Дэлхий нийтээр..
Монгол, Польшийн парламентын төлөөлөгчид хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен Бүгд Найрамдах Польш Улсын парламент дахь Польш–Монголын бүлгийн дарга С.Горчыца тэргүүтэй тус улсын парламентын дээд ба доод танхимын гишүүдийг 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломж, туршлага, технологийн солилцооны талаар санал солилцов. Польш улс нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт Европын холбооны томоохон тоглогч төдийгүй газар тариалан, мал аж ахуйн түүхий эд боловсруулах машин механизмын үйлдвэрлэл өндөр түвшинд хөгжсөн болохыг Сеймийн гишүүн С.Горчыца онцлоод, Монголын бэлчээрийн мал аж ахуйд зөөврийн мах нядалгаа, боловсруулах тоног төхөөрөмж нэвтрүүлэх нь тохиромжтой гэв.
Тэрбээр Вармиан–Масуриан муж дахь 6,000 үнээтэй фермийг бүрэн автоматжуулсан учраас 12 хүн ажиллуулдаг тухай дурдсан. Харин Сенатын гишүүн К.Клейна, Монгол Улс малын түүхий эдээ боловсруулж, гуравдагч зах зээлд гаргах чиглэлээр Польшийн хөрөнгө оруулагчидтай хамтрах боломжтойг уулзалтын үеэр онцолж байлаа.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, хоёр орны парламентын байнгын хороод цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Монгол Улс дахь ашиглагдаагүй нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын бүтэц, хэмжээг нэмэгдүүлэх, газар тариалангийн үр ашигтай технологи нэвтрүүлэх, малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулах, мал эмнэлэг, эм бэлдмэлийн салбарт хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм. Мөн уг уулзалтад Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь оролцож, хоёр орны эдийн засгийн харилцаанд гарсан ахиц дэвшлийг дурдаад, худалдааны эргэлтийг хоёр дахин өсгөхөд хөдөө аж ахуйн салбар голлох үүрэгтэйг тэмдэглэлээ.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол–Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, хоёр орны бизнес эрхлэгчид, төрийн байгууллагууд мэдээллээ нээлттэй солилцож, хамтын төслөө тодорхойлон, Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны хүрээнд бодитой, хэрэгжихүйц санаачлагыг төсөл, хөтөлбөр болгон хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
