Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Төрийн тэргүүн нарын хэлсэн үгийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хэвлэлийн төлөөлөгчид өө,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт Касым-Жомарт Токаев Таны урилгаар танай сайхан оронд Монгол Улсын Ерөнхийлөгч 20 жилийн дараа төрийн айлчлал хийж буйдаа баяртай байна.
Евроазийн зүрхэнд орших байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо биднийг халуун дотно хүлээн авч байгаа Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд болон Казахстан улсын төр, засаг, найрсаг ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны 2024 онд Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалын үеэр хоёр улсын найрсаг харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэн хөгжүүлэх түүхэн шийдвэр гаргасныг эргэн дурсахад таатай байна.
Хоёр улсын төрийн тэргүүн хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Та бидний хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл болж байна.
Монгол Улсын төрийн тэргүүний айлчлал нүүдлийн соёл иргэншил, түүхэн үнэт зүйлсээрээ гүнзгий хэлхээ холбоотой хоёр орны ард түмний ахан дүүсийн найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлж, харилцааны нэгэн шинэ хуудсыг хамт нээж байгаад баяртай байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн албан ёсны хэлэлцээ амжилттай болсонд сэтгэл өндөр байна.
Өнөөдөр та бид манай өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилт болон бидний ярьж тохирсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэж, ирэх он жилүүдэд хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцлээ.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны манай улсад хийсэн айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөнгөн үйлдвэр, тээвэр логистик, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлсэн 12 баримт бичигт гарын үсэг зурсан билээ.
Тэгвэл энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн төрийн байгууллага болон аж ахуйн нэгж хоорондын 18 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, банк, санхүү, худалдаа, эдийн засаг, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутгийн харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсоныг тэмдэглэхэд таатай байна.
Бид харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирлоо.
Худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монгол Улсаас ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстан Улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд “Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр” чухал үүрэгтэй гэдэгт санал нэгдэж, хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хамтарсан Замын зураглал гаргахаар тогтлоо.
Айлчлалын хүрээнд Астана хотноо зохион байгуулах “Монгол-Казахстаны бизнес форум”-д 200 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна.
Энэ бол бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог улам бүр бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Зам, тээврийн салбарт тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох боломжийг судлах хүрээнд хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар тохирлоо.
Монгол, Казахстаны хооронд агаарын тээврийн харилцааг эрчимжүүлж, хоёр улсыг холбосон нэгэн шинэ гарцыг нээлээ.
“Хүннү Эйр” компани Улаанбаатар – Алматы чиглэлд тогтмол нислэг үйлдэж байгаа бол ирэх 6 дугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо.
Ингэснээр хоёр улсын иргэд харилцан зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хөгжихийн зэрэгцээ бизнесийн таатай орчин бүрдэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Соёлын харилцаа нь хоёр орны ард иргэдийг холбосон чухал гүүр болж ирсэн, цаашид хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоох, соёлын биет бус өвийн хамтарсан судалгаа хийх зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.
“Чингис хаан” үндэсний музей, Казахстаны Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны харьяа Түүх, угсаатны зүйн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.
Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн уламжлалыг өнөөг хүртэл уугуул хэлбэрээр нь хадгалан үлдсэн цөөн орны нэг билээ.
Манай улсад зохион байгуулдаг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болон Казахстан Улсад болдог “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө харилцан оролцуулж ирсэн сайхан уламжлалаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохирлоо.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор “Монголын сайхан орон” тоглолтыг Астана хотноо анх удаа зохион байгуулж, мөнх хөх тэнгэрийн орон, тал нутгийн аялгуугаар казах анд нөхдийнхөө сонорыг мялаан, сэтгэл хөдлөм сайхан дурсамжийг хамтдаа бүтээж байгаад сэтгэл хангалуун байна.
Монгол, Казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал нэгдэж, баримт бичигт гарын үсэг зурлаа.
Орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Хархорум, Налайх болон Казахстаны Алатау, Талдык-орган хот хооронд ах, дүү хотын харилцаа тогтоолоо.
Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар судалж ажиллахаар тогтлоо.
Манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны санаачилгаар НҮБ-ын ивээл дор Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтыг Астана хотноо зохион байгуулж буйг өндөр үнэлж байна.
Усны нөөцийг хамгаалах, зөв зохистой ашиглах чиглэлээр бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой хэмээн үзэж, “Усны олон улсын байгууллага” байгуулах тухай Ерөнхийлөгч Таны дэвшүүлсэн санал, санаачилгыг Монгол Улс дэмжиж байна.
Энэ оны 8 дугаар сард Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Казахстан Улс өндөр түвшинд оролцохыг урьж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Казахстан Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төслийг уялдуулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд хамтран ажиллахаар боллоо.
Төв Азийн орнуудын “С5+1” форматын хамтын ажиллагааны индрийг ашиглан Монгол Улсын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.
Казахстан Улс нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гишүүн орны хувьд тус байгууллагын үйл ажиллагааг тууштай дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Бүгд хуралдаанаар жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх тухай тогтоолыг баталсан.
Уг тогтоолд Бүгд Найрамдах Казахстан Улс хамтран зохиогчоор нэгдсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, миний дотны нөхөр Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг онцлон тэмдэглэж, өндрөөр үнэлж байна.
Та бидний яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Манай хоёр ард түмний ахан дүүсийн найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Казахстаны “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.
Казахын найрсаг ард түмэнд талархал илэрхийлье. Анхаарал хандуулсанд баярлалаа.

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КАСЫМ ТОКАЕВ:
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч,
Эрхэмсэг хатагтай, ноёд,
Хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө,
Миний урилгыг хүлээн авч манай сайхан оронд төрийн айлчлал хийж байгаа Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Танд талархал илэрхийлье.
Астанад тавтай морилно уу.
Энэ айлчлалд миний бие онцгой анхаарал хандуулж байна. Учир нь Монгол Улс бол бүс нутгийн чухал түнш, найрсаг хөрш орон.
Бидний түүх язгуур нийтлэг. Бид нүүдэлчний соёл ба эсгий гэр соёлын өв залгамжлагчид. Бидний аж байдал, оюун санаа, амьдралын хэв маяг, ёс уламжлал ижил төстэй.
Тиймээс бид үргэлж санаа нэг байж, гаргасан амжилтдаа баярлах учиртай. Сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна.
Жил гаруйхны өмнө би Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Эрхэмсэг ноён У.Хүрэлсүх Таны болон Монголын ард түмний элгэмсэг, халуун дотно сэтгэлийг би үргэлж баяртайгаар санан дурсаж байх болно.
Айлчлалын үеэр “Стратегийн түншлэл” тогтоох тухай баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ нь мянган жилийн түүхтэй нөхөрлөлийн маань чухал бөгөөд түүхэн бичиг баримт юм.
Өдгөө хоёр орны Парламент болон төрийн яамд нягт холбоотой байгаагийн зэрэгцээ Засгийн газар хоорондын комисс, Бизнесийн зөвлөл амжилттай ажиллаж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал эдгээр хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нь гарцаагүй юм.
Бид хоёр талт хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх үр дүнтэй хэлэлцээ хийлээ. Улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг болон бусад салбарт хамтын ажиллагаагаа улам ахиулахаар тохирлоо.
Тухайлбал Баян-Өлгий аймагт Казахстаны Консулын газар нээх шийдвэрт хүрлээ. Үүнийг бид ахан дүүс, түүхэн язгууртай орнуудын “Стратегийн түншлэл”-д түшиглэсэн чухал алхам гэж үзэж байна.
Энэ нь Монголын казах иргэдэд хандсан чин сэтгэл, нөхөрлөлийн бодит тусгал юм. Бид энэ шийдвэрээ дээд зэргээр үнэлж байна. Энэ ялдамд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд гүн талархаж байгаагаа дахин илэрхийлье.
