Үйл явдал
Банк, санхүү, боловсрол, соёл, харилцаа холбоо, эдийн засгийн салбарын зөвшөөрөл олгох харилцааны талаар хэлэлцлээ
Өнөөдрийн хэлэлцүүлгийг (2026.02.24) банк, санхүү, боловсрол, соёл, харилцаа холбоо, эдийн засгийн салбарын хүрээнд зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин ажлын хэсгийн зорилго, бүтэц, үйл ажиллагааны чиглэлээр мэдээлэл хүргэв.
Тэрбээр, Улсын Их Хурал иргэн, аж ахуйн нэгжид учирдаг хүндрэл дарамтыг багасгаж, бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлэх, төрөөс олгодог зөвшөөрлийн тоог багасгаж, зөвшөөрөл олгох үе шатыг илүү хялбар, хүртээмжтэй болгох замаар бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдээ дэмжих, зөвшөөрөл олгохтой холбогдуулан үүсдэг авлига, хээл хахууль, төрийн албаны хүнд суртлыг багасгах, арилгах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганаар хэлэлцэн баталсан.
Тус хууль хэрэгжиж эхэлснээр хуулиар хориглоогүй буюу хуульд зааснаас бусад үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж чөлөөтэй эрхлэх боломж бүрдсэн бөгөөд хуулиас гадуур журам гарган зөвшөөрлийн тоог нэмдэг байдлыг халж, зөвшөөрлийг цахимаар, олон нийтэд нээлттэй, ил тод олгох, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахдаа шударга өрсөлдөөний зарчмын дагуу явуулах зэрэг томоохон өөрчлөлтийг хуульчилсан хэдий ч хэрэгжилтийн явцад төр өөрт байгаа мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс хуулиар, захиргааны хэм хэмжээний акт, журмаар дахин дахин шаарддаг байдал арилаагүй байна гэв.
Түүнчлэн салбарын хуулийн зарим зохицуулалт нь цахимжилтыг хязгаарладаг, мөн зөвшөөрлийг хэрхэн, яаж олгох, ямар баримт бичиг бүрдүүлэх нь тодорхойгүй байгаагаас зөвшөөрөл олгох явцад эрх бүхий этгээд үндэслэлгүй баримт бичиг шаардах, өөрийн үзэмжээр асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудал үүсэж байгаа талаар дурдлаа.
Үүний дараа банк, банкнаас бусад санхүүгийн зөвшөөрлийн талаар Монгол банкны Зөвшөөрлийн албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Намуун танилцуулав. Зөвшөөрлийн тухай хуулиар Монгол банкнаас 5 тусгай зөвшөөрөл, 25 төрлийн энгийн зөвшөөрөл олгодог. Зөвшөөрөл олгохтой холбоотой нөхцөл шаардлагуудыг Банкны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хуулиар зохицуулдаг. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Монголбанкнаас зөвшөөрөл олгох харилцаанд хэд хэдэн хүндрэл бий. Тухайлбал, Банкны тухай хуулийн 3.1.13-т "банкны нэгж" гэж банкны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хэлнэ" гэж заасан, гэвч Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2.2-т "банк, түүний салбар байгуулах, гадаад улсад банк, банкны салбар байгуулах"-д энгийн зөвшөөрөл олгоно гэж заасан байгаа нь Банкны тухай хуульд заасан банкны нэгжийн зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөлийг үүсгэж байна. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд тусгай болон энгийн зөвшөөрлийг олгоход ирүүлсэн баримт, бичгийг судалж шийдвэр гаргах хугацаа хангалттай биш бөгөөд магадлан шалгах, газар дээр нь очиж баталгаажуулах, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг тус хугацаанд амжуулахад хүндрэл тулгардаг. Зээлийн мэдээллийн тухай хуульд тусгай болон энгийн зөвшөөрлийг сунгахтай холбоотой зохицуулалтгүй тул Зөвшөөрлийн тухай хуулийг баримталдаг. Ийнхүү богино хугацаанд сунгах ажиллагааг гүйцэтгэх нь газар дээр очиж баталгаажуулах, магадлан шалгах ажиллагаанд хүндрэл учруулж, үр дүнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэлээ.
