Дэлхий нийтээр..
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Засгийн газраас 2025 оны турш УИХ-ын Тамгын газар, худалдааны танхимуудтай хамтран улс орон даяар 13 000 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийг хамруулсан 178 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Нийт 176 орчим мянган санал авсны эцэст Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлээд байна.
Татварын багц хуулиудын шинэчлэлээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөг, нийт 2.7 их наяд төгрөгийн татварыг үе шаттайгаар бууруулахаар тооцжээ.
Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах амлалтын хүрээнд иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж, буцаан олгохоор тусгасан байна. Өөрөөр хэлбэл хариуцлагатай, шударга татвар төлөгчдөөр өр төлүүлэх ажиллагааг уян хатан, нээлттэй болгож, хугацаа боломж олгосон байдлаар хэрэгжих тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Татварын хууль даган мөрдөлтийн онооны систем 2 сарын дараа төлөх боломж олгох, тайлангаа 2 жилийн хугацаанд залруулах эрхийг олгох гээд чухал зүйл заалтууд багтсан байгаа юм.
Мөн жижиг дунд бизнесүүдийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 хувийн татварыг хөнгөлж 1 хувийн орлогын татвар төлдөг босго 1.5 тэрбум байгааг 2.5 тэрбум болгон нэмэгдүүлнэ. Аж ахуйн нэгжүүд томрох, өргөжих боломжийг олгох зорилгоор 25 хувийн татвар төлдөг босгыг 6 тэрбумаас 10 тэрбум болгон нэмэгдүүлж, 6-10 тэрбум ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулан 15 хувийн татвартай байхаар тусгасан байгаа юм.
1 хувийн татварын хялбаршуулсан горимыг 400 сая төгрөг хүртэл орлоготой аж ахуй эрхлэгчдэд нээлттэй болгож хамрах хүрээг нэмэгдүүлэхээр болжээ. Бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг НӨАТ-ын хасалт хийх боломжийг хязгаарласан заалтуудыг өөрчилж бизнесийн үйл ажиллагаанд гардаг НӨАТ-ын хасалтуудыг зөвшөөрөхөөр тусгасан нь онцлог. Үйлдвэр эрхлэгчдийн өмнө түгээмэл тулгамддаг асуудал болох түүхий эдийн худалдан авалтын И-баримт, НӨАТ хасалтын асуудлыг бүрэн зөвшөөрнө гэж хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр НӨАТ бизнесүүдэд дарамт болж, өртөг зардал нэмэгдүүлж байгаа асуудлыг бүрэн шийдэж, НӨАТ-ын дамжуулан тайлагнагч агент үүрэг гүйцэтгэдэг болох шинэчлэлийг эхлүүлж байгаа аж. Цаашид бүх нийтээрээ төлбөрийн баримт олгож, далд эдийн засгийг бууруулж, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарах юм байна. Татварын өртэй татвар төлөгчдийн дансыг бүрэн битүүмжлэхгүй байхад анхаарч, ирээдүйн орлогыг татварт бүрэн суутгаж байгааг 80 хувь болгон өөрчилж, бизнесээ үргэлжлүүлэнтатвараа төлөх боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгохоор хуулийн төсөлд тусгаад байна. Татвар, гаалийн байгууллагын захиргааны арга барилыг өөрчилж, зөвлөн тусалж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж сануулдаг, акт торгууль тавих бус эрсдэлийг анхааруулж, татвар төлөгч өөрөө алдаагаа засах боломж олгох тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарчээ.
Нэмж хэлэхэд аливаа бизнес эрхлэгч,хөрөнгө оруулагч хүсэлтээ гаргаснаас хамаарч татвар, гаалийн алба хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн боломж байдаг, нийтлэг үүсдэг эрсдэл, маргааны талаар сургалт, зөвлөгөө өгдөг болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Тод зураг2020/05/06
Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоох үеийн нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөл...
-
Дэлхий нийтээр..2022/11/16
Төрөөс иргэн, ААН-д үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ
-
Үйл явдал2020/04/24
У.Хүрэлсүх: УХТЭ, Мөнхийн тун үйлдвэрүүд Засгийн газар, УОК-оос өгсөн үүргийг са...
-
Дэлхий нийтээр..2020/12/09
Шинжилгээнд хамрагдсан 2785 оюутан өнөөдөр нутаг буцаж байна