Энэ удаагийн айлчлалаар хэдэн хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.
Худалдааны эргэлт өмнөх жил 130 гаруй сая ам.доллар хүрч, 7.7 хувиар өслөө. Хоёр орны эдийн засгийн бололцоог харгалзаж үзвэл бидэнд илүү их боломж байна.
Ирэх жилүүдэд худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан. Үүний тулд хамгийн түрүүнд бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах шаардлагатай байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд саад учруулж байгаа бүхий л бэрхшээлийг аль болох багасгах хэрэгтэй гэж үзлээ.
Бид болон Монгол Улс “Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг баталсан. Энэ нь хоёр орны харилцааг өргөжүүлэх боломж олгож байна.
Цаашид агаарын тээвэр, замын асуудалд анхаарах шаардлага бий. Автозам барьж, тээврийн дөт зам нээх нь зүйтэй гэсэн хамтын шийдэлд хүрлээ. Үүнийг богино хугацаанд шийдэх боломж хомс ч бид нэг зорилготой байгааг харуулж байна. Иймээс Засгийн газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо.
Автозамын асуудлыг шийдсэнээр худалдааны эргэлт нэмэгдэж, бусад орны зах зээлд нэвтрэх боломж ч нээгдэнэ.
Өнгөрсөн жил би “Алтай дамнасан хэлэлцээр” гэсэн саналаа дэвшүүлсэн. Алтайг тойрсон дөрвөн орон худалдаа, тээвэр логистик, аялал жуулчлалын салбарт нийтлэг байр суурьтай байх нь том түлхэц болж, олон боломж олгоно.
Энэ нь Алтайн аялал жуулчлалыг кластер хэлбэрээр хөгжүүлэх боломж нээгдэнэ гэсэн үг.
Алматы-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй байгаа бол тун удахгүй Астана-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээнэ. Үүнээс гадна Өскемен-Өлгий чиглэлд шинэ нислэг үйлдэх тухай түүхэн чухал шийдэлд хүрлээ. Энэ нь бидний бүс нутгийн цаашдын хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Энэ шийдвэрт хүрэхэд томоохон нөлөө үзүүлсэн Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэн, байгууллагуудад талархал илэрхийлье.
Манай хоёр орон байгалийн баялаг ихтэй. Геологийн эрэл хайгуул, газрын баялгийг ашиглах манай туршлагыг та бүхэн ашиглах бүрэн боломжтой. Манай хоёр орон хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбараа онцгойлон авч үздэг.
Цаашид малын гаралтай бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэхэд анхаарах шаардлагатай гэж үздэг. Малын халдварт өвчний эсрэг вакцин үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулахад бид бэлэн байна.
Дэлхийг сансраас ажиглах систем байгуулах, цахим хөгжил, соёл, хүмүүнлэгийн чиглэлээр хувь нэмрээ оруулахад бэлэн байна.
Өнгөрсөн онд Астанад “Silk way star” олон улсын шоунд Монголын дуучин И.Мишээл тэргүүн байр эзэлсэн нь бидэнд их дотно санагдсан. Манай ард түмэн ч их баярласан.
Иймэрхүү төсөл, хөтөлбөрүүд бидний оюун санаа, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд чухал түлхэц болно.
Манай улс жил бүр Монголын оюутан залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг. Цаашид бид оюутны тоог нэмж, Монгол Улсад шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд бэлэн. Энэ жил Боловсролын үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Казахстаны их сургуулийн салбарыг Монголд нээх санал дэвшүүллээ.
Бид хот байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах болсны дээр хоёр орны хотууд ах дүүгийн харилцаа тогтоолоо. Энэ нь бидний нөхөрсөг хамтын ажиллагааг бэхжүүлэх шинэ зам, гүүр байх болно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал маш үр дүнтэй болж байна. Бүс нутаг болон олон улсын түвшинд бид байр суурь нэгтэй гэдгээ нотоллоо. Бид Монгол Улстай харилцах харилцаандаа чухал ач холбогдол өгч байна.
