Дэлхий нийтээр..
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа болон Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас гарсан “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж, 08 дугаар дүгнэлтийг гаргалаа. Тус дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга болон тогтоох хэсгийг бүхэлд нь уншиж сонсгов.
Энэхүү хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.
Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.
Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэв.
Дэлхий нийтээр..
Франц, Испанид ой хээрийн түймрийн улмаас 250 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Францын баруун өмнөд хэсэг болон Испанийн хэд хэдэн бүс нутагт ой хээрийн түймэр эрчимтэй тархаж, 250 мянга гаруй хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлээд байна. Түймэр Францын нэрт дарсны бүс болох Бордо хотын орчимд хүрсэнтэй холбоотойгоор онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Францын Жиронд мужид гарсан түймэр 42 мянган га талбайг хамарч, Парис хотын нутаг дэвсгэрээс дөрөв дахин том газрыг шатаажээ. Хэт халалт, хуурайшилт, салхины чиглэл тогтмол өөрчлөгдөж байгаа нь галыг унтраах ажиллагааг хүндрүүлж байгаа бөгөөд Бордо хотын ойролцоох таван суурингийн оршин суугчдыг шинээр нүүлгэн шилжүүлсэн байна. Харин Бордо хотод одоогоор албан ёсны нүүлгэн шилжүүлэх шийдвэр гараагүй байгаа аж.
Түймэртэй тэмцэх ажиллагаанд 2,500 гаруй гал сөнөөгч, 18 нисэх онгоц болон цэргийн алба хаагчдыг дайчилжээ. Галын улмаас олон зуун орон сууц шатаж, 75 гал сөнөөгч бэртсэн байна. Мөн зарим түймэр өөрийн үүсгэсэн хүчтэй агаарын урсгал, аянгатай үүлний нөлөөгөөр шинэ голомт үүсгэж байгаа нь унтраах ажиллагааг улам хүндрүүлж байгааг албаныхан мэдээлжээ.
Испанид ч түймэр үргэлжилж, Мадрид, Валенсиа орчимд гарсан түймрийн улмаас 76 мянга гаруй хүнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн нэг хүн амиа алдсан талаар эрх баригчид мэдээлжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Европ даяар үргэлжилж буй халуун агаарын давлагаа, хуурайшилт нь энэ жилийн ой хээрийн түймрийн эрсдэлийг эрс нэмэгдүүлж байна. Ирэх өдрүүдэд ч өндөр температур үргэлжлэх төлөвтэй байгаа тул Франц, Испанийн эрх баригчид иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Дэлхий нийтээр..
Сиэтл хотод болсон буудалцааны улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархаджээ
АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын Сиэтл цогцолборт болсон буудалцааны улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархадсан талаар хотын Гал түймэртэй тэмцэх газар мэдээллээ.
Шархадсан хүмүүсийн дунд хоёр настай хүүхэд байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Хэрэг орон нутгийн цагаар оройн 18:00 цагийн орчимд болсон байна. Цагдаа, түргэн тусламжийн алба шуурхай ажиллаж, хэргийн газрыг бүслэн хамгаалж, иргэдийг тухайн бүсээс хол байхыг анхааруулжээ. Буудалцааны дараа наадамд оролцож байсан хүмүүс сандран зугтаж, талбайг яаралтай орхисон байна.
Буудалцаан болох үед Сиэтл цогцолборт 1982 оноос хойш жил бүр зохион байгуулдаг "Сиэтлийн амтат зоог" хүнсний фестиваль үргэлжилж байжээ. Уг арга хэмжээ жил бүр 350 мянга орчим зочин хүлээн авдгаараа алдартай.
Одоогоор хэргийн сэдэл болон сэжигтний талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Сиэтлийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд нэмэлт мэдээллийг дараа нь танилцуулахаар болжээ.
Дэлхий нийтээр..
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын тосны үнэ 7 орчим хувиар буурлаа
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Зах зээл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал намжиж, газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл буурна гэж үнэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Америкийн зүүн эргийн цагаар долоодугаар сарын 26-ны өдрийн 18:43 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны биржид есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 83.10 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 6.21 ам.доллар буюу 6.95 хувиар буурсан байна.
Мөн Лондонгийн ICE биржид есдүгээр сард нийлүүлэх Брент төрлийн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 89.58 ам.доллар болж, 7.20 ам.доллар буюу 7.44 хувиар унажээ.
Газрын тосны нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл буурсан гэсэн хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өссөн байна.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 24-нд Ираны эсрэг цэргийн цохилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дараа Reuters агентлаг Ираны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол Иран мөн хариу ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа ч Вашингтоны байр сууринд бүрэн итгэлгүй хэвээр байгааг онцолсон байна.
АНУ энэ сарын эхээр Ираныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад халдсан гэж буруутган цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад газрын тосны үнэ өсөөд байсан билээ.
-
Дэлхий нийтээр..2025/08/12
Гэр хорооллыг орон сууцжуулах, авто зам, сургууль, цэцэрлэгийн ажилд нийт 3157 н...
-
Дэлхий нийтээр..2021/09/16
Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын т...
-
Дэлхий нийтээр..2023/05/26
“Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрийн нээлт болно
-
Үйл явдал2020/06/18
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2020.06.1...
