод арилжаална. Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ.

Төсвөөс санхүүжүүлэх том төсөл байхгүй. Хөгжлийн томоохон төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж, хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг жилд зургаан тэрбум ам.долларт хүргэнэ. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчилье. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг хөдөлгөж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын санхүүжилт саадгүй болж, ажил нь эрчимтэй үргэлжилж байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын гацаа арилж байна. 2030 он гэхэд эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Дээрх төслүүдийн үр дүнд 41 мянган ажлын байр бий болно. Эдгээрт ажиллах боловсон хүчний суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ. Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Дотоодын түлш, шатахууны хэрэглээний 50 хувийг хангана. Үйлдвэрийн түүхий эдийн эрэл хайгуул 15 байршилд явагдаж байна. Авлигатай технологи, ил тод байдлаар тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна зэрэг бодлогоо танилцуулав.

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх АМНАТ-ын хувь хэмжээг 20 хувь болгон нэмэгдүүлсэн. Ирэх оны эхний улиралд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам ашиглалтад орно. “Монголын төмөр зам” компанийг Өмнөговь аймаг руу нүүлгэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компанийг ч үе шаттай нүүлгэнэ. Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газар нь байрлая. Өнгөрсөн жил Өмнөговь аймагт түр нисэх боомт байгуулагдаад нислэг хэвийн явж байна. Үүнийгээ олон улсынх болгоё, Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Говийг усжуулах "Хэрлэн Тооно" төслийн зураг төсвийн санхүүжилтийг Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа шийдэж байсан. Цаашдаа ч говийн усны асуудлыг нэг тэргүүнд тавина гэдгийг иргэдийн асуултад хариулах үеэрээ Ерөнхий сайд хэллээ.






Хэн юу хэлэв...
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Хэн юу хэлэв...
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн эдгээр албан тушаалтанд хариуцлага тооцохыг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Хэнд, ямар хариуцлага тооцсон талаар ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэхийг ЗГХЭГ-ын удирдлагуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
Мөн Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн ажлаас нь чөлөөлөв.
Түр томилгоотой байгаа Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга болон төрийн албан хаагчийн албан тушаалд өнөөдрөөс нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхарч байгааг Хяналт хэрэгжүүлэх газраас хийсэн шалгалтын дүн харуулж байгаад Засгийн газрын гишүүд хяналт тавьж, хариуцлагатай ажиллахыг анхааруулав.
Хариуцлага тооцохдоо хэлмэгдүүлэхгүй, хууль зөрчсөн нэгнийг хамгаалахгүй зарчим баримтлах ёстойг Ерөнхий сайд хэллээ.
-
Дэлхий нийтээр..2025/11/07
Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын ш...
-
Үйл явдал2019/11/01
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг албан тушаалаас нь чөлөөллөө
-
Тод зураг2020/06/23
Ихэр заяаны эзэд
-
Дэлхий нийтээр..2023/03/10
RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэх дэд бүтцийн ажлыг бүрэн хангажээ
