Дэлхий нийтээр..
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
Улаанбаатар хотыг олон төвт хот болгох ажлын хүрээнд Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд НОСК-иас “Баянхошуу орон сууцжуулалт” төслийг хэрэгжүүлж байна. Баянхошуу орон сууцжуулалт төсөл нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон төсөл бөгөөд 60 орчим га талбайд хоёр үе шаттайгаар хэрэгжих юм.
Төслийн хүрээнд хоёр байршилд нийт 5000 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн бөгөөд Баянхошууны 41.3 га талбайд нийт 2816 айлын орон сууц, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц барина.

Баянхошуу дэд төвийн I шатанд нийт 462 айлын орон сууц баригдаж байна. Одоогоор B15 талбарт баригдаж буй 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил 98 хувьтай, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй. B13-1 талбарт 150, B13-2 талбарт 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай, нийт ажлын гүйцэтгэл 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй байна.
Харин хамгийн сүүлд эхэлсэн B13-3 талбарт 126 айлын орон сууцны гүйцэтгэгчийн ажлын сонгон шалгаруулалт хийгдэж байгаа юм. Төслийн хүрээнд орчны тохижилт, ногоон байгууламж болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 90 хувьтай, гадна тохижилтын ажил 19 хувьтай үргэлжилж байна.
Дэлхий нийтээр..
Франц, Испанид ой хээрийн түймрийн улмаас 250 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Францын баруун өмнөд хэсэг болон Испанийн хэд хэдэн бүс нутагт ой хээрийн түймэр эрчимтэй тархаж, 250 мянга гаруй хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлээд байна. Түймэр Францын нэрт дарсны бүс болох Бордо хотын орчимд хүрсэнтэй холбоотойгоор онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Францын Жиронд мужид гарсан түймэр 42 мянган га талбайг хамарч, Парис хотын нутаг дэвсгэрээс дөрөв дахин том газрыг шатаажээ. Хэт халалт, хуурайшилт, салхины чиглэл тогтмол өөрчлөгдөж байгаа нь галыг унтраах ажиллагааг хүндрүүлж байгаа бөгөөд Бордо хотын ойролцоох таван суурингийн оршин суугчдыг шинээр нүүлгэн шилжүүлсэн байна. Харин Бордо хотод одоогоор албан ёсны нүүлгэн шилжүүлэх шийдвэр гараагүй байгаа аж.
Түймэртэй тэмцэх ажиллагаанд 2,500 гаруй гал сөнөөгч, 18 нисэх онгоц болон цэргийн алба хаагчдыг дайчилжээ. Галын улмаас олон зуун орон сууц шатаж, 75 гал сөнөөгч бэртсэн байна. Мөн зарим түймэр өөрийн үүсгэсэн хүчтэй агаарын урсгал, аянгатай үүлний нөлөөгөөр шинэ голомт үүсгэж байгаа нь унтраах ажиллагааг улам хүндрүүлж байгааг албаныхан мэдээлжээ.
Испанид ч түймэр үргэлжилж, Мадрид, Валенсиа орчимд гарсан түймрийн улмаас 76 мянга гаруй хүнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн нэг хүн амиа алдсан талаар эрх баригчид мэдээлжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Европ даяар үргэлжилж буй халуун агаарын давлагаа, хуурайшилт нь энэ жилийн ой хээрийн түймрийн эрсдэлийг эрс нэмэгдүүлж байна. Ирэх өдрүүдэд ч өндөр температур үргэлжлэх төлөвтэй байгаа тул Франц, Испанийн эрх баригчид иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Дэлхий нийтээр..
Сиэтл хотод болсон буудалцааны улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархаджээ
АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын Сиэтл цогцолборт болсон буудалцааны улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархадсан талаар хотын Гал түймэртэй тэмцэх газар мэдээллээ.
Шархадсан хүмүүсийн дунд хоёр настай хүүхэд байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Хэрэг орон нутгийн цагаар оройн 18:00 цагийн орчимд болсон байна. Цагдаа, түргэн тусламжийн алба шуурхай ажиллаж, хэргийн газрыг бүслэн хамгаалж, иргэдийг тухайн бүсээс хол байхыг анхааруулжээ. Буудалцааны дараа наадамд оролцож байсан хүмүүс сандран зугтаж, талбайг яаралтай орхисон байна.
Буудалцаан болох үед Сиэтл цогцолборт 1982 оноос хойш жил бүр зохион байгуулдаг "Сиэтлийн амтат зоог" хүнсний фестиваль үргэлжилж байжээ. Уг арга хэмжээ жил бүр 350 мянга орчим зочин хүлээн авдгаараа алдартай.
Одоогоор хэргийн сэдэл болон сэжигтний талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Сиэтлийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд нэмэлт мэдээллийг дараа нь танилцуулахаар болжээ.
Дэлхий нийтээр..
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын тосны үнэ 7 орчим хувиар буурлаа
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Зах зээл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал намжиж, газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл буурна гэж үнэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Америкийн зүүн эргийн цагаар долоодугаар сарын 26-ны өдрийн 18:43 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны биржид есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 83.10 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 6.21 ам.доллар буюу 6.95 хувиар буурсан байна.
Мөн Лондонгийн ICE биржид есдүгээр сард нийлүүлэх Брент төрлийн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 89.58 ам.доллар болж, 7.20 ам.доллар буюу 7.44 хувиар унажээ.
Газрын тосны нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл буурсан гэсэн хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өссөн байна.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 24-нд Ираны эсрэг цэргийн цохилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дараа Reuters агентлаг Ираны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол Иран мөн хариу ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа ч Вашингтоны байр сууринд бүрэн итгэлгүй хэвээр байгааг онцолсон байна.
АНУ энэ сарын эхээр Ираныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад халдсан гэж буруутган цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад газрын тосны үнэ өсөөд байсан билээ.
-
Дэлхий нийтээр..2022/04/18
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2024/04/25
Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна
-
Дэлхий нийтээр..2025/03/18
Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж бай...
-
Үйл явдал2021/01/11
Өнөөдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
