Тод мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос”/Монгол/ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тос олборлож буй “Доншен газрын тос”/Монгол/ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани 2003 оноос хойш 480 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.038 сая тонн түүхий тос олборложээ. 1997 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Монгол Улсын төсөвт 134 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Газрын тос олборлох 170 цооногтой. Энэ онд 56.000 тонн тос олборлохоор төлөвлөжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” /Монгол/ ХХК-ийн удирдлагууд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай ярилцаж, цаашид хайгуул болон олборлолтоо нэмэгдүүлэхийг хүслээ.
“Доншен газрын тос” /Монгол/ ХХК жилд 50.000-60.000 тонн газрын тос олборлож буй бөгөөд 100.000 тоннд хүргэх боломжтой гэж танилцуулав. Гэхдээ нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд хуулийн болон бусад хязгаарлалт бэрхшээл үүсгэж байна гэж компанийн удирдлагууд танилцууллаа.
2012 оноос хойш салбарын болон татварын зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт орсон нь тус компанийн үйл ажиллагаанд нөлөөлж, өнөөдрийн байдлаар 14.5 сая ам.долларын маргаан үүссэн байна.
Дээр дурдсан маргаанд анхаарлаа хандуулахыг тус компанийн зүгээс хүслээ. Ерөнхий сайд Г.Занданшатар шүүхийн шатанд очсон маргаанд Засгийн газар оролцох боломжгүй. Хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэж байр сууриа илэрхийллээ.
“Доншен газрын тос” /Монгол/ ХХК БНХАУ-ын SINOPEC групп компанийн удирдлага дор Монгол Улсын эрчим хүч, газрын тосны салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, хувь нэмэр оруулах болно гэдгээ илэрхийллээ.
Тод мэдээ
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгав.
Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Эрүүл мэндийг дэмжих чиглэлээрх үйл ажиллагаа, арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллах, холбогдох санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Тод мэдээ
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны 11 дүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
Тод мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хүртэлх хувийг, 2018 оны 73 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат болгох чиглэлээр удаа дараа үүрэг даалгавар өгсөн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд тус компанийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэх шаардлага үүсжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэж дүгнэлт гаргуулахаар гүйцэтгэгчийг нээлттэй зарлаж, шалгаруулах Ажлын даалгаврыг боловсруулсан байна.
-
Тод зураг2020/03/18
Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгслийг гаргаж ор...
-
Өнөөдөр2025/02/03
УИХ: Өнөөдөр болох ажлын хэсгийн хуралдаан, хяналтын сонсгол
-
Тод мэдээ2021/03/18
Маргааш төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгаар нойтон цас, цас...
-
Тод мэдээ2025/05/20
"Орчлон" хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барилаа
