Дэлхий нийтээр..
Т.Даваадалай: Улаанбаатар хотыг нэгдсэн стандарттай, хүртээмжтэй хот болгоход анхаарч ажиллаж байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Улаанбаатар хотын гудамж, замын нөхцөл байдлыг үнэлж, үйлчилгээний газрууд, нийтийн тээврээр үйлчлүүллээ. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэн Улаанбаатар хотод амьдрахад ямар бэрхшээл тулгардаг, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж, гаргалгааг ярилцлаа.

“Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд 2.5 км замыг туулахдаа эхлээд үйлчилгээний байгууллагын нөхцөл байдалтай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа тэргэнцэртэй иргэн дэлгүүр, хоолны газар зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхэд орц, гарцын асуудал хамгийн их саад болдог. Ихэвчлэн налуу зам байдаггүй. Ороход хаалганы хөндлөвч төмөртэй хэсгүүд саад учруулж байлаа.

Үүний дараа Улаанбаатар хотын төвийн гудамжаар явган замын нөхцөл байдалтай танилцлаа. Улаанбаатар хотоос төвийн бүсийн гол, гудамж замын 15 байршилд 59.6 км явган замыг байгалийн чулуугаар жигдэлж, нэг стандарттай болгож байгаа нь бүх иргэнд ээлтэй, хүртээмжтэй байдлыг бий болгох зорилготой. УИХ-ын гишүүн О.Саранчулуун, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хуучин явган замтай хэсгээр явахад эвдрэл, гэмтэл, доголтой хэсгүүд таарч байв. Хуучин явган замын хээтэй болон хөндлөн хийцүүд, эвдрэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн явах саад учруулдаг. Ийм замаар тэргэнцэртэй хүн удаан явахад бөөр өвддөг гэдгийг тэргэнцэртэй иргэд хэлж байв. Хүүхдийн тэрэгтэй явахад ч гэсэн хүндрэлтэй, донсолгоотой байдаг гэнэ. Харин байгалийн чулуугаар шинэчилж байгаа явган замууд нэг жигд учраас бэрхшээл байхгүй гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Монголд хөгжлийн бэрхшээлтэй 10 хүн тутмын 6 нь олдмол бэрхшээлтэй байдаг. Хамгийн энгийн жишээг та бүхэн сая харлаа. Тэргэнцэртэй хүн үйлчилгээний газрууд руу ороход налуу зам байдаггүй. Хотын явган хүний зам нэгдсэн стандартгүй байгаа нь зорчиход хүндрэл үүсгэдэг. Бид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжиж ажиллах үүрэгтэй. Үүний нэг жишээ болгож “Гэрээсээ гарцгаая” аяныг хэрэгжүүлж байна. Биет байдлаар орчны хүртээмжийг хэрхэн сайжруулах вэ гэдэгт шалгуур үзүүлэлтүүдийг ийнхүү туршиж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, амьдрах орчныг дээшлүүлэх зорилгоор нутгийн удирдлагын байгууллагуудын оролцоог сайжруулахын тулд 32 шалгуур үзүүлэлт бүхий 13 бүлэг төлөвлөгөөг тусгасан гарын авлагыг мөн боловсруулсан” гэдгийг хэллээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Гэрээсээ гарцгаая” аяныг дэмжиж, 2.5 км газарт явган зам, үйлчилгээний байгууллагууд, нийтийн тээврээр зорчлоо. Хот гэдэг бол ганцхан хүнд зориулагдаагүй. Хот бүх хүнд тэгш, хүртээмжтэй орчин нөхцөлтэй байх ёстой. Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг сайжруулахад дутагдалтай зүйлс нэлээд ажиглагдлаа. Үйлчилгээний газрууд налуу замаа шийдэж өгөх хэрэгтэй. Нийтийн тээврийн жолооч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харьцах, тэдэнд хэрхэн туслахад суралцмаар байна. Явган хүний замыг нэгдсэн стандартаар шинэчлэх нь чухал байна. Улаанбаатар хотын зүгээс нэгдсэн стандарттай, хүртээмжтэй хотыг бий болгоход уялдаа холбоотой ажиллана” гэдгийг тодотгов.

“Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд дараагийн зогсоол нийтийн тээврээр үйлчлүүлэх байв. Тэргэнцэртэй иргэн нийтийн тээврээр үйлчлүүлэхэд орц, гарцын асуудал мөн хүндрэлтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан буух товчлуурыг ашиглаж сурах, бууж, суух налуу замыг ашиглаж сурах хэрэгтэй. Үүний тулд нийтийн тээврийн жолооч нарыг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах талаар аянд оролцогсод хэлэлцэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн гаднаас аяны маршрут өндөрлөж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл санал бодлоо хуваалцаж, нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар санал хүсэлтүүдийг бодит ажил хэрэг болгоход гар бие оролцохоо илэрхийллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2024/11/26
Бүгд Найрамдах Улс тунхаглаж, анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зор...
-
Чөлөөт бүс2019/08/22
“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ Улаанбаатар хотн...
-
Чөлөөт бүс2023/04/14
Гар утсаа бусдад дамжуулахгүй байж эрсдэлээс сэргийлээрэй
-
Үйл явдал2025/03/24
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
