Дэлхий нийтээр..
Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
Улсын Их Хурлын Ажлын хэсгээс “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөлд оролцогч талуудын хамтын ажиллагааг зураглах” туршлага судлах уулзалтыг 2025 оны наймдугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. “Хүн төвт” эрх зүйн орчинг бүрдүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд УИХ-ын даргаас захирамжлан хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төслийн дэмжлэгтэйгээр төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын төлөөлөл, хүний эрхийн идэвхтэн, судлаачдыг оролцуулсан хоёр өдрийн арга хэмжээг чиглүүлэн явуулсан юм.
Уулзалтаар Монгол Улс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульдаа дунд хугацааны хөгжлийн баримт бичгийг 10 жилээр төлөвлөн урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилго, зорилт, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа бүхий, тоон болон чанарын шалгуур үзүүлэлтээр хэмжигдэх зорилтот хөтөлбөртэй байна гэж заасныг үндэслэн хүний хөгжлийн хөтөлбөр Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төслийг боловсруулах хэрэгцээ бий хэмээн талууд санал нэгтэй байгааг онцолж байв. Учир нь үндэсний хөтөлбөрийг 2003 онд хугацаа заахгүй баталж, өдгөө 22 дахь жилдээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа боловч орчин цагийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй, хэт ерөнхий заалтуудтай, тунхагийн шинжтэй, хариуцлага тооцох боломжгүй зэрэг олон сул талтай гэж хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, судлаачид шүүмжиллээ. Судалгаа, дүн шинжилгээний дүгнэлт, дүнгүүд ч ийм гарсан гэдгийг УИХ-ын Ажлын хэсгийн ахлагчид танилцуулсан. Нэгэнтээ хэрэгцээ шаардлагад нийцэхээ больсон үндэсний хөтөлбөрийг шинэчилж, II хөтөлбөрийг боловсруулахын тулд судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн шинжлэх ухаанчаар хандах, ямар эх сурвалжуудыг эх үндэс болгох, 10 жилийн дараах хүний эрхийн нөхцөл байдлыг төсөөлөх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, тусгах санал, санаачлага зэргийг уулзалтын эхний өдөр талууд хэлэлцсэн бол хоёр дахь өдрийн сэдэв нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, оролцооны зураглал, хүний эрхийн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлсэн бусад улсын туршлага зэрэг асуудал байв.
Товчхондоо "Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх хэрэгцээ, шаардлага”, “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг урт хугацааны бодлоготой уялдуулах нь”, “Оролцоонд суурилсан хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хянах механизм”, “Оролцогч талуудын шинжилгээ, оролцооны зураглал гаргах” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг үргэлжилж, талууд санал, байр сууриа илэрхийлсэн.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрт өнөөдөр Монгол хүнд тулгамдаж буй асуудлыг цогц байдлаар, оновчтой харж, тодорхойлох шаардлагатай. Хүний эрх өргөн цар хүрээтэй хэдий ч энэ хөтөлбөрт нэн шаардлагатай, тэргүүлэх чиглэлүүдийг түлхүү тусгаж, Хүний эрхийн Үндэсний Комиссоос эхний хувилбарыг 7 бүлэг, 33 зорилготой, 170 гаруй арга хэмжээтэйгээр боловсруулж, 9 аймаг, таван бүсэд хэлэлцүүлээд 2000 орчим хүний саналыг тусган харьяалах яаманд хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан учраас хүний эрхийн үндэсний байгууллагын зүгээс хүлээлт өндөр байгаа хэмээв.
Түүнчлэн ахмад настны эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, нийгмийн орхигдсон бүлгүүдийн асуудлыг хөтөлбөрт тусгах саналыг хүний эрхийн активист Д.Амарсанаа гаргасан бол “Хил хязгааргүй алхам” ТББ-ын эрхзүйч Ц.Саранмандах, малчдын эрхийн асуудлыг хөндөхдөө нийтлэг ойлголтоор хандах бус бүсчилсэн байдлаар, нарийвчилсан статистик, судалгаа мэдээлэлд үндэслэх хэрэгтэй. Хэт ерөнхий ойлголтоор хандаж ирсэн нь учир дутагдалтай. Үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний онцлог байдал, өв соёлоо харгалздаг байгаасай гэж, Монголын Хуульчдын холбооны Судалгааны төвийн эрхлэгч, судлаач Г.Оюунболд, хүний эрхийн зөрчлийн дийлэнх нь нийтийн албанаас хамааралтайг судалгааны дүн харуулдаг. Тухайлбал, цагдаагийн байгууллага дахь ажлын гүйцэтгэлийг дүгнэдэг арга барилыг өөрчлөх, ДХИС-ийн ахлах багш Э.Өнөболд, үндэсний хөтөлбөр нь манай улсын ирэх 10 жилийн хөгжлийн бодлогыг тусгасан томоохон баримт бичиг болох тул хүний эрхийн үндэсний механизмыг үр дүнтэй ажиллуулах, боловсрол, хандлага өөрчлөх сургалтыг түлхүү тусгах, хүний эрхийн салбарт төсөв санхүүг хангалттай хуваарилах, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, Төр, иргэний нийгэм уялдаатай ажиллаж байж үндэсний хөтөлбөрийг боловсруулж, баталж, хэрэгжүүлэх ёстой, Хүний эрхийн идэвхтэн, зөвлөх Б.Хишигсайхан, өмнөх хөтөлбөрт хэт ерөнхий тусгагдсан хүний эрхийн асуудлыг илүү ухаалгаар тусгаж, хэмжигдэхүйц, цаг хугацаатай, бодитой, буух эзэнтэй тусгаж өгвөл үндэсний хөтөлбөр хэрэгжих боломжтой. Оролцооны амин чухал зүйл болох мэдлэг, мэдээллийг иргэдэд нээлттэй болгох зэрэг саналыг хэлэв. Хууль, дотоод хэргийн яамны төлөөлөл Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг боловсруулахдаа олон нийтийн оролцоонд тулгуурласан, нээлттэй, Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, шинжээч, экспертүүдийг түлхүү оролцуулж, ялангуяа УИХ Ажлын хэсэг байгуулж, бодит асуудлаа хэлэлцсэн нь ач холбогдолтойг олзуурхаж байна гэв.
Ийнхүү оролцогч талууд хоёр өдрийн турш оролцооны арга зам, зураглалыг төлөвлөж, эцэстээ хүний эрхийг хэт ерөнхийлөн томъёолж, ойлгодог байдлыг халах, иргэд, олон нийтийн оролцоо гэдэгт танхимд бөөгнүүлж суулгаад асуулт, хариулж төдийхнөөр аргацаадаг хэвшмэл ойлголтыг жинхэнэ буюу иргэний хяналтыг бий болгох, нийтэд хамааралтай шийдвэр гаргахад нөлөөлөх, өөрсдийн амьдралын чанарыг дээшлүүлэх боломж, нөхцлөөр хангахад хамтарч ажиллахаар боллоо. Уулзалтын үр дүнд оролцооны зураглал гаргав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Үйл явдал2025/08/05
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2022/11/22
Хэрэг бүртгэлтийн 2 хэргийн 33 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Дэлхий нийтээр..2025/11/20
"Туулын хурдны зам" төслийн технологийн замыг барьж байна
-
Тод зураг2020/05/07
БНСУ-д зай барих дэглэмийг сулруулж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүл...
