Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.
2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Туул голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 1-3 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.
2025 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11, 14-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 6-11 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
Үйл явдал
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
Тэрбээр, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар ирсэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч, бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүнгийн талаар товч танилцууллаа.
Эдийн засаг 6.8 хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.доллар давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 8.9 тэрбум ам.доллар болсонд гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдын хувь нэмэр их байсныг тэмдэглэв.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид байх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт анхаарч байгааг Ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран хэллээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн хугацаанд 9 төрлийн 7,8 кг болон 1,2 л мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх, 15 гр алт, монетон эдлэлд гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх үйлдлийг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг зөвхөн хуульд захирагдах, шударга, ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад түргэн шуурхай, тэгш үйлчилгээ үзүүлэхэд онцгой анхаарахыг захиж, амжилт хүсэв.
Үйл явдал
Шадар сайд Н.Номтойбаяр Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс 2026.10.09 хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр танилцуулав.
ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахалтай холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос албан ёсны хариу иржээ. Шинжилгээний дүнгээр Ковид-19 болон риновирусын тус тус хоёр тохиолдол илэрсэн. Бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй гэв.

Шадар сайдын өгсөн мэдээллээр баавгай суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага мэдээлэл 557 ирсэн, есөн баавгайг аюулгүй болгожээ. Шадар сайд Н.Номтойбаяр амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ.
Засгийн газрын тогтоол гарч, Амьтны тухай хууль, Хил хамгаалах тухай хууль, Эрүүгийн хуулийг тус тус үндэслэн тусгайлан тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ. Тогтоосон байршлаас өөр газар, өөр зорилгоор ан агнасан тохиолдолд Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж,хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Малын гоц халдвар өвчлөлтэй холбоотой асуудлаар малчид сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагатайг Шадар сайд тэмдэглэлээ. Өвчний халдварын голомтыг таслан зогсоох зорилгоор устгасан малын тоо, малчин өрхийн мэдээллийг нарийвчлан гаргаж, малчдыг хохиролгүй болгох, цаашлаад буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ гэлээ. Мөн аль болох устгал хийхгүй, малыг эрүүлжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.

Үйл явдал
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв.
Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо
Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.


-
Дэлхий нийтээр..2022/05/13
Шөнийн хог тээвэрлэлт хийхийг үүрэг болгов
-
Үйл явдал2026/06/25
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Үйл явдал2021/11/01
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 4998 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
-
Үйл явдал2023/01/09
Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг олон улсын байгууллагуудын төлөөл...
