Үйл явдал
Баруун бүс эрчим хүчээр
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт "Сэргээгдэх эрчим хүч" үзэсгэлэн, хэлэлцүүлэг өчигдөр /2026.04.27/ болж, салбарынхан болон төр засгийн удирдлагууд цугларлаа. УИХ-ын дарга С.Бямбацогт тус арга хэмжээнд оролцохдоо баруун аймгууд өнөөдрийг хүртэл Орос, Хятадаас эрчим хүчний хараат байгааг дурдаад, энэ байдлыг халж, өөрсдөө тог цахилгаанаа хангадаг болох нь улс орны тусгаар тогтнолын амин чухал асуудал гэдгийг онцлов.
Хамгийн сонирхолтой нь, айл өрхүүд одоо зөвхөн тог хэрэглэдэг биш, харин "үйлдвэрлэгч" болох боломж бүрэн нээгджээ. Шинэ журмаар айл өрхүүд 20 кВт хүртэлх хүчин чадалтай нар, салхины үүсгүүр тавиад, илүү гарсан эрчим хүчээ ямар нэгэн хүнд сурталгүйгээр төв сүлжээндээ буцааж зараад мөнгө олох боломжтой болсон байна. Энэ нь өрхийн төсөвт нэмэр болохоос гадна улсын эрчим хүчний ачааллыг хуваалцах том шийдэл юм.
Мөн бүс нутгийн хэмжээнд томоохон бүтээн байгуулалтууд эрчээ авч байгааг дуулгалаа. Тухайлбал, Ховдын Мянгад суманд нарны том станц, аварга батарей хуримтлуурын систем барих ажил эхэлсэн бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баруун бүсийг найдвартай эрчим хүчээр хангах гол түшиц газар болох нь ээ. Уг арга хэмжээг санаачилсан УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн хэлснээр, энэхүү үзэсгэлэн цувралаар 12 дахь аймагтаа ийнхүү амжилттай болж, 20 орчим аж ахуйн нэгж өөрсдийн технологио танилцуулж байна.
Үйл явдал
Дайны хөлд сүйдсэн их сургуулийг дахин босгох оролдлого үргэлжилж байна
Газын зурвасын хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох Газын Исламын их сургууль дайны улмаас ихээхэн сүйдсэн ч багш, ажилтан, оюутнууд сургалт, судалгааны үйл ажиллагааг сэргээхээр ажиллаж байна. Тэд нурангийг цэвэрлэж, эвдэрсэн барилга байгууламжийг сэргээн засахын зэрэгцээ оюутнуудын суралцах орчныг дахин бүрдүүлэхийг зорьж байгаа аж.
Тус сургууль нь Газын зурвасын хамгийн том, нэр хүндтэй их сургуулиудын нэг бөгөөд дайны үеэр олон барилга, лаборатори, номын сан нь сүйдсэн байна. Гэсэн ч сургуулийн хамт олон боловсролын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхыг зорьж, үлдсэн нөөц боломжоо ашиглан сургалтыг сэргээхээр хүчин чармайлт гаргаж байгаа талаар сурвалжилгад онцолжээ.
Үйл явдал
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Үйл явдал
BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж байна
Улаанбаатар хотод 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Тусгай замын автобус" (BRT) төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээ үргэлжилж байна.
Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл, төслийн үзэл баримтлал, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатны төлөвлөлт зэрэг суурь ажлыг бүрэн дуусгажээ.
Одоогоор инженерийн нарийвчилсан зураг төсөл, барилгын ажлын хяналт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендерийг Азийн хөгжлийн банкны журмын дагуу 2026 оны тавдугаар сарын 14-нд олон улсад зарласан байна.
Тендерт оролцогчдын саналыг зургаадугаар сарын 10 хүртэл хүлээн авч, одоо техникийн болон санхүүгийн үнэлгээ хийж, богино жагсаалт гарган хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэхүү сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ.
Сонгон шалгаруулалт дууссаны дараа төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, иж бүрэн зураг төслийг боловсруулах байгууллагыг тодруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
BRT систем нь автобусанд зориулсан тусгай эгнээг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөснөөр уулзвар дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нийтийн тээврийг зорчуулах шийдэлтэй. Мөн автобуснууд ухаалаг гэрлэн дохионы системээр уулзварыг давуу эрхтэй нэвтрэх боломжтой тул хөдөлгөөний хурд, цагийн нарийвчлал сайжрахыг судалгаанд дурджээ.
Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үеийн автобусны дундаж хурд одоогийн 5-8 км/цаг-аас 20-25 км/цаг хүртэл буюу 4-5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ингэснээр иргэдийн зорчих хугацаа богиносож, нийтийн тээврийн үйлчилгээ илүү тогтвортой, цагийн хуваарийн дагуу ажиллах нөхцөл бүрдэхээр байгааг албаныхан онцоллоо.
-
Үйл явдал2022/11/03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ
-
Дэлхий нийтээр..2023/01/31
Г.Занданшатар: Тэгш, шударга татварын тогтолцоог бэхжүүлснээр баялгийн хулгайтай...
-
Үйл явдал2021/12/09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
Дэлхий нийтээр..2025/07/03
Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугч...
