Тод мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хүртэлх хувийг, 2018 оны 73 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат болгох чиглэлээр удаа дараа үүрэг даалгавар өгсөн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд тус компанийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэх шаардлага үүсжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэж дүгнэлт гаргуулахаар гүйцэтгэгчийг нээлттэй зарлаж, шалгаруулах Ажлын даалгаврыг боловсруулсан байна.
Тод мэдээ
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгав.
Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Эрүүл мэндийг дэмжих чиглэлээрх үйл ажиллагаа, арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллах, холбогдох санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Тод мэдээ
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны 11 дүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
Тод мэдээ
Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг холбогдох хууль тогтоомж, гэрээнд нийцүүлэн олон нийтэд ил тод болгох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий ордод үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын нийт иргэд хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болохын хувьд үйл ажиллагаа, олборлолт, борлуулалтын талаарх мэдээллийг хууль тогтоомжийн дагуу олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх шаардлагатай. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах бүх гэрээг ил тод болгох үүрэг даалгавар өгсөн. Тус компани 2010-2025 оны хугацаанд нүүрс худалдах, худалдан авах нийт 586 гэрээ байгуулснаас 581 гэрээг ил тод нээлттэйгээр компанийн цахим хуудаст байршуулж байна. Урт хугацаатай, уурхайн ам нөхцөлтэй таван гэрээг байршуулаагүй байна. Эдгээр нь олон улсын гэрээний дагуу нууцлах зохицуулалттай, мөн талуудын байгуулсан гэрээгээр нэг талдаа урьдчилан мэдэгдэх, зөвшөөрөл авах шаардлагатай байх тул худалдан авагч гэрээний талд мэдэгдэн таван гэрээг тус бүрийг ил тод болгох чиглэлээр ажиллаж байна.
