Үйл явдал
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ясукуни сүмд өргөл өргөсөн нь шүүмжлэл дагуулж байна
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тус улсын Ерөнхий сайд Такаичи Санаэ дөрөвдүгээр сарын 21-нд Ясукуни сүмийн хаврын тахилгын үеэр “масакаки” хэмээх уламжлалт өргөл өргөжээ.
Тэрбээр энэ удаад сүмд биечлэн очоогүй бөгөөд өргөлөө илгээх хэлбэрээр хүндэтгэл үзүүлсэн байна. Токио хотын Чиёда дүүрэгт байрлах Ясукуни сүмд Японы дайнд амь үрэгдсэн цэргүүдийг дурсахаас гадна Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Ерөнхий сайд асан Тожо Хидеки тэргүүтэй А зэрэглэлийн 14 дайны гэмт хэрэгтнийг тахисан байдаг.
Иймээс Японы зарим улс төрчид уг сүмд мөргөл үйлдэх, өргөл өргөх нь олон улсын түвшинд маргаан дагуулдаг асуудлын нэг хэвээр байна. Ялангуяа Хятад, БНСУ зэрэг улс орнууд үүнийг түүхийг зөвөөр үнэлэхгүй байгаа үйлдэл хэмээн үзэж, удаа дараа эсэргүүцэл илэрхийлсээр ирсэн.
Мөн Японы дотоодод ч энх тайван, эв нэгдлийг эрхэмлэгч иргэд, иргэний нийгмийн байгууллагууд уг үйлдлийг шүүмжлэх хандлага ажиглагддаг байна.
Үйл явдал
Ховд аймагт 318 мал устгалд оруулжээ
Ховд аймгийн Булган, Үенч сумын нутаг болон Баян-өлгий аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлэл өгсөн байна. Өчигдрийн /2026.06.07/ байдлаар өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо 411 хүрчээ. Тодруулбал, дээрх хоёр суманд нийт найман голомтын 39 өрхийн 411 мал байгаа аж. Үүнээс Булган суманд 154, Үенч суманд 257 болсон байна.
Үүнээс 318 малыг устгалд оруулжээ. Тухайлбал , Булган суманд 61, Үенч суманд 257 малыг устгалд оруулаад байгаа аж. Одоогийн байдлаар Үенч суманд нэмж өвчлөл гараагүй байгаа юм байна.

"САТ-1" хэвшлийн гэж оношлогдсон шүлхий өвчин нь одоогоор эмчлэх боломжгүй урьдчилан сэргийлэх вакцин байхгүй байгаа гэнэ.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб"-ын гишүүд сумдад ажиллаж Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн сумдын эрсдэлтэй нутагт хамгаалалтын бүс тогтоогоод байна
Одоогоор Мөст сумын нутаг Бодончийн хавцал, Их Улаан даваа, Мараатын хөтөл, Мөнххайрхан сумын нутаг Хужиртын шураг модны хөтөл, Сайхны хөтөлд хамгаалалтын бүс гаргажээ.
Зэргэлдээх Баян-өлгий аймагт халдварын тархалт өндөр байгаа учраас тус аймгийн сумуудтай болон голомтын бүс нутагтай хил залгаа сумдын малчид иргэд та бүхэн хорио цээрийн дэглэмийг баримтлах, мэргэжлийн байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг уриалж байна
Үйл явдал
Эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг
Хоногийн хугацаанд буюу өчигдөр /2026.06.07/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэргийг илрүүллээ.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Үйл явдал
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар аврах 105 дугаар ангид ажиллалаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн бэлэн байдлыг хангахаар зургаадугаар сарын 10-аас есдүгээр сарын 15-ныг хүртэл завьт эргүүл ажиллуулж, “Усыг бүү бас” нөлөөллийн аян, мөн үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийн үзлэг шалгалтыг зургаадугаар сарын 5-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн.
НИТХ-ын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар өнөөдөр (2026.06.06) ОБЕГ-ын Аврах 105 дугаар ангид ажиллаж, үерийн хамгаалалтын барилга байгууламж, аврах ангийн техник хэрэгсэл болоод боловсон хүчний бэлэн байдалтай танилцлаа.
Нийслэлд 2026 оны 6 дугаар сарын эцсээс 8 дугаар сарыг дуустал олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох учраас үер усны аюул нэмэгдэх төлөвтэйг УЦУОШГ-аас мэдээллээд байна.
Үер усны аюулын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үеэр тусламж үзүүлэх бэлэн байдлыг хангаж, НОБГ-ын гамшгаас хамгаалах 17 алба 60 орчим техник хэрэгсэл, 200 гаруй хүн хүчтэй, өндрөөс аврах ажиллагааны, завьт эргүүлийн, хот дотор аврах ажиллагааны, эмнэлгийн автомашин, мөн тусгай зориулалтын мэргэжлийн 12 анги, 100 гаруй техник болон 500 орчим хүн ажиллаж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2022/09/28
Аравдугаар ангийн сурагчдын сонгон судлах хичээлийн цахим сургалт эхэллээ
-
Дэлхий нийтээр..2024/08/16
СЕХ: Мэдээллийн технологийн багийг томилж, даамлын орон тооны дээд хязгаарыг бат...
-
Дэлхий нийтээр..2025/04/07
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Дэлхий нийтээр..2020/12/21
Хөөмийбитийг онлайнаар сурч болно
