Дэлхий нийтээр..
Ерөнхий сайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус салбарынхан “Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийн төлөө” уриатай цуглаан Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй юм.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал олон байгаа ч Ерөнхий сайдад тавьж буй шаардлагадаа гурван асуудал хөндсөнөө хэллээ. Тэд салбарын ажилтнуудын үндсэн цалинг гурван сая 500 мянган төгрөгт хүргэн нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьд хүргэх, эмнэлгүүдийн урсгал зардал болон эмч, ажилтнуудын ажлын иж бүрэн хувцасны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг шаардлагадаа дурджээ.

Ерөнхий сайд уулзалтад оролцсон эмч, ажилтнууд, эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, гишүүдийн санал хүсэлтийг сонслоо.
Цалин бага, хүний нөөц дутагдалтай учраас эмч, сувилагч нар ачаалал ихтэй, илүү цагаар ажиллаж байна, эмнэлгүүд эмийн өртэй, эм тариагаа авч чадахгүй байгаагаас иргэд эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй, иргэд, өвчтөнүүд бухимдалтай байна. Гүйцэтгэлийн санхүүжилт алдагдсан. Тэтгэвэрт гарсан эмч, ажилтнууд 36 сарын тэтгэмжээ авч чадахгүй байна. Тэтгэмжийг хоёр хувааж олгохыг эсэргүүцэж байгаагаа ахмад эмч, ажилтнууд илэрхийлжээ. Орон нутагт ажиллаж, амьдрах орчин тааруу учир залуу эмч, мэргэжилтнүүд очихгүй байна. Цалин бага учраас эрүүл мэндийн салбарт ажиллагчид банкны зээлийн шаардлага хангахгүй байна зэрэг асуудлыг хөндлөө.

Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын шаардлагыг хүлээн авч байгаагаа илэрхийллээ. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн төлөө цуглаан зохион байгуулж, ажил хэрэгч санал тавьж буй тэдэнд талархаж байна гэв. Эрүүл мэндийн салбарын зөв шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийлээд хамтарсан Ажлын хэсэг байгуулж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг хамтарч ажиллаж, хяналт тавихыг хүслээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, санхүүжилтийг нэн яаралтай шинэчилж, бие даасан, шударга систем бий болгох нь зүйтэй. Цалин нэмэх асуудлаар Сангийн яамны төлөөлөл Ажлын хэсэгт орж ажиллаж, бодит боломжоо ярилцан, гарц шийдэл хайхыг үүрэг болголоо.

Засгийн газраас эрүүл, мэнд боловсролын салбарт хийж буй бодлого, үйл ажиллагааны талаар Ерөнхий сайд товч танилцуулаад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 2027 оныг эрүүл мэндийн салбарыг дэмжих жилээр зарлахаар төлөвлөж буйг хэллээ. Засгийн газар төрийн болон нийгмийн үйлчилгээний салбарын ажилтны цалинг тууштай нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Иргэдийн татварын дарамтыг бууруулж, орлогыг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн гэдгийг онцоллоо. “Орон сууцны санхүүжилтийн банк” байгуулж, хүү багатай, урт хугацаатай, иргэнд хүртээмжтэй зээлийн шинэ тогтолцоо бүрдүүлж, эхний ээлжид багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг хамруулахаар ажиллаж байгааг хэллээ.





Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2020/09/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
-
Үйл явдал2025/10/13
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна
-
Дэлхий нийтээр..2022/04/08
Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
-
Дэлхий нийтээр..2023/08/02
“Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг &ldqu...