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Монголын ард иргэдэд амжилт хүсэн ерөөж, сайн сайхан бүхнийг ерөөе.
Бидний найрамдал нөхөрлөл бат бөх байх болтугай. Баярлалаа.
Хэн юу хэлэв...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.
Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас мэргэжлийн баг илгээсэн. Багийн дүгнэлтэд үндэслэн Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтэд хувь нэмэр оруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд С.Такаичи мэдэгдлээ.
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Засгийн газар түймрийн асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг үе шаттай, үр дүнтэй хэрэгжүүлэхээр болсонд сайшаалтай хандаж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
2027 онд тохиох Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.
Найрсаг харилцаатай улс орнуудын хувьд Монгол, Японы Засгийн газрууд хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Улсын Онцгой комисс, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт тус тус үүрэг даалгавар өгсөн. Ерөнхий сайд өгсөн үүргийнхээ биелэлтийг хянаж, уулзалт /2026.10.26/ хийлээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн нэмэлтээр мэргэжлийн байгууллагын шинжээч нарын баг газар дээр нь ажиллаж байна. Нийт шатсан газар нутгийн 30 хувьд нь машин техник очих боломжтой. Үлдсэн 70 хувьд нь хүрч ажиллах баг маргааш онгоцоор гарна.
Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдээгүй бүс нутагт нэвтэрсэн асуудал хөндөгдөж байна. Хохирлыг хөрс, газрын хэвлий, ургамал, амьтан, агаар зэрэг байгалийн бүрдэл хэсэг бүрээр нь хуулийн хугацаанд тогтооно. Хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шүүхийн шатанд дахин хохирол тогтоох асуудал үүсэхээс сэргийлж Шүүхийн шинжилгээний байгууллагаас мэргэжлийн шинжээчийг одоо ажиллаж буй багт нэмж ажиллуулна зэрэг мэдээллийг өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, нисдэг тэрэгний түлш нийлүүлэх машин өнөөдөр, 13:40 цагт Дорнод аймаг руу хөдөлсөн. Зургаан цэгт ажиллахаар төлөвлөсөн гэлээ.
Ерөнхий сайд “Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь түймэрт өртлөө. Энэ бол зүгээр нэг газар шатсан хэрэг биш. Монгол орны унаган байгаль, ховор амьтан, ургамал, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой байгалийн баялаг сүйдсэн ноцтой асуудал. Ийм хохирол учраад байхад хэн ч хариуцлага хүлээхгүй үлдэх ёсгүй. Хэн зөвшөөрөл олгосон, ямар зорилгоор нэвтэрсэн, галын аюулгүй байдлыг хэн хангах ёстой байсан, түймэр гарсны дараа ямар арга хэмжээ авсан болон Мобиком компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ч хууль, баримтад тулгуурлан шалгах ёстой гэлээ.

Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Гэхдээ хөрөнгө оруулагчид хууль, хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн үг биш. Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөх зарчимтай гэдгийг онцоллоо.
Түймэрт өртсөн газар нутаг, устаж сүйдсэн ургамал, амьтны амьдрах орчин, байгаль орчинд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт,
Хуулийн дагуу албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хариуцлага алдсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд,
Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгад хариуцлага тооцохыг Сангийн сайд З.Мэндсайханд:
Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгсөд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэнд тус тус үүрэг болголоо.


Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.
Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.
Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
-
Үйл явдал2019/11/21
ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг...
-
Дэлхий нийтээр..2025/02/26
Зарим сумын сургуульд техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ
-
Дэлхий нийтээр..2025/10/11
Д.Батмөнх: Монгол Улс COP17 хурлаас 1-1.5 тэрбум долларын хөрөнгө оруулалт татах...
-
Үйл явдал2026/10/16
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравду...