Санхүүгийн зохицуулах хороо санүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 29 хуулийн хэрэгжилтийг хангуулан ажилладаг. Нийт 33 тусгай зөвшөөрөл, 26 энгийн зөвшөөрөл олгодгоос үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын тусгай зөвшөөрөл зонхилдог байна. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Мөнх-Оргил танилцуулав. Тэрбээр, Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулж байсан 30 хэм хэмжээний актыг хүчингүй болгож, энгийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар шийдвэрлэдэг болсон гэв. Мөн түүнчлэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар үйл ажиллагааны шинжтэй хуульд заасан бүртгэлийг зөвшөөрөлд хамааруулах, энгийн зөвшөөрлийн хүрээнд эрхэлдэг байсан зарим зөвшөөрлийг мэдэгдлээр эрхлэх боломжтой болно гэсэн.
Боловсролын яамнаас Бодлого төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бадамжав хуулийн хэрэгжилттэй холбогдуулан мэдээлэл хүргэв. Тус яамнаас 10 тусгай зөвшөөрөл, 5 энгийн зөвшөөрөл олгодог байна. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах, их, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх, олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах зэрэг тусгай зөвшөөрлүүд багтана. Харин хуулийн төсөлтэй холбогдуулан боловсролын салбарт олгох 10 тусгай зөвшөөрлийг 6 тусгай зөвшөөрөл, 5 энгийн зөвшөөрлийг 4 энгийн зөвшөөрөл болгож нэгтгэн Боловсролын ерөнхий хуульд заасан нэршилтэй нийцүүлэх, боловсролын сургалтын байгууллага байгуулахад зөвшөөрөл олгох бус сургалтын үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл олгох агуулгаар өөрчлөх зэрэг зохицуулалт тусгах саналтай байна гэв. Мөн боловсролын ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд зааснаар зөвшөөрөл хүссэн иргэн, хуулийн этгээдээс нийт 26 баримт бичиг шаарддагыг цөөрүүлж 8 болгох боломжтой гэлээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрлийн харилцаатай холбоотой захиргааны хэм хэмжээний актуудад иж бүрэн үнэлгээ хийсэн талаар танилцуулав. Тус хорооны ажлын албаны дарга А.Лувсан-Очир энэ хүрээнд 6 актыг бүхэлд нь, 8 актын зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалтыг хүчингүй болгосон гэв. Ингэснээр зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг журмын түвшнээс хуулийн түвшинд шилжүүлэх бодлогын шийдвэртэй уялдуулсан гэдгийг тодотголоо. Тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар зөвшөөрлийн хүсэлт шийдвэрлэх ажиллагаа хуульд төвлөрч эрх зүйн тодорхойгүй байдал арилах бөгөөд шүүхийн маргааны эрсдэл буурч, зохицуулалтын ил тод, тогтвортой орчин бүрдэнэ гэдгийг онцлов.
Дээрх танилцуулгын дараа Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис танилцуулав. Тэрбээр, хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагын талаар дурдаж, Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан болохыг тодотгов. Мөн зөвшөөрлийн тухай хуулиар зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой захиргааны хэм хэмжээний акт гаргахыг хориглосон байхад Зөвшөөрлийн зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар хууль болон журамд давхардсан байдлаар 33 зөвшөөрөл, эрх бүхий байгууллагаас 89 журмаар зөвшөөрлийг нь шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан. Энэ бүхнийг цэгцэлж, хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тухай бүрд зохих арга хэмжээг авч хэрэгжүүлснээр зохих үр дүн гарч, хүнд суртал бууран, зарим зөвшөөрөл байхгүй болсон талаар танилцуулсан.
Түүнчлэн одоо байгаа 250 байсан тусгай зөвшөөрлийг 205 болгож бууруулах, заримыг нь энгийн зөвшөөрөл болгож байгаа учраас 121 энгийн зөвшөөрөл 134 болж байгаа юм байна. Хуулийн төслийг d.parliament.mn сайтад нийтлээд даруй хоёр сар гаруй болж байгаа учраас сонирхогч талууд бүрэн танилцаж, санал хүсэлтээ илэрхийлсэн хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.
Танилцуулгынхаа төгсгөлд тэрбээр, “мэдэгдэл” хэмээх шинэ хэлбэрийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Одоогийн хүчин төгөлдөр байгаа хуулиар 370 зөвшөөрөл байгааг төслийн хүрээнд “мэдэгдэл” хэмээх шинэ хэлбэрээ оруулаад 360 болгон бууруулахаар тооцсон байна.
Хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилж салбарт тулгамдаж буй асуудал шийдлийн талаар ярилцлаа. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин ажлын хэсгээс хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхтэй холбогдуулан хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулиас гадуур бий болж байгаа зөвшөөрлийн шинжтэй үйл ажиллагааг тодорхойлж, түүнийг хуулиар оновчтой зохицуулах, төрөөс олгож байгаа зөвшөөрлийн ангилал, төрлийг дахин нягтлах, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх зэрэг харилцааг салбар хуулиар нарийвчилан тусгах зэрэг асуудалд анхааран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагаа дурдаад, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, хуулийн хэрэгжилтэд гарч буй алдаа, зөрчил, сайжруулах асуудалд үнэтэй санал, асуудал дэвшүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Үйл явдал
МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИАТ компанийн нислэгийн тийзийг Toki апп-р дамжуулан дижиталаар хялбар захиалах үйлчилгээ албан ёсоор нээгдлээ.
2026 онд МИАТ ТӨХК-иар үйлчлүүлэх зорчигчдын тоо 1.2 сая хүрэх төлөвтэй байгаа бөгөөд цаашид энэ тоо тогтмол өсөх хандлагатай байна. Зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тийзийг илүү хурдан, түргэн шуурхай захиалах дижитал шийдлийн хэрэгцээ өссөөр байгаа юм. Иймд МИАТ компани хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Toki супер аппликейшнтэй хамтран, үйлчилгээгээ иргэдэд улам бүр ойртуулж байна.
Тодруулбал, хэрэглэгчид Toki апп-ын “Олон улс” цэснээс МИАТ компанийн бүх чиглэлийн нислэгийн хуваарь, үнийн мэдээллийг цаг алдалгүй харан, тийзээ захиалахаас гадна зээлийн үйлчилгээ ашиглан худалдан авах боломжтой боллоо.
Цаашид талууд гадаад руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нислэгийн лояалти (loyalty) оноог Toki апп дотроосоо зарцуулах, тийзээ хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах зэрэг олон давуу талуудыг шат дараатайгаар нэвтрүүлэхээр ярилцав.

Арга хэмжээний үеэр Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “Иргэний агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан МИАТ компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хялбар шуурхай хүргэхэд Юнител групп технологийн найдвартай хамтрагчаар ажиллахдаа таатай байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад, Toki апп-н төлбөр төлөлт, зогсоол, хэрэглээний төлбөр, онлайн дэлгүүр, powerbank түрээс, family зэрэг үйлчилгээг өдөр тутамд 1 сая гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд энэ жил гадаадад зорчих иргэдэд зориулж олон улсад такси дуудах, төлбөрөө Toki-р төлөх зэрэг олон улсын цогц үйлчилгээнүүдээ нэвтрүүлсэн байна.
Үйл явдал
“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн. Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та И-Монголиа, и-засаг цахим системээр саналаа өгөөрэй.
Нээлттэй санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал ард иргэддээ хандаж, хэлсэн үгтэй танилцана уу.
Үйл явдал
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой хүртэл 0.9 км автозам барьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажиллалаа.
Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай хатуу хучилттай автозам барьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Зам ашиглалтад орсноор Санзайн авто замаас Майхан толгой хүртэлх хэсгийн авто замын хүртээмж сайжирна. Мөн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдах бөгөөд тоосжилт буурах юм. Замын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд замын зураг төсөл, төлөвлөлтөд онцгой ач холбогдол өгч, ус зайлуулах хоолой, явган болон дугуйн зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, орц, гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж ажлыг гүйцэтгэх ёстойг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.


-
Дэлхий нийтээр..2022/12/08
УИХ: Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг энэ сар...
-
Дэлхий нийтээр..2025/01/21
Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг зөвлөж байна!
-
Дэлхий нийтээр..2023/07/26
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт газар хөдөллөө
-
Дэлхий нийтээр..2021/03/23
Эрүүгийн 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
