Дэлхий нийтээр..
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32 километр урт үргэлжилнэ. Нийт 12.800 урт метр хүчитгэсэн төмөрбетон гүүр, “Exit” 2 түвшний огтлолцол найман байршилд, долоон байршилд 369 урт метр туннел, долоон орц гарцтай байна. Өнөөдөр Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үг хэллээ. Тэрбээр “Туулын хурдны зам нь олон улсад хотыг хөндлөн холбосон express way, давхар замын ангилалд хамаарах 32 км урт, зургаан эгнээ зам болж баригдана. Уг төслийн кемпүүд байгуулах, түр зам барих, түгээмэл тархацтай орд газар, хөрөнгө оруулалт, техникийн нөхцөлүүд, зураг төслийг бэлтгэх, газар чөлөөлөх ажлуудыг жил гаруйн хугацаанд хийж, өнөөдөр Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн төслүүдээс хамгийн том төсөл болох Туулын хурдны зам нь хотын төвдөө 13 орчим км урт гүүрэн байгууламжтай баригдана. Дөрөвдүгээр сарын 15-нд газар чөлөөлөлт дуусна. Инженерийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Туулын хурдны зам төслөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 30 хувиар бууруулна. 2027 оны долоодугаар сарын 10-ны өдөр зорчих хэсгийг нээх шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Инженер, техникийн ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, техникийн нөхцөлүүдийг чанд мөрдөж ажиллахыг хүсье.
Туулын хурдны замын төсөлд Монгол Улсад үйлдвэрлэсэн төмөр бетон эдлэл, цемент ашиглана. Дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг дуустал хөдөлгөөн зохион байгуулалтад соёлтой оролцохыг хотын иргэдээсээ хүсье. Энэхүү төсөлтэй уялдах нэг, хоёрдугаар тойрог зам төслийн бүтээн байгуулалтыг энэ жил эхлүүлнэ. Дулааны тавдугаар цахилгаан станцын газар чөлөөлөлт дууссан. Талбай чөлөөлөх ажил хийгдэж байна. Дөрөвдүгээр сарын 15-нд барилга угсралтын ажил жигдэрнэ. Улаанбаатар хот нийтийн тээвэрт анх удаа трамвай нэвтрүүлэхээр гүйцэтгэгч шалгаруулах тендерээ нээсэн. Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, авто замын түгжрэлгүй, эрчим хүч, дулаан хангамжийн дутагдалгүй хот болгохын төлөө бүх төсөл хөтөлбөрөө урагшлуулж, чармайн ажиллаж байна. Ийнхүү 2027-2028 онд эхнээсээ бүтээн байгуулалтууд ашиглалтад ороод явна” гэдгийг онцоллоо.

Туулын хурдны замыг барих ерөнхий гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсан бөгөөд тус компани инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн групп компани юм. Африк, Европ, Ази, Ойрх Дорнодын улсуудад 10 гаруй салбар компанитай. Олон улсын инженерийн салбарт төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлын болон төслийн удирдлагын тэргүүлэх чадвартай. Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонгконгт дэд бүтцийн тэр дундаа хурдны зам барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай. Зөвхөн дэд бүтцийн салбарт гэхэд олон улсын хэмжээнд 1000 гаруй км төмөр зам, 1500 гаруй км авто замыг амжилттай барьж, ашиглалтад оруулжээ.

“ХаоЮань групп” ХХК-ийн зүгээс “Туулын хурдны замын бүтээн байгуулалтад аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, чанарыг эрхэмлэж, байгаль орчныг хамгаалах зарчмыг чанд мөрдөж, захиалагч болон иргэдийн хүсэн хүлээсэн чанартай бүтээн байгуулалтыг хүлээлгэн өгөх болно” гэдгээ илэрхийлсэн юм.

Туулын хурдны замыг барьснаар хотын төвийн авто замын ачааллыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, мөн орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Туулын хурдны зам төсөл нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 11, 20 дугаар хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Улаанбаатар хотыг хөндлөн чиглэлд холбосон хот доторх анхны хурдны зам болох юм.







НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2026/09/21
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
-
Тод зураг2019/12/09
Ватиканы хүндэт харуулууд...
-
Үйл явдал2021/11/02
Өнөөдөр Улаанбаатарт 5138 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
-
Дэлхий нийтээр..2020/11/25
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ
