Дэлхий нийтээр..
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2026 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Хоёрдугаар сарын 1-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар, 03-нд Дархадын хотгороор, 04-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 04-нд ихэнх нутгаар, 05-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хоёрдугаар сарын 3-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч өдөртөө суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Хоёрдугаар сарын 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Хоёрдугаар сарын 4-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.
Агаарын температур: Хоёрдугаар сарын 3-ныг хүртэл хүйтний эрч өдөртөө суларч Яармаг-Сонгины орчмоор 25-30 хэм, бусад хэсгээр 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Хоёрдугаар сарын 4-нөөс хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор 32-37 хэм, бусад хэсгээр 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.
Дэлхий нийтээр..
Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Австралийн Квинсленд мужид нэг өндгөн эсээс үүссэн дөрвөн ихэр охин төрсөн ховор тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, 34 настай Женитар Сау На’амоана охидоо Квинсленд мужийн Рояал Брисбэн энд Вүмэнс эмнэлэгт төрүүлсэн байна.
Эмч нарын тайлбарласнаар, жирэмсний эхэн үед нэг үр тогтсон өндгөн эс дөрөв хуваагдсанаар генетикийн хувьд ижил дөрвөн охин бий болсон аж. Ийм тохиолдол маш ховор бөгөөд ойролцоогоор 15 саяд нэг тохиодог гэж эмч нар үзэж байна.
Ерөнхийдөө дөрвөн ихэр жирэмслэх магадлал 700 мянгад нэг байдаг бөгөөд ихэнх тохиолдол нь нөхөн үржихүйн технологийн тусламжтай холбоотой байдаг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Харин энэ удаагийн тохиолдол ийм эмчилгээтэй холбоогүй гэдгээрээ онцлог аж.
Эмнэлгийн мэдээлснээр, На’амоана болон түүний нөхөр Жортам нар дахин хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй байсан тул дөрвөн ихэр тээж буйгаа мэдээд ихэд гайхсан байна. Эх жирэмсний 10 дахь долоо хоногоосоо эхлэн эмч нарын хяналтад орж, 25 дахь долоо хоногоос эмнэлэгт хэвтэн хянуулжээ. Тэрээр долоодугаар сарын 14-нд кесар хагалгаагаар охидоо төрүүлсэн байна.
Охид 28 долоо хоног, дөрвөн хоногтойдоо мэндэлсэн бөгөөд одоо нярайн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Эмч нарын мэдээлснээр, эхийн биеийн байдал сайн, охидод Эмили, Харриет, Кэтрин, Алекса хэмээх нэр өгчээ.
Дэлхий нийтээр..
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
-
Дэлхий нийтээр..2021/01/30
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томиллоо
-
Дэлхий нийтээр..2023/05/17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусарт б...
-
Чөлөөт бүс2022/10/24
Хоорондоо үл зохилдох идээ, ундаа
-
Дэлхий нийтээр..2022/09/29
Монгол Улсын Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллалаа
